Хүн болох багаасаа

Насанд хүрсэн хүний тархи дунджаар 1100 гр жинтэй байдаг бөгөөд хүний тархины жингийн 87% нь 3 хүртэлх насанд бүрэлддэг гэдэг. Хүүхэд 6 хүртэлх насандаа авсан бүх энергийнхээ 1/3-ыг зөвхөн тархиныхаа хөгжилд зарцуулдаг учир энэ насанд авсан хүмүүжил, мэдлэг, биеэ авч явах чадвар нь ирээдүйд хэн болохыг нь илэрхийлдэг гэхэд болно. Эрдэмтэн судлаачид ч энэ тал дээр санал нэг байдаг төдийгүй хүүхдийнхээ хөгжилд хөрөнгө оруулахыг зөвлөдөг.

АНУ-ын Чикагогын Их сургуулийн профессор, эдийн засагч Жеймс Хэкман бага насны хүүхдийн хөгжилд оруулсан хөрөнгө оруулсан 1 ам.доллар бүр нь 12.90 ам.доллартай тэнцдэг гэдгийг онцолж, хүүхдийнхээ хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь эдийн засгийн хамгийн өндөр өгөөжтэй байдаг гэдгийг дурджээ. Профессор Хэкманы тодорхойлолтыг батлах олон жишээ байдаг төдийгүй өндөр хөгжилтэй, эдийн засгийн хувьд хүчирхэг орнууд “хүн болох багаасаа” гэсэн зарчмыг баримтлан сургуулийн өмнөх насны хүүхдийг анхаарч, боловсролын салбарын төсвийнхөө дийлэнхийг энэ салбартаа хуваарилдаг байна.

Монгол улсад 2017 оны байдлаар 3-5 насны хүүхдүүдийн 70 хувь нь цэцэрлэгт хамрагдаж, 10 хувь нь СӨБ-ын хувилбарт үйлчилгээ болох нүүдлийн болон гэр цэцэрлэгүүдэд хамрагдаж байгаа нь манай улс СӨБ-ын хамрагдалтын түвшингээр эдийн засгийн хөгжлөөр нэлээд дээгүүр Зүүн Европын болон Латин Америкийн орнуудтай энэ зэрэгцэж байгаа гэсэн үг юм. Монгол улсын хувьд СӨБ-д зарцуулсан хөрөнгө оруулалтын урт хугацааны эргэх үр ашгийн судалгаа хийгдээгүй байгаа хэдий ч хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдсан хугацаа урт байх тусам тэдний оюун ухаан, танин мэдэхүй болон бусад суурь ур чадварууд илүү сайжирдаг учир ойрын ирээдүйд биш гэхнээ хэтдээ сайтар төлөвшсөн иргэдтэй болох итгэл төрүүлж байгаа юм.
0-6 насанд хүүхдийн тархи хурдацтай хөгждөг учир энэ үед хүүхдэд танин мэдэхүйн болон анхаарлаа төвлөрүүлэх, сэдэлтэй байх, өөрийгөө хянах, нийтэч байх зэрэг танин мэдэхүйн бус ур чадваруудын суурийг эзэмшүүлэх нь зөвхөн сургуульд амжилттай суралцахад төдийгүй хөдөлмөр эрхлэх болон амьдралаа авч явахад нь зайлшгүй чухал байдаг. Бүх шатны боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт нь зөвхөн боловсрол эзэмшиж байгаа хүнээсээ гадна улс орны эдийн засгийн хөгжилд ашигтай байдаг гэдэг үг ч бий.

Профессор Хэкман эдийн засагчийнхаа хувиар нэгэн сонирхолтой судалгаа хийснээ дүгнэн Хүний хөгжлийн хөрөнгө оруулалтын өгөөжийн муруй-г зурсан байдаг.

Хүний хөгжлийн хөрөнгө оруулалтын өгөөжийн муруй-нд СӨБ-д зарцуулсан хөрөнгө оруулалт буюу 0-6 насны хүүхдийнхээ боловсролд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүн хувь хүнийх нь хувиар хийж буй өгөөжөөрөө хамгийн өндөр байдаг гэдгийг харуулж буй юм. Харин 6-аас дээш насанд олгосон боловсрол, энэ үеийн боловсрол зарцуулж буй хөрөнгө оруулалтын өгөөж нь насныхаа шулуунтай бараг давхцаж байгаагаас харвал энэ хүртэл олсон суурь хүмүүжил нь дээд боловсролтой болсон ч өөрчлөгдөхгүй гэдгийг харуулна.

Тиймээс л тархины хөгжлийн хамгийн эрчимтэй үе болох зургаа хүртэлх насанд хоол тэжээл, хайр халамжаас гадна хүмүүжүүлж, хувь болгоход анхаарахгүй бол хожим  засаж залруулах боломж бага, байлаа ч маш өндөр зардалтай байх болно гэдгийг сануулах хэрэгтэй болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)