Энэ өдөр түүхэнд: Каннын кино наадам эхлэв

Оны 134 дэх өдөр, Шинэ он хүртэл 231 хоног үлдлээ.

Өнөөдрийн баяр

Каннын кино наадам эхлэв

Өнөөдөр Каннын 72 дахь наадам нээгдэж байна.

Канны кино наадмыг анх зохион байгуулахад Венецийн кино наадам түлхэц болжээ. Жил тутам зохиогддог олон улсын кино наадмуудын ууган нь болох Венецийн кино наадам анх 1932 онд Венеци хотод сүр жавхлантайгаар нээлтээ хийсэн боловч 1938 он гэхэд тус наадам фашизмын суртал ухуулгын гар хөл болж хувирсан байлаа.

Үүний улмаас Франц орон тус наадамтай өрсөлдөхүйц хэмжээний өөрийн гэсэн кино наадам зохиохоор шийдсэн байна. Ийнхүү тус наадмыг зохион байгуулах анхны санаачилгыг тухайн үеийн Францын Боловсрол Соёл Урлагийн яамны ерөнхий байцаагч Филипп Эрланже болон тус яамны сайд асан Жан Зэй нар гарган анхны Канны кино наадмыг 1939 оны 9 сард Канн хотын нэгэн казинод зохиохоор төлөвлөсөн байна. Франц кино урлагийн ууган мастеруудын нэг Луи Люмьерийг шүүгчдийн зөвлөлийн тэргүүлэгчээр томилсон нь зүй ёсны сонголт байв. Сонгогдсон кинонуудын тоонд Америкийн “Маргад эрдэнэ хотын илбэчин”, Польшийн “Хар алмаз эрдэнэ”, Францын “Негр хүн”, ЗХУ-н “Ленин 1918 онд” зэрэг орсон байлаа.

Гэвч анхны Канны кино наадам нээлтээ хийх байсан 1939 оны 9 сарын 1-ний өглөө Адольф Гитлерийн Герман улс Польш руу довтлон орсноор Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж, Парист Францын засгийн газар бүх нийтийг хамарсан цэргийн дайчилгаа зарлан тунхаглалаа. Ингээд Канны кино наадмын анхны оролдлого бүтэлгүйтэн Герман-Америк найруулагч Уильям Детерлегийн “Нотр-Дамын бөгтөр нуруут” нэртэй ганц киног үзүүлснийхээ дараа тус наадам яаралтай хаагджээ. Энэ явдлаас хоёр өдрийн дараа Франц болон Их Британи улсууд Гитлерийн Германы эсрэг дайн зарласнаа мэдэгдсэн юм.

Дайн дууссаны дараа Номин эрэг рүү жуулчдыг дахин татахын тулд Францын засгийн газар Канны кино наадмыг дахин сэргээн зохион байгуулахаар шийджээ. Ингээд I Канны кино наадам 1946 оны 9 сарын 20-д нээлтээ хийжээ. I  наадамд нийт 18 орны 44 кино оролцсoноос 7 нь америк кино байлаа. Анх хэдийгээр намар зохиогддог Венецийн кино наадамтай өрсөлдөхийн тулд есдүгээр сард зохиож эхэлсэн боловч 1952 оноос эхлэн тус наадмыг тавдугаар сард зохион байгуулах шийдсэн нь тус наадмын хувь заяанд эргэлт авчирсан хэрэг байлаа.

Сонирхолтой түүх

"Вазелин" нэр худалдааны тэмдгээр бүртгэгдэв

1878 оны тавдугаар сарын 14-нд "Вазелин" нэр АНУ-д худалдааны марк, худалдааны тэмдэг болон патентлагджээ. Америкт цагаачилсан англи химич Роберт Август Чезбро гоо сайхны болон эмийн хэрэгслийг бүтээсэн байв.

Нефтийн хөөрөгдөл эхлээд байсан 1859 онд, Чезбро газрын тос олборлогчидтой ярилцаж байхдаа, лааны тос маягийн наалдамтгай бүтээгдэхүүнийг анзаарчээ.Ажилчид түлэнхий, шарх зэрэгтээ түүнээс түрхдэг байжээ. Эрдэмтэн түүнийг судлан туршсаар түүнээс ашигтай зүйл гарган авч чаджээ. Нефтийг дагалдсан тэр бүтээгдэхүүн нь  нүүрс устөрөгч, эрдэс бодисын нэгдэл гэдгийг тогтоолоо. Туршилтын үеэр авсан шарх, эсгүүр, түлэнхийдээ түрхээд үзтэл шарх нь хурдан эдгэрч байсан гэнэ.

