Усан оргилуургүй Улаанбаатар

Урин дулаан болж байгаа энэ цагт нийслэлд усан оргилуур шиг хэрэгтэй зүйл алга. Орчноо сэрүүцүүлж, агаар чийгшүүлэн иргэдийн амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх газрын нэг бол яах аргагүй усан оргилуур. Гэвч өдгөө нийслэлийг чимэх томоохон усан оргилуурууд гарын арван хуруунд багтахгүй шахуу үлджээ. Усан оргилуургүй Улаанбаатар цаанаа л өнгөгүй, гундуу.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагын хамтарсан судалгаагаар нийслэлд өнөөдрийн байдлаар 139 усан оргилуур бүртгэлтэй гэв. 1.5 сая хүн, 470 мянган га газар нутагтай хотод ийм тооны усан оргилуур байна гэдэг бас ч гэж боломжийн үзүүлэлт. Гэтэл эдгээрийн ердөө 10 орчим хувь нь л стандартын шаардлага хангасан, томоохон хэмжээний байгууламж бол 50 нь эвдэрсэн, үлдсэн нь сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол дунд ажилладаггүй гэдгийг албаны хүмүүс хэлсэн. Мөн энэхүү тоонд иргэдийн хашаандаа хийсэн усан оргилуур ч багтаж байгаа юм.

Нийслэлд бүртгэлтэй байгууламжуудыг дотор нь усан оргилуур, усан хөшиг, усан толио, усан хүрхрээ, усан цөөрөм, холимог гэж ангилдаг юм байна.

Усан оргилуур хэвийн ажиллаж, байгаа, эсэхэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, чимэглэл хариуцсан мэргэжилтнүүд хяналт тавина. Гэхдээ тэд зөвхөн нийтийн эзэмшлийн талбай дахь байгууламжид санаа тавих учиртай.

Мэргэжилтэн Ш.Чанцалнурмаа “Сүүлийн хэдэн жил усан оргилуур хаягдсан.2017 онд тооллого хийн 2018 оноос мэдээллийн цахим сан үүсгэхээр байгууламжуудын цэгийг заан дата хөгжүүлэн ажиллаж байгаа. Цахим хэлбэрт оруулснаар усан оргилууруудын эвдрэл гэмтэл харагдана. Цаашид хэчнээн хувь нь ашиглалтаас гарсан, талбай чөлөөлөх болон сэргээн засварлах боломжтой гэсэн дүгнэлтийг энэ онд багтаан хийнэ. Бүртгэлд усан оргилуур нэрээр орсон ч тухайн газар нь хоосон эсвэл цэцгийн мандал болгон ашиглаж байгаа тохиолдлууд гарсан. “Central Tower”-ын усан оргилуур манайд харьяалагддаг ч тухайн компани менежментийн гэрээгээр ашиглалтыг нь хариуцдаг. Бусад усан оргилуурын тохижилт, арчилгааг дүүргүүд хариуцна. Гэвч дүүргийн төсөвт засвар, ашиглалтын зардал тусгагдаагүй учраас хэвийн хэмжээнд ажиллуулах боломж хомс. Мөн нэг усан оргилуурыг зуны гурван сарын турш ажиллуулахад усны зардал дунджаар 15 орчим сая төгрөг гардаг” гэв.

Багагүй хэл ам дагуулсан Арслантай гүүрэн дэх усан хөшгийг одоог хүртэл бүрэн хүлээлгэж өгөөгүй гэв. Эргэн сануулахад, 2015 оны долдугаар сард Арслантай гүүрний усан хөшиг нээн, цаашлаад Маршал, Дунд голын гүүрэнд усан хөшиг хийж тохижуулахаа хотын удирдлагууд амалж байв.Харин өнөөдөр Арслантай гүүр ийм л байдалтай байна. “Метрополис хотод ийм усан хөшиг зайлшгүй байх ёстой” гэж хөөрцөглөн, 70 саяар хийсэн эл байгууламжийн гайхамшгийг бид үзэхгүй л бололтой.

Энэ зун ажиллах боломжтой усан оргилуурууд өнөө хэр нь тодорхойгүй л байна.Харин хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулсан усан оргилууруудаа сайн авч явааг албаныхан хэлсэн.

Ус оргилуулах зориулалттай ч үүргээ гүйцэтгэдэггүй, богино настай байгууламж нийслэлд чамгүй олон байгааг энэ судалгаа нотолно. Шаардлага хангасан гэх байгууламжууд нь эхний жилдээ л оргилон сураг тасарсаар л байгаа нийтлэг дүр төрхийг харж болно.

Бид нийслэлийн төвд, нийтийн эзэмшлийн талбай дахь хуучны болон шинээр баригдсан томоохон оргилуурууд энэ зун үүргээ гүйцэтгэх эсэхийг сурвалжлахаар хэд хэдэн газарт очиход нөхцөл байдал тийм ч таатай байсангүй.

