2-6 насны хүүхдүүдийн шүдийг 60 мянган төгрөгөөр бүрэн эрүүлжүүлнэ

“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 2023 он хүртэл 2-12 насныхны амны хөндийг эрүүлжүүлнэ. Монгол хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМЯ-наас боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо.

2023 он хүртэл хэрэгжих “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн эхний ээлжинд буюу энэ онд 2-6 насны хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндэд чиглэн ажиллах юм. Ингэхээ урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж үйлчилгээг хувийн хэвшлээс сонгогдсон 161 эмнэлэгт үзүүлэхээр гэрээ байгуулаад байна.

Эдгээр эмнэлгийг сонгохдоо халдвар хамгааллын асуудлыг гол шалгуур үзүүлт болгосон бөгөөд 02-12 насны хүүхдүүд гэрээ байгуулсан эдгээр эмнэлгүүдээс харьяаллын дагуу сонгон үйлчлүүлэх боломжтой боллоо.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “2018 оны наймдугаар сард Монгол Улсын Засгийн газрын 255 дугаар тогтоолоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг баталсан. Хүүхдүүдийн 87-96.2 хувь нь шүд цооролтой байгаа. Хүүхдийн шүдний эрчим найман хувьтай буюу нэг хүүхдийн аманд ямар нэгэн асуудалтай найман шүд байна.  Түүнээс гадна 5-6 насны хүүхдийн 67.5 хувь нь буюу гурван хүүхэд тутмын хоёр нь эрүү, нүүр орчмын тунгалагийн булчирхайн үрэвсэлтэй байгаа. Ийм байгаа тул тус хөтөлбөрийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарсан. Хүмүүс үнэ төлбөргүй эмчилгээ гэж ойлгоод байна. Төлбөрийг улсын төсвөөс бүрэн гаргаж байгаа юм. Хөтөлбөр таван жилийн хугацаанд 50 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжинэ. Улсын хэмжээнд 442 хувийн хэвшлийн эмнэлэг байна. Үүний 350 нь нийслэлд байгаа. Сонгон шалгаруулалтаар ариутгал халдваргүйжүүлэлт нь баталгаатай, туршлага зэрэг зургаан гол үзүүлэлтийг харж 199 эмнэлгийг сонгосон.  Бусад эмнэлгүүд эдгээр шаардлагыг хангаж байвал хөтөлбөрт хамрагдах боломжтой. Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны 725 мянган хүүхдийг нэг жилийн дотор эрүүлжүүлэх боломжгүй. Тиймээс эхний ээлжид 2-6 насны хүүхдийг хамруулж байгаа. Түүнээс гадна шүдний асуудлаар яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай бол 7-12 насны хүүхдийг гэрээ байгуулсан эмнэлгүүд хүлээж авна” гэв.

Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалтыг хамгийн үр ашигтайд авч үзэж, хамгийн багаар тооцоход нийгэмд 10 дахин илүү үр ашиг авчирдаг болохыг судалгаагаар тогтоосон нь бий. Тиймдээ ч “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр ийнхүү орон даяар албан ёсоор эхэлж байна. Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны нийт хүүхдүүдийн шүдийг эмчилж, амны хөндийн эрүүл ахуйгаа сахих дадал хэвшилд сургах юм.

Зарим эцэг эхчүүд энэхшүү хөтөлбөрийн хүрээнд хувийн шүдний эмнэлэгт 60 мянган төгрөгөнд зөвхөн зөвлөгөө л авах тухай шүүмжлэлийг хэлж байгаа. Тэгвэл хувийн хэвшлийн эмнэлгүүд 60 мянган төгрөгт “баригдалгүй” аль болох хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх зорилт тавьж байгаагаа дуулгалаа.

Хөтөлбөрт хамрагдсан “Баянсан” эмнэлгийн үүсгэн байгуулагч Д.Доржсүрэн “Цаг авч буй эцэг эхчүүд 60 мянгаас илүү төлбөр авах уу гэдэг асуултыг маш их тавьж байна. Манай эмнэлгийн хувьд илүү төлбөр авахгүйгээр энэ мөнгөнд багтаагаад амны хөндийд асуудал үүссэн шүдийг эрүүлжүүлэхийг хичээж ажиллаж байгаа. Манай эмнэлэг нэг шүдэнд асуудлаас нь шалтгаалаад 30 мянган төгрөгөөс 65 мянган төгрөгийн үйлчилгээ үзүүлдэг. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаад хөтөлбөрийн хүрээнд 2-6 насны хүүхдийн шүдийг 60 мянган төгрөгт багтаан эмчлэхээр болсон.  Хөтөлбөрт хэрэгжсэнээс хойш өдөрт бараг 20 гаруй хүүхдэд үйлчилж байгаа. Ачаалал их байгаа болохоор манайх 09.00-21.00 цаг хүртэл ажиллаж байгаа. Харьяалал харгалзалгүйгээр, үйлчилгээг чанартайгаар үзүүлэхийг зорьж байна” гэв.

Та хүүхдээ харьяаллын дагуу дараах шүдний эмнэлэгт үзүүлээрэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. CXD bairlaltai bvx emneleg utcaa awdaggvin bnlee yum lawlax gexeer

    0 0 Хариу бичих