“The Wasabies” хамтлагийн анхны цомгийн баяр боллоо

“Боловсрол” телевизийн “Оддын академи” шоунаас төрөн гарсан “The Wasa­bies” хамтлагийн охид анхны цомгоо өлгийдөн авлаа. Тэд өнгөрсөн амралтын өдөр “White Rock Center”-д фенүүдтэйгээ болзон хамтдаа анхны цомгоо гардан авч, нэг өдрийг мартагдахааргүй өнгөрүүлсэн юм.

“Оддын академи” шоуны төгсгөлд 100 сая төгрөгийн продюссингийн гэрээний шагнал авч байсан охид хөгжмийн нэг урсгал, төрөлд баригдахгүйгээр олон төрлөөр уран бүтээлээ туурвиж байна. 

Б.Наранзун: Таван жилийн дараа хамтлаг гэдэг өөрөө компани шиг бүтээгдэхүүн болно

“The Wasa­bies” хамтлагийн продюсероор хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун ажилладаг. Түүнтэй шинэхэн цомгийн баяр дээр цөөн хором ярилцлаа.  

 “The Wasabies” хамтлаг анхны цомгоо өлгийдөн авлаа?

-Сүүлийн үед цомог гэдэг ойлголт өөр болоод байгаа. Хуучин бид ямар нэгэн кассет, пянз, CD  дээр буулгаж байж цомог гэдэг ойлголтыг авдаг байсан бол орчин цагт сошиал дижитал ертөнцөд EP тоон тэмдэгт рүү яваад ирэхээр ойлголт нь ерөнхийдөө өөр болоод CD зөвхөн флаш шиг тээж байгаа материал болж хувирсан. Тиймээс үндсэн уран бүтээл нь өөрөө электрон байдлаар олон сайтуудад байршиж байж борлогддог болсон.  “The Wasabies” хамтлаг энэ хэлбэрээр өнгөрсөн жил эхний “Girl Generation” электрон EP цомгоо гаргасан. Одоо бол уламжлалт хэвлэмэл цомгийн нээлт болж байна. Энэ утгаараа цомгийн нээлт гэхээсээ илүүтэй фенүүдтэйгээ хийх анхны уулзалт, баярын арга хэмжээ болж байна.

Цомог таван дуунаас бүрдсэний дөрөв нь видео хэлбэрээр youtube болон сошиал платформуудад амжилттай явсан. Зарим дуу нь рандом чартуудад түрүүлсэн. Сая бид Азийн хүрээлэлд “The Wasa­bies” хамтлагийн хандалтыг улс орнуудаар задалж судалж үзлээ. Индонези, Малайз, Хятадад өндөр гарсан. Энэ нь цаашдаа зөвхөн монгол гэдэг бодит байдлаар бус цахим орчин руу илүү сурталчилж, сайн уран бүтээл, харилцааны ойлголтоо өөр түвшинд гаргаж чадах юм бол зөвхөн Азид гэлтгүй дэлхийд ч гарах боломжтой.Хүүхэд, залуучууд руу чиглэсэн төслүүдээр бусдад үлгэр дуурайл болохыг хичээж байна. Өнөөдөр манай улс санхүү, бололцоо, нийгмийн тогтвортой байдал сул байгаа ч гэсэн бид тэрийг бэхжүүлэхийн тулд ирээдүй рүүгээ хөрөнгө оруулалт сайн хийх хэрэгтэй. Үүний нэг жижиг ажил бол энэ таван охин юм. Тэдний өөрсдийнх нь Монгол Улсаа Азид сурталчилья гэсэн жижиг амбиц анх нэгтгэсэн.

Хамтлаг анх гарч ирэхэд олон хүний дэмжлэг, сэтгэл, зүтгэл орсон. Үүнд ялангуяа Ж-Мобайл, Боловсрол телевизийг зайлшгүй дурдах ёстой. Энэ хүмүүсийн нийгмийн хариуцлага болон энтертайнмент ертөнцөд оруулсан хөрөнгө оруулалт, сэтгэл зүрхний үр дүнд хамтлаг бий болсон. Мэдээж уран бүтээлчид ч том үүрэг гүйцэтгэсэн. Зөвхөн дуу гэлтгүй, дууны найруулга дээр олон улсын сайн инженерүүдтэй хамтарч ажилласан гээд тооцох юм бол маш том баг цаана нь ажиллаж байсан. 

Зургадугаар сарын сүүлээр Тайванд болох “Golden Music Awards”-д орох урилга бидэнд ирсэн. Даанч зардал, мөнгөний асуудлаас болоод эцэслэн шийдэгдээгүй байгаа. Хятад хэл дээр дуулдаг Азийн том наадамд урьсан учраас бид дуу, аппликейшн гээд бүх зүйлээ бэлдсэн. Өвөр Монголд гэхэд л хүүхэд залуучууд мэддэг дууг нь дагаж дуулдаг болсон байна лээ.

