Автомашины хэрэгцээ бүхнээс дээгүүрт байна

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Төв банк хэрэглээний зээлийг хязгаарласан. Ингэснээр гэр ахуй, цахилгаан хэрэгсэл, автомашин, гар утас зэрэг барааны импорт буурах таамаг тус хүрээнийхний дунд байсан. Учир нь, иргэд эдгээр хэрэгцээгээ ихэвчлэн зээлээр хангадаг болохыг тэд тайлбарласан юм. Мөн өнгөрсөн сард Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Тус хуульд олныг сэрдхийлгэх заалт байсан нь хуулийн 23.7 дугаарт баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхгүй байх тухай юм. Ингээд харахаар эдгээр шийдвэр нь яах аргагүй иргэдийг машин авахаа азнахад хүргэж байгаа юм. Дээрээс нь жилийн жилд төгрөгийн ханш ам.доллар, юань, иений эсрэг суларсаар байгаа. Энэ шалтгааны улмаас бүх төрлийн автомашины үнэ гурван жилийн өмнөхөөс 50 хувь өссөн. Авто машин худалдан авахад хүндрэлтэй болсон нөхцөл байдал ийм байна. Тэгвэл нөгөө талд иргэдийн автомашин худалдан авах эрэлт их байгаа бололтой. Учир нь, авто машины импорт энэ онд 15 хувиар өсжээ. Тодруулбал, энэ оны дөрвөн сарын байдлаар тээврийн хэрэгслийн импорт 328.8 сая ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 46.1 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр улсын хилээр 25571  суудлын машин орж ирсэн бол ачааны автомашин 7251  орж иржээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 40 хувиар буюу 10207-аар, ачааны автомашины импорт 14 хувиар буюу 1669-ээр нэмэгдсэн байна. Мөн 371.1 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад мөн л 9.9 сая ам.доллараар буюу 2.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машины тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн импорт давамгайлсан хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрдэс бүтээгдэхүүний импорт 23.2, машин тоног төхөөрөмж, сэлбэг 21.0, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 18.6 хувийг эзэлсээр байгаа гэдэг мэдээллийг өгсөн.

Албаныхны өгсөн мэдээллээр өнөөдөр манай улсад 950 мянган тээврийн хэрэгсэл бий. Агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл толгойн өвчин болсон энэ үед автомашины тоог цөөлөх хэрэгтэй гэдэг хэсэг бий. Тэгвэл нөгөө талаас автомашин бол иргэдийн гангараа биш хэрэглээ болсон. Энэ цаг үед хөл дүүжлэх унаатай байхгүй бол ажил амжихгүй байна гэх ч байгаа. Тэгвэл дээр дурдсан нөхцөл байдал хийгээд импортын өсөлтийг харвал иргэдийн автомашины хэрэгцээ ямар ч шийдвэр, үнийн өсөлт, зээлийн хязгаарлалтаас давж байгаа юм. Тэгэхээр авто машины хэрэгцээ иргэдийн хувьд бүхнээс дээгүүрт байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Бодлогогүй төртэй, чадамжгүй, мэдлэггүй төрийн албатай, улсаа сөнөөхөөс ч буцахгүй төрмөл хулгайчуудаар дүүрсэн бүлэглэлтэй, бүх зүйлд хомхой сэтгэлээр ханддаг эх оронч биш хуульгүй улс яагаад ч хөгжихгүй шүү дээ. Ядаж нийтийн тээврийн алс ирээдүйн бодлого ч байхгүй шүү дээ. Өр зээл төсвийн ашгийг уралдаж зулгааж хоослохоо бодохоос биш юун ирээдүйн хөгжил.

    0 0 Хариу бичих