Усны тухай хуульд ямар өөрчлөлт орох вэ?

Манай улсын усны хэрэглээний 80 орчим хувийг нийт нөөцийн 1.9 хувь болох газрын доорх усаар хангаж буй. Гэхдээ газрын доорх усыг ашиглах, хамгаалах  харилцааг зохицуулсан хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг хангалтгүй аж. Тиймээс газрын доорх ус ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын харилцааг зохицуулах, хяналт, тавих нь өнөөгийн тулгамдаж буй асуудлын нэг. Мөн уул уурхай, аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж буйтай холбогдуулан эдгээр салбарт газрын доорх цэнгэг усны орд ашиглахыг хориглох, орхигдсон цооног битүүмжлэх, усны ашиглалт, хэрэглээний эрэмбэ тогтоож иргэдийн ундны усны хэрэглээний давуу эрх бий болгох, гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдлын түвшинг тогтоох, хянах эрх зүйн орчинг бүрдүүлэх нийгэм, эдийн засгийн зайлшгүй шаардлага байна байгаа гэх асуудал УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хөндөгдсөн.

Иймээс Усны тухай хуульд нэмэлт оруулахаар парламент ярилцаж байна. Хуулийн төсөлд гадаргын болон газрын доорх усны нөөцөөс хамаарч, түүний ашиглалт, хэрэглээний эрэмбэ тогтоох. Ус ашиглах зөвшөөрөл, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан, эсхүл хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө учруулсан тохиолдолд ус ашиглах эрхийг хязгаарлах, цуцлах, цэнгэг усны ордыг аж үйлдвэрлэл болон уул уурхайн зориулалтаар ашиглахыг хориглох. Усны хомсдолын түвшин тогтоох аргачлалыг батлах эрх зүйн үндэслэлийг бүрдүүлэх зэрэг харилцааг зохицуулахаар тусгажээ.

Тухайлбал, газрын доорх усыг бохирдлоос хамгаалах яаралтай арга хэмжээний нэг хэлбэр нь орхигдсон цооногийг битүүмжлэх явдал аж. Гэхдээ энэ нь буруутай этгээд үүргээс чөлөөлөгдөж буй хэлбэр биш бөгөөд буруутай этгээд тогтоогдсон даруйд улсын төсөвт учруулсан хохирол, нөхөн төлбөрийг заавал барагдуулж, холбогдох хариуцлагыг хүлээлгэхээр зохицуулсан байна.

Мөн ус ашиглах эрхийн эрэмбийг тогтоож, үүний тэргүүн ээлжинд хүн амын ундны болон ахуйн хэрэглээний усыг оруулж, эхний эрэмбийн усны хэрэгцээ бүрэн хангагдаагүй тохиолдолд дараагийн эрэмбэд ус хуваарилахгүй байх, газрын доорх цэнгэг усны ордыг уул уурхай болон үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглохоор тусгажээ.

Түүнчлэн усны нөөцийг хамгаалах, хомсдлоос сэргийлэх, хүн амын ундны ус хангамжийг нэмэгдүүлэх, ус ашиглагчийн хариуцлага, хяналтыг сайжруулах бодлогын үүднээс Усны тухай хуульд зарим нэмэлт оруулж, усны хомсдлоос сэргийлэх, оновчтой хариуцлагын механизм бий болгохоор тусгажээ. Тухайлбал, ус ашиглагч нь ус ашиглах боломжит нөөц болон гэрээнд заасан хэмжээг хэтрүүлснээс усны нөөц хомсдсон тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны байцаагч ус хомсдуулсны нөхөн төлбөрийг ногдуулж, төлөлтөд хяналт тавих бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээг экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн гурав дахин нэмэгдүүлж тогтоох зохицуулалтыг тусгасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)