Монгол Улс "Эксим" банктай болох цаг нь болсон

Үе, үеийн эрх баригчид “Эдийн засгийг солонгоруулна” гэдэг ч манай улс одоо болтол уул уурхайн бүтээгдэхүүнээс хараат хэвээр байна. 2019 онд эдийн засгийн өсөлтөө уул уурхайн экспортдоо түшиглэн өсгөх төлөвлөгөө баталсан нь үүний жишээ. Гэтэл бидэнд экспортын нөөц бололцоо их байна. Гагцхүү ашиглах тал дээр зохион байгуулалт дутагдаж байна.  

2012 онд Ардчилсан нам “Шинэчлэлийн” Засгийн газар байгуулж, “Чингис бонд”-ыг олон улсын зах зээл дээр гарган, 1.5 тэрбум ам.доллар босгосон. Энэ мөнгөний багагүй хэсгээр “Экспортын чиг баримжаатай” гэсэн нэрийн дор ноос, ноолуур, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, оёмол бүтээгдэхүүний төслүүдийг санхүүжүүлсэн байдаг. Ингэснээр уул уурхайгаас бусад салбарын бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортоо солонгоруулна гэж тооцсон. Гэвч таван жил өнгөрөхөд хүссэн үр дүн гарсангүй. Гадаад худалдаагаа дэмжих дэд бүтцүүдийг бий болгоогүй орхисноос ашиг нь хагас дутуу гарч байна. Экспортыг дэмжих дэд бүтэц гэдэг нь экспортын чиглэлд ажиллах банк буюу Эксим банк, даатгалын тогтолцоог хэлж байна.

Экспортоо дэмждэг аль ч оронд “Эксим” буюу Экспорт-импортын банк ажилладаг. Түүнчлэн гадаад худалдааны эрсдлийн даатгалыг шийдэж өгсөн байдаг. Харин манай улсад ийм тогтолцоо дутагдаж байгаа.

Гадаад худалдаа нь маш өндөр эрсдэлтэй үйл ажиллагаа. Тийм учраас аль ч орны экспорт хийдэг компаниуд тэр эрсдлийг өөр дээрээ авдаггүй. Харин манай компаниуд бүх эрсдлийг үүрч ажиллаж байгаа учраас ихээхэн эрсдэлд ордог. Тэгэхээр экспортоо төрөлжүүлж, “солонгорсон” эдийн засагтай болохын тулд гадаад худалдааны даатгал болон санхүүжилтийн тогтолцоог сайжруулах хэрэгтэй байгаа аж. Өнөөгийн нөхцөлд бол үндэсний компаниуд чадавхи муутай, хангалттай экспорт хийж чадахгүй байна. Түүнчлэн өөрийн хөрөнгө чинээ гэх зүйл нь тийм ч том байж чаддаггүй учраас банкнаас хүссэн хэмжээгээрээ зээл авч чаддаггүй. Зээл авлаа гэхэд тэр нь маш өндөр хүүтэй, хугацаа богино байдаг учраас бизнесээ дэмжих гэхээсээ илүү дарамт болох тал бий.

Гэтэл бид экспорт хийж байж л валют олж ирж, эдийн засгаа тогтворжуулна.  Гадаад худалдааны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэчихвэл иймэрхүү хэцүү асуудал цэгцрэх боломжтой юм. Хамаг валютыг хамж аваад гадагш нь аваачиж тушаадаг нефть импортлогчдод татаас өгч, алт олборлогчдыг “Валют олж ирдэг юм хөөрхий” гэж татварыг нь багасгаж байсан. Харин одоо Эксим банк байгуулж, экспортын чиглэлийн аж ахуйн нэгжүүдээ дорвитойхон дэмжээд өгөх хэрэгтэй байна.