Арьс төлжүүлэх бодистой болсон тэр 1872 онд бүртгүүлээд Chesebrough Manufacturing Company үйлдвэр байгуулан “Нефтийн желе” гэж нэрлэсэн гелийг бөөнөөр үйлдвэрлэж эхэлжээ.


Өнөөдрийн түүх

1264 - Левес орчимд Английн хаан III Генри барьцаалагдав. Ингэснээр Английг Симон де Монфор захирах болжээ.

1643 - XIII Людовик нас барсны улмаас XIV Людовик таван настайдаа хаан ширээнд суужээ.

1692 - Оросын хаан I Петрийн хичээл зүтгэлээр боссон тэнгисийн цэргийн анхны онгоцыг усанд тавилаа.

1727 - XVIII зууны английн хамгийн сод зураач Томас Гейнсборо 1727 оны тавдугаар сарын 14-нд  Английн Саффолкхотод төржээ.

1754 - Сент-Андрусын гольфын нийгэмлэгийг байгуулсан Шотландын 22 жентельмен дэлхийн түүхэнд анхны гольф клуб байгуулсан бөгөөд энэ клуб дэлхийн хамгийн нэр хүндтэй клуб болжээ.

1787 - АНУ-ын Филадельфи мужид Үндсэн хуулийн зөвлөл хуралдаж, шинэ Үндсэн хуулийг боловсруулж эхэлжээ. Зөвлөлийн гишүүд Ерөнхийлөгчийн суудалд Жорж Вашингтоныг суулгахаар шийдвэрлэсэн байна.

1796 - Английн эмч Эдвард Женнер цэцэг өвчний эсрэг урьдчилан сэргийлэх тариаг олон нийтэд анх удаагаа харуулан хийжээ.

1800 - АНУ-ын Засгийн газар нийслэл хотоо Филадельфигээс Вашингтон хот руу шилжүүлж эхлэв.

1835 - А.C. Пушкины зохиосон “Алтан загасны үлгэр” хэвлэгдэв.

1900 – Зуны II Олимпийн тоглолт Парис хотноо 1900 оны тавдугаар сарын 14-нөөс аравдугаар сарын 28-ны дотор явагдсан юм. Бараг таван сар үргэлжилсэн нь уг тоглолтыг  Дэлхийн үзэсгэлэнтэй холбосноор тайлбарлаж болно. Францын Олимпийн хороо ч дангаараа тоглолтыг явуулах мөнгөгүй байлаа. ОУОХ-ны мэдээгээр 24 орны 997 тамирчин оролцжээ.

1870 - Регби спортын анхны тоглолт болов. Анхны тоглолт Шинэ Зеландын Нельсоны коллежид болсон юм.

1913 - АНУ-ын Нью-Йорк хотын захирагч Уильям Сульцер Рокефеллерийн сан байгуулах тогтоолд гарын үсэг зуржээ. Ингэснээр Жон Д.Рокефеллер 100 сая ам.доллароо хандивлах үйл явц эхэлсэн байна.

1925 – Япон Зөвлөлтөд Сахалины арлын хойд хэсгийг шилжүүлэв.  

1935 - Филиппин улсын Үндсэн хуулийг ард иргэд нь хүлээн зөвшөөрөв.

1939 - Дэлхийн анагаах ухааны түүхэнд хамгийн залуу ээж бүртгэгдэв. Лина Медина таван насандаа хүүхэд төрүүлжээ.

1948 – НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1947 оны арваннэгдүгээр сарын 29-нд  саналаар Палестиныг хоёр хуваах тогтоол гаргав. Үүний эсрэг 13 орон санал өгчээ.1948 оны тавдугаар сарын 14-нд Давид Бен Гурион Тель-Авивын музейд болсон хуралдаан дээр шинэ орны Тусгаар тогтнолын тунхгийг уншин сонсгов. Шинэ орон Мединат Исраэль (Израилийн улс) гэсэн нэр авчээ. 

1955 – Варшав хотноо Албани, Болгар, Унгар, БНАГУ, Польш, Румын, ЗХУ,  Чехословак зэргийн найман орон Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслах гэрээнд гарын үсгээ зурав.Энэ баримтаар Европын социалист орнуудын цэрэг, улс төрийн холбоо болох Варшавын гэрээний байгууллага үндэслэгдэв.

1973 – Дэлхий орчмын тойрог замд Америкийн "Скайлэб" сансрын станцыг хөөргөн гаргажээ.

2004 - Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц хуралдаж Ерөнхийлөгч Ро Мү Хёныг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)