Замын цагдаагийн гүүрэн гарцын төв замыг түрүүлж ашиглалтад оруулна

Хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн амралтын өдөр Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилгын явцтай танилцаж, газар дээр нь очиж ажиллалаа.

Нарны замаас урагшаа газар доорх гүүрний доод байгууламжийн ажил бүрэн дууссан бусад ажлууд хуваарь зураг төслийн дагуу явж байгаа, нийт ажлын гүйцэтгэл 48 хувьтай байгаа, төлөвлөсөн хугацаандаа буюу энэ оны арваннэгдүгээр сарын 01-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд  дурдсан.

Хотын захирагч С.Амарсайхан “Гүүрэн гарцын ажил хугацаандаа ашиглалтад орох ёстой. Чанар, стандарт, аюулгүй байдал, технологийн горим алдуулахгүйгээр ажлын гүйцэтгэлийг шахаад долоодугаар сарын 1-ны дотор төв гүүрэн замыг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээх асуудлыг гүйцэтгэгч компани анхаарч ажилла.

Замын ажил ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтөд ороод зураг төсөл нь батлагдаад ажил эхлэхийг мэдсээр байж өөрсдөө дундуур нь орж барилгаа уралдаж барьчхаад, замын ажил хийлгэхгүй, гүйцэтгэгч компанийн шаардлагыг биелүүлэхгүй, нийслэлийн асуудал хариуцсан албан тушаалтны үгийг  үл тоох байдлаар зургаан сарын турш зарим ажлыг гацаасан компани байна. Нийтийн эрх ашгийг уландаа гишгэж, амин хувийн өчүүхэн эрх ашгаа урьтал болгож байгаа аж ахуйн нэгжтэй эвлэрэх ёсгүй. Өнөөдрөөс эхлээд тоног төхөөрөмжөө хөдөлгөж, ажлаа эхлүүл. Үүнээс гарах ямар нэгэн хохирол, элдэв янзын асуудлыг хувийн компани өөрөө хариуцах ёстой.  Хэн нэгэн хүн, аль нэг компанийн дур зоргоор бүхэл бүтэн нийслэлийн иргэдийн замын хөдөлгөөнтэй холбоотой энэ том төсөл зогсдог, ирээдүйд биелэгдэх ёстой эрх ашиг нь зөрчигддөг, нийтийн эрх ашгийг хохироодог ийм ААН-үүд байж болохгүй” гэв.  

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх бөгөөд нийт төсөвт өртөг 42,38 сая ам.доллар болж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)