 

Улс орнууд экспортоо хэрхэн дэмждэг вэ

Улс орнууд экспортоо төрийн бодлогоор дэмждэг гэдгийг дээр дурьдсан. Тэгвэл төрийн бодлого чухам хэрхэн ажиллах вэ. Экспортлогч компанид хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ. Бодлогыг хэн, хэрхэн хэрэгжүүлэх вэ. Олон улсын жишгээс харахад улс орнууд тус бүрийн онцлогтоо таарсан экспортоо төрийн бодлогоор дэмжих институцитай байдаг аж. Тухайлбал, Чили улс дарс, Бразил үхрийн мах, БНСУ электорон бараа, Шриланк цай, Нидерланд бяслагны үйлдвэрлэлээ дэмжиж, экспортыг нь төрийн бодлогоороо дэмждэг юм байна.

Өөрөөр хэлбэл, тус тусын чиглэлдээ Гадаад худалдааг дэмжих байгууллагууд эдгээр улсуудад ажилладаг. Экспортоо ийнхүү бодлогоор дэмжихийн сацуу санхүүжилтийн механизмыг хялбар, ил тод, шуурхай болгох зорилготой “Эксим” банкууд ажиллаж байна. Ийнхүү гадаад худалдаагаа бодлогоор дэмжиж, өрсөлдөх чадварыг сайжруулахад анхаарсны үр дүн ч статистик баримтаас харагдаж байгаа юм. Жишээ нь Чили улс дарсны экспортоо бодлогоор дэмжсэний үр дүнд сүүлийн 20 жилд дарсны экспорт 2200 нь хувиар өсчээ. Экспортыг дэмжих төрийн бодлого үр дүнгээ хэрхэн өгдөг нь уг судалгаанаас харагдаж байна.

 

Харин манай улсад...

Манай улсад Гадаад худалдааг дэмжих төрийн байгууллага байхгүй. Төрийн бус байгууллагын түвшинд МҮХАҮТ тодорхой хэмжээнд ажиллаж буй. Гэхдээ МҮХАҮТ-ын үйл ажиллагааны цар хүрээ, хүчин чадал өсөн нэмэгдэж буй гадаад худалдааны зах зээлийн хаана ч хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой. Нөгөө талаас гадаад худалдааны санхүүжилтийн механизмын хувьд бүр ойлгомжгүй. Төрийн нэгдсэн бодлогоор энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ямар нэгэн байгууллага, институц байхгүй. Ерөнхийдөө арилжааны банкууд энэ чиглэлийн үйлчилгээг нуруундаа үүрч яваа. Монголын банкууд дэлхийн 100 гаруй улс оронтой гадаад худалдааг шууд хийх, санхүүжилт,  гүйлгээ хийх боломжтой байгаа. Өөрөөр хэлбэл, банкууд гадаад худалдааны санхүүжилтийг тодорхой хэмжээнд хийж байна. Гэхдээ энэ нь хангалттай түвшинд хүрч, төгс төгөлдөр болоогүй. Монголын арилжааны банкуудын хувьд экспортын аккредитивийг төдийлөн хийдэггүй нь тоо, баримтаас харагдаж байгаа юм. Энэ нь голцуу тоног төхөөрөмжийн импортын аккредитив хэлбэрээр явж буй. Харин экспортыг дэмжих талын санхүүгийн үйлчилгээ тийм ч хангалттай түвшинд хүрч чадаагүй байна. Экспортыг дэмжих тал дээр төрийн институци ихэвчлэн ажилладаг гэдгийг дээр дурьдсан. Угаасаа аль ч улсад “Эксим” буюу Экспорт-Импортын банкууд л гадаад худалдаа, тэр дундаа экспортын үйл ажиллагааг дэмжих, санхүүжүүлэх, баталгаа гаргах, даатгах зэрэг үйл ажиллагааг хариуцан хийдэг жишигтэй.