-Шинэ уран бүтээл заавал клиптэйгээ л илүү хүрдэг болжээ?

-Тийм шүү. Хуучин мэдээлэл их ховор байлаа. Одоо бол мэдээллийн илүүц  болж байгаа учраас тэр дундаас хүн өөртөө хэрэгтэй зүйлээ олж авах, нөгөө талаас хүнтэй очиж  таарахын тулд онцгой, өвөрмөц янз бүрийн хандлага гарган хийж үзэж байгаа. Зөвхөн дуулаад хангалтгүй. Үүнийгээ дүрсжүүлэх, сошиал маркетинг, бүүст хийх гээд зардал мөнгө их орж байна. Одоогийн байдлаар “The Wasa­bies” хамтлагт их хэмжээний хөрөнгө орчихоод байгаа. “Оддын академи” шоу өндөр зардлаар бүтсэн. Дээрээс нь “Оддын академи”-аас төрсөн эхний уран бүтээлийг Ж-Мобайл 100 гаран сая төгрөгөөр ивээн тэтгэсэн. Ингэснээр хувьцаа шиг үнэлгээтэй болж байгаа, жил ирэх тусам энэ үнэлгээ нь өсдөг. Таван жилийн дараа хамтлаг гэдэг өөрөө компани шиг бүтээгдэхүүн болно Түүний үнэлгээ зах зээл дээр маркетингийн хамтын үнэ дээр тогтох голдирол руу бүгдээрээ явж байгаа. Түүнээс биш зүгээр өөрөөрөө явдаг хамтлаг ховор. Хэчнээн авьяастай байсан ч хэцүү.

Э.Буяндулам: Хамгийн том зорилго бол Азийн онлайн орчинд Монгол Улсаа сурталчлан таниулах

“The Wasabies” хамтлагийн ахлагч Э.Буяндулам

-Шинэ цомгоо гар дээрээ хүлээн авч фенүүдтэйгээ баяраа тэмдэглэлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сэтгэгдэл маш өндөр байна. “The Wasa­bies” хамтлаг байгуулагдаад нэг жил боллоо. Нэг жилийн ойн дээрээ анхны цомгоо өлгийдөн авч үр дүн нь бидэнд ирсэнд баяртай байна.

-“Оддын академи” шоунаас хамтлагийнхаа энэ бүрэлдэхүүнийг олж авсан. Чиний хувьд шоунд оролцох болсон сэдэл юу байв. Өнөөдөр хамтдаа уран бүтээлээ туурвин нэг зорилгын төлөө тэмүүлэх тэмүүлэл дүүрэн байгааг харах сайхан байна?

-Анх Оддын академи шоунд оролцооч гэж санал болгож байхад зөвхөн бүжгийн карьер хөөдөг байсан болохоор их гайхаж хүлээж авсан. Гэхдээ энэ шоунд орсондоо үнэхээр харамсахгүй байна. Би энэ шоунаас бүх зүйлийг сурч авсан. Жилийн өмнө бид өрсөлдөгчид байсан бол өнөөдөр нэг хамт олон нэг гэр бүл, хамтлаг болон амжилттай хичээнгүйлэн хөдөлмөрлөөд явж байна.

-Монголын урлагийн зах зээл дээр шинээр гарч ирж байгаа хамтлаг бараг алга?

-Манай анхны цомгийн нэр “Girls Generation” нэртэй. Манай хамтлагийн дебют хийсэн дуу “Girls Generation” нэртэй. Шинэ охидын эрин үе ирлээ, энэ бол охидын эрин үе гэдгийг шинэхэн цомог болон дуугаараа нээж гарч ирсэн болохоор шинэлэг байсан болов уу. Тэр ч утгаараа “Generation Z” гээд хүрэх ёстой сегменттэй хүрч чадаж байгаа гэж бодож байна.

-Зөвхөн Монголын зах зээлээр уран бүтээлээ төсөөлөхгүй байгаа болов уу. Гадаадын хөгжмийн наадамд оролцох урилга ирсэн гэсэн шүү дээ?

-“The Wasa­bies” хамтлагийн хамгийн том зорилго бол Азийн онлайн орчинд Монгол Улсаа сурталчлан таниулах юм. Энэ зорилгынхоо төлөө зүтгэж байгаа учраас бид өөрсдийнхөө дуунуудыг Азийн өөр орны хэл дээр гаргаж үзэж байгаа. Бидэнд Тайванийн “Golden Music Awards”-аас урилга ирсэн. Одоогоор эцэслэн тодорхой болоогүй ч Ази руу хийх зүйлсээ хэдийнээ төлөвлөсөн.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Naad muukhai uruulaa tsorvoilgdogoo boli mun condom shig hachin ym khiikh ym heterkhii pink baij bolokhgui duunuud n dajgui gekhdee arai boloogui bna

    0 0 Хариу бичих
    • Huurhun zurag baina

      0 0
  2. stupidity

    0 0 Хариу бичих