Нийлэг уутны хэрэглээг хориглосноор байгаль орчин илүү бохирдож байна

Төрийн байгууллагууд ямар нэгэн асуудлыг шийдэхийн тулд ажил хийсэн болж харагдахгэж яаран шийдвэр гаргадаг. Үүний нэг жишээ нь өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн 0,035мм-ээс нимгэн нийлэг уут хэрэглэхгүй байх тогтоол юм. Гэвч бэлтгэл ажил, судалгаагүй эхлүүлсэн ажил эсрэгээрээ байгаль орчин өмнөхөөсөө илүү бохирдоход нөлөөлж байна.

Одоогоос жил орчмын өмнө БОАЖ-н  яамнаас энэ оны 3-р сараас эхлэн 0,035 мм нийлэг уутыг хэрэглээнээс хасах тогтоолоо танилцуулж байсан. Байгаль орчинд хамгийн их хор нөлөөтэй учраас заасан хэмжээнээс нимгэн нийлэг уут хэрэглэхийг хориглосон талаараа тайлбарлаж байв.

БОАЖ-ын сайд  Н.Цэрэнбат “Зузаан уутнуудыг хориглож байгаа биш байгальд хамгийн их хог хаягдал үүсдэг усанд болон бут сөөгт очиж наалдан цэвэрлэх боломжгүй хүндрэл учруулдаг учраас энэ төрлийн нимгэн нийтлэг уутнуудыг хориглож байгаа” хэмээн тайлбарлаж байсан.

Гэвч уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилго яг эсрэгээрээ биеллээ олсон. 0,035 мм-ээс нимгэн нийлэг уут хэрэглээнээс хасагдаагүй. Улам зузаан болоод хэрэглээнд орж эхэлсэн. Энэ нь байгаль орчинд задарч, шингэх хугацаа нь тэр чинээгээр нэмэгдсэн гэсэн үг. Түүнчлэн 0,035 мм-ээс нимгэн хүнсний сав, баглаануудыг одоог хүртэл хэрэглэж байгаа.  Ирэх хүүхдийн баяраар боох бэлгийн уут гэх мэт бүгд л хориглосон заалтаас нимгэн байна гэсэн үг. Учир нь анхнаасаа тогтоолоо гаргахдаа сайтар судлаагүйтэй нэг талаараа холбоотой байна. 

НМХГ-ын хүнсний чанар, стандартын  хяналтын улсын байцаагч Х.Чимгээ “БОАЖЯ-наас гарсан зөвлөмжид хүнсний нэг удаагийн скоч, анхан шатны боловсруулалтад орж байгаа гялгар уут, тасалдаг уутыг хориглоогүй. Энэ нь Хүнсний үйлдвэрийн сав, баглаа боодлын 55/47 гэдэг стандартын хүрээнд  явагдаж байгаа” гэлээ.

НМХГ-аас дээрх чиглэлийн хяналт шалгалт 70 гаруй хувьтай байгаа. Гэвч зах, томоохон худалдааны төвүүдэд дээрх нийлэг уутыг хэрэглэсээр л байна.

БОАЖЯ-аас гаргасан хог хаягдлыг багасгах зорилготой дээрх тогтоол нь анхааралгүй, бэлтгэлгүй хэрэгжүүлдэг ажлын жишээ гэж хэлж болохоор байна.

Хог хаягдлыг багасгахын тулд бидэнд цэгцтэй систем л хэрэгтэй байгаа нь дээрх жишээнээс харагдаж байгаа биз. Фэйсбүүкээр нэгдсэн эдгээр иргэд хогийн цэгт ялган төвлөрүүлсэн хогоо дахин боловсруулах газрууд руу өгдөг. Түүнчлэн сүүний саваар монгол гэрийн дулаалга, үрслэгээний сав, тэр байтугай саажилттай хүүхдийн цэцэрлэгт зөөхөд хялбархан ширээ сандал хүртэл хийж өгсөн байх жишээтэй. Зөвхөн багахан сэтгэл байхад л энэ чиглэлийн ажилд үр дүн гаргаж болох нь харагдаж байна. Харин бүхэл бүтэн төрийн байгууллага байж бүхэл бүтэн жил бэлдээд бэлдээд хогоо багасгах биш байгалиа улам хордуулж байгаа нь харамсалтай. Нийлэг уут хэрэглэхийг хориглох нь зөв ч аливаа ажлыг судалгаатай, ул суурьтай шийдвэр гарган хэрэгжүүлэхгүй бол хожим гарах хор уршгийг нь бидний хойч үе эрүүл мэндээрээ төлөх болоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)