                                                                                                   

Гадаад худалдааны даатгалтай болъё

Бээжинд болж өнгөрсөн “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны чуулганы үеэр олны анхааралд төдий өртөөгүй нэгэн үйл явдал болсон нь БНХАУ-ын Гадаад зээлийн даатгалын корпораци Хөгжлийн банкинд 400 сая ам.долларын даатгалын дэмжлэг үзүүлэхээр гэрээлсэн явдал байв. Гэрээ байгуулагдсанаар Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг Хятадын Экспортын зээлийн даатгалын корпорацийн даатгалтайгаар БНХАУ-ын банк, санхүүгийн байгууллагуудаас урт хугацаатай, хямд эх үүсвэрээр санхүүжүүлэх боломж бүрдсэн. Хөгжлийн банкнаас гарах зээл даатгалтай учир БНХАУ-ын санхүүгийн байгууллага зээлээ итгэж  өгнө, тэр мөнгөөр нь манай төсөл хөтөлбөрүүд тэжээгдэнэ гэсэн үг. Давхар БНХАУ-ын санхүүгийн байгууллагуудын манайд өгөх зээл эрсдлээс хамгаалагдана. Эксим банк, даатгалын тогтолцооны ач холбогдол энд тод харагдаж байна.

Гадаад худалдаа маш их эрсдэлтэй салбар гэдгийг дээр дурдсан. Тийм ч учраас даатгалын механизмууд ажилладаг. БНХАУ-ын Төрийн өмчийн даатгалын корпораци нь тодорхой салбарууд дахь гадаад худалдааныхаа бүх талын эрсдэлийг хариуцсан байдаг. Нэг жишээ дурьдахад, Ливи улсад хувьсгал гарах үед Хятадын маш олон компаниуд тус улсад бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээ байгуулсан байсан гэдэг. Улмаар хувьсгал гарч, бүх гэрээнүүд биелэгдэхгүй болоход Хятадын компаниуд уг даатгалынхаа ачаар “амьд үлдэж” байжээ. Үүнтэй адилаар Европын ихэнх орнууд, АНУ-д ийнхүү экспортоо даатгасан байдаг аж. Эдийн засгийн болон улс төрийн эрсдлүүдийг даатгана гэсэн үг. Хувийн хэвшлийн даатгалын компаниуд гадаад улсууд дахь иймэрхүү эрсдэлийг үүрэх боломжгүй. Тийм учраас төрийн оролцоотой байхаас өөр аргагүй байдаг аж. Өөрөөр хэлбэл, үндэсний компаниуд нэг талаас гадаад худалдааны хямд санхүүжилттэй болоод, нөгөө талаас бүх эрсдлээ даатгуулчих нь. Ингээд ямар ч эрсдэлгүй, хямд эх үүсвэртэй компани бүх анхаарлаа зөвхөн сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аль болох ахиухан экспортлоход л хандуулна шүү дээ. Манай улсын үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвар муутай байна гэх шүүмжлэл бий. Хямд эх үүсвэртэй, урт хугацаатай санхүүжилтээр шинэ тоног төхөөрөмж, шинэ технологи оруулж ирээд, үйлдвэрлээд явах бүрэн боломжтой. Хөгжлийн банкийг “Эксим” банкны чиглэлд үйл ажиллагаа явуулах боломжтой болгох хэрэгтэй гэдгийг дээр дурдсан. Тэгвэл үүний хамтаар гадаад худалдааны даатгал, санхүүгийн зуучлал, баталгаа гаргах зэрэг үйл ажиллагааг давхар хийж болох юм. Ингэснээр гадаад худалдааг дэмжих, ялангуяа нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд маш том дэд бүтэц бий болно гэсэн үг. Мэдээж үүний хамтаар гадаад худалдааг дэмжих төрийн бодлогоо тодорхойлох ёстой. Энэ бүгдийг хийж чадвал Монголын экспорт “солонгорно”.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Exim banktai bx xereg bna u xogjiliin banktai bna gej olon yum yarij yarij banktai bolson odoo xar. Deed doodgui mongo ugaatsgaagaad idchixeed. Daxij neg bank baiguulj idex n dutaj dee. Baigaa bankuudaa ch oligtoi ajilluulj chadalgui dampuuruulaad duusgaj bga bizde...

    0 0 Хариу бичих