Пермийн театрын гоцлооч Р.Булган эх орондоо анх удаа тоглоно

ОХУ-ын Пермь хотын Дуурийн театрын балетын гоцлооч Р.Булган энэ сарын 12-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа амилах П.И.Чайковскийн "Хунт нуур” балетад гоцлоно.

 ХБНГУ-д төрсөн бүсгүй балетын суурийг гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багшаар заалгаж, Вагановын урлагийн тусгай мэргэжлийн сургууль, Пермийн бүжгийн сургууль сургууль төгссөн юм.

Тэрээр сургуулиа төгсөөд Чайковскийн нэрэмжит Пермийн Дуурийн театрын балетын гоцлоочоор уригдаж, анхны тоглолтоороо суут П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын хар, цагаан хунгийн дүрийг амжилттай бүтээжээ. Р.Булган 2018 оны тавдугаар сард Пермьд хотод болсон балетын 15 дахь удаагийн олон улсын “Арабеск” уралдаанаас мөнгөн медаль хүртсэн юм. Мөн тэрээр 2016 онд “Надежда” сургуулийн нэрэмжит балетын тэмцээнээс 3-р байр, 2017 онд Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бээжингийн Олон Улсын балетын тэмцээн”-д, 2018 онд Мариус Петипагийн 200 жилийн ойн нэрэмжит гала фестиваль зэрэгт амжилттай оролцож байсан чадварлаг балетын гоцлооч. 
Балетын жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг мэргэжлийн уралдаанаас сургуулийн сурагч байхдаа “Мөнгөн медаль” хүртсэн анхны монгол балетчин. Түүнийг Пермийн театрын багш нар ирээдүйн балетын од хэмээн тодорхойлж байжээ.

ОХУ-ын Пермь хотын театрын гоцлооч Рэнцэндоржийн Булган эх орныхоо тайзан дээр анх удаа “Хунт нуур” балетын гол дүрийг бүтээх нь ээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)