Германд сүм хийдийг гадны санхүүжилтээр барихыг хориглоно

Герман улс исламын шашны сүм хийдэд татвар ногдуулах боломжийг судалж байна. Лалын шашны сүм хийдүүдэд татвар ногдуулснаар гаднын улсаас шашны зориулалтаар орж ирж буй хөрөнгө оруулалтыг зогсоох зорилготой аж. Die Welt энэ талаар мэдээллээ. Лалын шашинт оршин суугчид сүм хийдийн үйл ажиллагаа, санхүүгээ өөрсдөө зохицуулдаг болгох нэг арга нь тэдэнд татвар ногдуулах явдал гэж зарим мужийн захиргаа үзэж байгаа ажээ.  

Ийм шинэчлэлийг хийхийн тулд лалын шашинт оршин суугчдыг гадны нөлөөнөөс хамгаалах ёстой. Энэ нь, шашны зорилгоор хөрөнгө оруулж буй гаднынхан хэт даврах үзэл, ардчиллын эсрэг суртал ухуулга хийх давхар зорилго агуулж байдаг гэж эрх баригчид үздэгтэй холбоотой юм байна.

Лалын шашны сүм хийдүүдэд татвар ногдуулахын тулд эхлээд бүртгэлжүүлэх гэнэ. Өмнө нь Герман улс лалын шашны сүм хийдүүдийг албан ёсоор бүртгэдэггүй байжээ. Одоогийн байдлаар Германд лалын шашны 900 гаруй сүм хийд үйл ажиллагаа явуулдгийн ихэнх нь Туркт төвтэй Турк-исламын шашны сүм хийдүүдийн зөвлөл хэмээх байгууллагад харьяалагддаг. Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Германд байн, байн айлчилдгийн учир нь лалын шашны сүм хийд, сүсэгтнүүдийн нөлөөг ашиглан улс төрийн үйл ажиллагаа явуулах сонирхолтой нь холбоотой гэсэн хардлага ч байдаг юм байна.   

2018 оны есдүгээр сард Кёльн хотод Европт томд тооцогдох сүм ашиглалтад орсон бөгөөд Р.Т.Эрдоган хувиараа нисч очин нээлтэд нь оролцсон байна. Сүм барихад 30 сая евро зарцуулсан бөгөөд санхүүжилтийг Турк улс гаргажээ.

Шашны ямар нэгэн бүлэглэлд харьяалагддаг ХБНГУ-ын иргэд орлогоосоо 8-9 хувийг “Сүм хийдийн татвар”-т өгдөг. Шашингүйчүүд, ажилгүй иргэд, бага орлоготой иргэд, тэтгэвэрийнхэн энэ татвараас чөлөөлөгддөг. Харин лалын шашинтнуудыг энэ татварт хамруулалгүй өдийг хүрчээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)