Бидний сайн мэдэх, Баянгол дүүргийн XX хороо, 3,4-р хорооллын усан оргилуурыг МХЕГ-аас “Цахилгаан дамжуулах агаарын шугамд хэт ойр” гэсэн үндэслэлээр ажиллуулахгүй удаж байгаа. Хашаа барин хааж, өөр зүйл барих нь гэсэн иргэдийн хардлагад холбогдох албаныхан "Шинэчлэн засварлах ажил үргэлжилж байгаа" гэдэг таатай хариу өглөө.

Байгаагаа хайрладаггүй, үгүй болсон хойно нь шогширч, харамсдаг нь бидний гэм биш зан. Усан оргилуур юу юунаас илүү хэрэгтэй байна гэж сүйд болдог нийслэлчүүд түүндээ дэндүү халтай. Хувийн болон улсын хөрөнгөөр боссон стандартад нийцсэн гэж үнэлсэн өнгөтэй өөдтэй, томоохон оргилууруудаа нэг бус удаа тоноод, эвдчихсэн тохиолдлууд байна.

Тэрчлэн, усан оргилуурыг нурааж, барилга барих, өөр зориулалтаар ашигласан тохиолдол ч байна. Хамгийн ойрын жишээ дурдахад, МҮЭСТО-ны гаднах усан оргилуурыг “Тамирын гурван чулуу” гэх компани өнгөрсөн жил нурааж хашаалсан. Өдгөө усан оргилуур, ногоон байгууламжийн оронд барилга барьж байна. 

МҮЭСТО-ны урдах хуучны усан оргилуурын тухайд хэдийнээ элэгдэн хуучирч, ашиглагдаагүй хэр удсаныг нь гэрчлэх мэт усан байгууламжийн эвдэрсэн плитан дунд мод, хогийн ургамал ургажээ. 

Усан оргилуур байсан газруудад барилга боссон талаар Хот байгуулалтын хөгжлийн газрын мэргэжилтэн Дуламсүрэнгээс тодруулахад “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Тэнгис” кино театрын зүүн урд талд “Эко констракшн” ХХК-д контор үйлчилгээний зориулалттай 22 давхар барилгын зөвшөөрлийг БХБЯ-ны 2014 оны 4 сарын 30-ны 15/2014 дугаартай зөвшөөрөл олгосон. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 16 давхар конторын барилгыг соёлын ордны дэргэд барих зөвшөөрөл 2010 оны 98 дугаар газрын захирамжтай. Барилгынхаа зүүн талд усан оргилууртай байх ерөнхий төлөвлөгөө 2013 батлагдсан. Харин Энхтайван найрамдлын ордныг өргөтгөн үйлчилгээний контор барих зөвшөөрөл авсан барилгын ажил бүрэн дуусаагүй байгаа. Барилга дуусахад усан оргилуур хийхээр ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан” гэдэг хариултыг өглөө.

Энхтайван найрамдлын ордны эзэмшлийн талбайн хуучин усан оргилуур байсан хэсэг өдгөө ийм дүр төрхтэй байлаа. Оргилуурын дэргэд байсан тагтаа барьсан хүүхдийн хөшөө одоо конторын барилгын өмнөх талбайд дүр төрхөө өөрчлөн багахан зайд байрлах аж. 

Сөүл рестораны өмнөх талбайд байрлах хуучны усан оргилуур мөн эдвэрч гэмтэн дотор нь хогийн ургамал ургасан гундуухан төрхтэй байлаа. 

Хүн амын төвлөрөл их, агаарын бохирдол, тоосжилт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин хэтэрсэн манай хотод усан оргилуур шиг чухал зүйл үгүй. Бид хот төлөвлөлтийн асуудалд ногоон байгууламжийг чухалчилж ярьдаг ч усан оргилуурыг ойшоолгүй орхидог. Гэвч усан оргилуурууд нь ногоон байгууламжаас дутахааргүй ач холбогдолтой. Орчны бохирдлыг бууруулахаас гадна хүний сэтгэл зүй, эрүүл мэндэд онцгой нөлөөтэй гэдэг. Утаа бууруулах нэрийдлээр гадаадаас үнэтэй, элдэв тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн зөөхийн оронд одоо байгаа усан оргилууруудаа үгүй хийхгүйгээр харин ч тоог нь нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Усан оргилоор яах юм бэ? Юун усан оргил манатай. 70 саяаар усан хөшиг нэртэй хэдхээн цорго зоогоод орхисон. Дараагийн нэг хулгайч нь би усан оргил хийе гээд төсвийн мөнгө шаах гээд шүлэнгтээд байж сууж ядаж байна шүү дээ. Сонгууль болох дөхөх тусам төсөвт хүниймсэг хандах хорлонт хулгайчууд өөрсдийгөө хэн бэ? гэдгээ харуулах юм даа.

    0 0 Хариу бичих
  2. усан оргилуур ч яамай, юун түрүүнд автобусны буудлууд дээрээ автобусны чиглэл, маршруттай самбартай болгож өгөөч

    1 0 Хариу бичих