“Манчестер сити” “Аваргуудын лиг”-т оролцох эрхгүй болж магадгүй

“Манчестер сити” баг санхүүгийн журмыг зөрчсөнөөсөө болж Европын цомын тэмцээнүүдэд оролцох эрхээ хасуулж магадгүй болжээ. “New York Times” сонинд энэ талаар мэдээлжээ.

Уг мэдээлэлд өгүүлснээр, Европын хөлбөмбөгийн холбооны Санхүүгийн хяналтын зөвлөлөөс Ив Летермээр ахлуулсан баг гаргаж багийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн бөгөөд комисс дүгнэлтээ энэ долоо хоногт холбооны удирдлагуудад албан ёсоор танилцуулах юм байна. “New York Times”-ын эх сурвалжийн хэлснээр, шалгалтын дүнд санхүүгийн том зөрчлүүд илэрсэн тул Евро цомын тэмцээнд оролцох эрхийг нь багаар бодоход нэг жил хасах саналыг Санхүүгийн хяналтын зөвлөлөөс санал болгох бололтой. Эх сурвалжийн хэлснээр бол шийтгэх нь бараг ойлгомжтой, 2019-20 оны улиралд уу, 2020-21 оны улиралд уу гэдэг л асуудал байгаа аж. Европын цомын тэмцээнүүдийн сорил зургадугаар сард эхэлдэг. Тиймээс ЕХХ “Манчестер сити”-д давж заалдах боломж өгнө гэвэл шийтгэл 2020-21 онд хэрэгжинэ. Үгүй бол ирэх жил шууд эрхээ хасуулах ийм л хоёр зам үлдсэн гэж эх сурвалж ярьсан байв. “Манчестер сити” өмнө нь мөн санхүүгийн зөрчил гаргаж, тэр хэрэгтээ торгуулиад өнгөрсөн нь энэ удаа шийтгэл авах магадлалыг нэмэгдүүлж байгаа талаар нийтлэлд мөн дурдсан байна.

“Манчестер сити” Европын хөлбөмбөгийн холбоонд хуурамч тайлан гаргаж өгч байсан нь 2014 онд илэрч 49 сая еврогоор торгуул ж байжээ. Тэр үед тэмцээнд орох эрхийг нь хасаагүй ч тэмцээнд оролцохоор мэдүүлсэн тамирчдын нэрийг цөөлж, хоёр улиралд солилцоо наймаанд зарцуулах мөнгийг нь тодорхой хэмжээгээр хязгаарласан аж. Гэхдээ тэр үед багийн удирдлага шийтгэлийг хүлээж авсан ч буруугаа хүлээн зөвшөөрөлгүй өнгөрч байжээ.          

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)