“Шатахууны үнийг барьж чадахгүй”

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг юмыг үнэн л хэлж. Шатахууны үнийг барьж чадахгүй ээ гэж.

Шатахууны үнэ литр тутамдаа 80 төгрөгөөр өсчээ. Сарын өмнө 50 орчим төгрөгөөр нэмэгдсэн байтал дахин нэмэгдсэн нь гадаад зах зээл дэх шатахууны үнэ өссөнтэй холбоотой гэдгийг АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч Ц.Эрдэнэбаяр хэллээ. Үнэхээр өнгөрсөн оны сүүлчтэй харьцуулахад шатахууны үнэ 50 орчим хувиар нэмэгджээ.

Тодруулбал,  2018 оны 12 дугаар сарын 25-нд дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш 42,53 ам.доллар байсан бол одоо 74 ам.доллар болж өсчихөөд байгаа юм. Өнгөрсөн сард бид хоёрдугаар сарын хилийн үнээр авч байсан бол өчигдрөөс шинэ үнэ буюу нэмэгдэлтэйг худалдан авч эхэлсэн. Өнгөрсөн саруудад өрнөсөн энэ өсөлт дараа дараагийн сард бензиний үнэ дээр нэмэгдээд ороод ирнэ гэдгийг эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ ярьжээ. Тэрээр, “Өнөөдөр хэрэглэгчдэд хүрч буй шатахууны үнэ бол өнгөрсөн хоёрдугаар сарын дэлхийн зах зээлийн ханш. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг анзаарахад сүүлийн таван жилд их савлагаатай байгаа. Ханш 30, 40 хувиар өссөн үе байна. Өнгөрсөн жил бүр 80 хувь давсан. Шатахууны үнэ маш том улс төр, геополитикийн сэдэв болж хувирсан нь эндээс харагдаж байна” хэмээн ярилцлага өгөхдөө дурьдсан байна.

Үнэхээр ч өнгөрсөн онд АНУ-ын зүгээс Ираны газрын тосны салбарт хориг тогтоосны сөрөг үр дагавар одоо дэлхийн зах зээлд мэдрэгдэж эхэлсэн нь энэ. Ираны экспорт хумигдсанаас гадна Венесуэл, Ливи зэрэг улсын олборлолт экспорт доголдож байгаагийн улмаас газрын тосны үнэ ханш өсч нэг баррель тос хориод хоногийн өмнө 64 доллар байсан бол дахин хэдхэн хоногийн хугацаанд ийнхүү 74 дээр ирлээ. Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаярын хэлснээр, Газрын тос олборлогч орнуудын эвсэл OPEC-ын ээлжит уулзалт ирэх 6-р сарын 25-нд Венад болох тов гараад байгаа аж. Уг уулзалтаар газрын тосны салбарт тогтоосон хоригийн талаар хэлэлцэх бололтой. АНУ Иранд цөмийн хөтөлбөрийг нь дэмжихгүй гэсэн шалтгаанаар хориг тавьснаас өнгөрсөн жилийн ханшийн өндөр өсөлтийг өмнө ч бий болгож манай улсын шатахууны жижиглэнгийн үнэ өнгөрсөн жил 300 төгрөгөөр өсч байсан билээ.

Манай хойд хөршид ч байдал ялгаагүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн  4 дүгээр сарын 12-нд  Засгийн газрын гишүүдийг хүлээн авч ойрын хугацаанд анхаарах асуудлын талаар ярилцахдаа бензин шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх, үнийг тогтвортой байлгах чиглэлээр арга хэмжээ авахыг сануулж байсныг хэвлэлд дурьдсан байна.

Ийнхүү геополитикийн томоохон зургаар харах юм бол манайд газрын тос нийлүүлэгч хойд хөрш хүртэл газрын тосны үнийг барьж чадахгүй тавиад туусан болж таарлаа. Энэ хэвээрээ бол цаашид ч өсөх хандлагатайг эдийн засагчид хэлж 100 ам долларт хүрч магадгүй гэсэн таамаглал дэвшүүлжээ. 

Тэгвэл Засгийн газраас барихаар төлөвлөсөн газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт ямар шатандаа явна вэ. Шинээр байгуулж буй газрын тосны үйлдвэр маань 1.500-2 сая орчим мянган тонн хүчин чадалтай. Манай улсын дотоодын хэрэгцээ 1.500-1.800 мянган тонн учраас хэрэгцээгээ бүрэн хангах боломж бүрдэнэ. Сайншандад баригдаж буй үйлдвэрийн дэд бүтцийн ажлуудыг хийж байна. Одоогоор төмөр зам, авто замыг тавьж дууссан бөгөөд Цахилгааны шугам татаж дуусчээ. Нэгэнт хөнгөлөлтээй зээл аьч байгаа улсаас зөвлөх үйлчилгээг авна хэмээн 2 улсын Ерөнхий сайдууд тохирсон тул Энэтхэг улсын газрын тос боловсруулах үйлдвэрийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанитай гэрээ хэлцэл хийхээр ажиллаж байна. “Үүний дараагаар лиценз,бусад техник үйлчилгээгээ оруулж эхэлнэ. Бүтээн байгуулалтын ажлыг Зэвсэгт хүчний барилгын цэргийн ангийн албан хаагчид болон төрийн өмчид компаниуд ажиллаж байна” гэж Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны хэлстийн дарга Ч.Хишигдалай ярьж байна.

Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ, импорт

Өнөөгийн байдлаар Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж байна.

Улсын хэмжээнд шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 100 гаруй компани ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 18 орноос 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 472.3 мянга гаруй газрын тосны бүтээгдэхүүн импортолж, 101 агуулах, 1302 шатахуун түгээх станцаар дамжуулан монголын хэрэглэгчдийг шатахуунаар хангаж байна.

Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 49 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобинзен 109, Аи-92 автобинзен 49, дизелийн түлш 44, ТС-1 онгоцны түлш 27 хоногийн нөөцтэй байна. Автобензин, дизелийн түлшний импорт 2006-2013 он хүртэл хугацаанд жилд дунджаар 10 хувиар өсч ирсэн ч сүүлийн 2 жилд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан буурсан үзүүлэлттэй байна. Шатахууны импортын хэмжээг төрлөөр нь авч үзвэл сүүлийн арван жилд А-80 автобензин тогтмол буурч байгаа бол Аи-92 автобензиний импорт тогтмол өсч байгаа юм.

Харин дизелийн түлшний импорт уурхайнуудын үйл ажиллагаатай уялдан тогтворгүй, хэлбэлзэлтэй байгаа боловч урт хугацаанд өсөх хандлагатай байна. Газрын тосны бүтээгдэхүүний импортыг бүтцээр нь авч үзвэл 90-ээс дээш октантай автобензин 27%, 90-ээс доош октантай автобензин 4 орчим хувь, дизель түлш 50%, онгоцны түлш 2%, бусад /тос тосолгооны материал, мазут, хий / 17%-ийг эзэлж байна. Нийт импортын 93 гаруй хувийг ОХУ, 4.6 орчим хувийг БНСУ, 2 хувийг БНХАУ, үлдсэнийг бусад улсаас импортолж байна. Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ сүүлийн таван жилд 66%-иар өссөн бол тээврийн хэрэгслийн оношилгоонд хамрагдсан нийт автомашины тоо 53%-иар өсчээ.

Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ, автомашины тоотой харилцан хамааралтай. Монгол Улсад дунджаар 1 автотээврийн хэрэгсэл нэмэгдэхэд шатахууны хэрэглээ 1.8 тонн буюу өдөрт 6 литр шатахууны хэрэглээ нэмэгдэхээр тооцоо гарч байна. Манай улсын хувьд автобензиний хэрэглээний дийлэнхийг жижиг тэрэг, нийт тээврийн хэрэгсэл эзэлдгээс хувийн хэрэглээ зонхилдог. Харин дизелийн түлшний хэрэглээний дийлэнхийг ачаа тээвэр, уул уурхайн машин механизм зэрэг хүчин чадал ихтэй техник хэрэгслүүд эзэлж байна. Дизелийн түлшний хэрэглээнд нөлөөлж буй голлох хүчин зүйлст бөөний борлуулалт буюу уул уурхай, төмөр замын салбар, жижиглэнгийн борлуулалт буюу автозамын тээвэр, хувийн хэрэглээ багтдаг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)