Хүүхдүүд хуулийн цоорхойгоор “гоожиж” байна

Энэ хорвоод хүн болж төрнө гэдэг атга буудай дээш шидээд нэг нь л зүүний үзүүр дээр тогтохтой адилтган ярьдаг. Тэгвэл ийм ховор хувь заяаг олж төрсөн энхрий үрсээ эцэг, эхчүүд нь өөрсдөө тарчлаан зовоож байгаа аймшигт хэргүүд ар араасаа цувран гарсаар л байна. Инээж, тоглохоос өөр үүрэггүй энхрий бяцхан үрс маань ямар нийгэмд амьдарч байна вэ?!

Хүүхэд зөвхөн инээх л үүрэгтэй. Гэвч...

Хүүхэд нас гэдэг хүн бүрийн хувьд хамгийн үнэ цэнэтэй, амьдралын бүхий л эхлэл, суурь тавигддаг гэгээхэн, аз жаргалтай үе. Тэр ч утгаараа Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуульдаа “Хүүхэд эрүүл мэнд өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж онцгойлон заасан байдаг. Гэвч өнөөдөр хүүхэд хүчирхийлэлд өртөн эрүүл мэнд, амь насаараа хохирсон жигшүүрт хэргүүд ар араасаа гаран нийгмийг цочирдуулсаар л байна. Хамгийн ойрын жишээ дурдахад 4 болон 6 настай бяцхан хөвгүүд ээжийнхээ эзгүйд хойд эцгийнхээ гарын шүүс болж, гурав хоног тарчилсан аймшигт хэрэг гарлаа. Азаар амь наснаас нь холуур өнгөрсөн ч Энхүүлээ, Мөнхүүлээ гэх хоёр хүүгийн туулсан зовлонг төсөөлөхөд ч бэрх байна. Зөвхөн инээх, эрхлэх, тоглох л үүрэгтэй бяцхан хөвгүүдэд тохиолдсон энэ аймшигт хэрэг нийгэмд өдөр бүр өрнөж байгааг бодохоор харамсмаар...

Яг үүн шиг хойд эцгийнхээ болон эхийнхээ хүчирхийлэлд өртөн амь насаараа хохирч, эмнэлэгт хүргэгдсэн хүүхэдтэй холбоотой хэргүүд өнгөрсөн хугацаанд хэдэнтээ гарч, тэр үед нь бүгд л шуугин шагширч, гаслан санааширсаар мартагдсан байх байх юм.

Нийгмийг, нийтийг цочроосон хүүхэд хүчирхийлсэн, амь насыг нь хороосон аймшигт, жигшүүрт гэмт хэрэг гарахад ард түмэн л халааснаасаа мөнгө гарган тэдний эмнэлгийн эмчилгээ, эргээд гараад амьдрах орон байр, өмгөөлөгчийн зардалд тусалдаг. Ард түмэн баяндаа энэ бүх аймшигт гэмт хэргийн золиос болон хохирсон бяцхан зүрхнүүд, тэдний ар гэрийнхэнд хоногийн хоолноосоо хугаслан байж тусалдаггүй. Тэд сэтгэл зүрх нь эмтрэн, өр нь зүсэгдэн үр хойчдоо санаа зовнин дахин ийм хэрэг бүү гараасай гэсэн чин сэтгэлээрээ тусалдаг билээ. Харин ТӨР хаана байна вэ?

Ямбыг нь эдэлдэг төрийн түшээд яг цагаа тулахад хохирсон иргэдэд, бяцхан үрсдээ тусалж чадаж байна уу. Жил бүр өчнөөн тэрбумын төсөв авдаг, үүгээрээ тавилга сэлтхэн авсаар хүүхдийн эрх хангагдах уу?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ХНХЯ, Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэх “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийн нээлт дээр Ерөнхийлөгч Х.Баттулга “Олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгийн дүнд хүүхэд хамгаалалд зориулсан төсөв нэмэгдэж байгаа ч өмнөх жилүүдийн адилаар хүүхэд хамгааллын мөнгийг ширээ сандал, тавилга худалдаж авах үйл ажиллагааны зардал болгохгүй байх ёстой. Энэ бүхний үр дүнд өнгөрсөн жилийх шиг чих халууцуулж, сэтгэл өвтгөсөн тоо баримтууд буурах ёстой гэж үзэж байна” хэмээн онцлон хэлсэн.

Угтаа бол Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэнчлэн төр засаг, шийдвэр гаргагчид, хүүхдийн гэх тодотголтой байгууллагууд дорвитой арга хэмжээ авах ёстой юм. Адаглаад л “Хүүхдийн тусламжийн утас 108” болон цагдаагийн байгууллагад гэр бүлийн орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, хүчирхийллийн талаар иргэд хэрхэн мэдээлэл өгөхийг тал дээр ухуулан таниулах хэрэгтэй байна. Хаалганы цаана, хөршийн тань хүүхэд мэгшин уйлах дуу магадгүй маргаашийн энэ мэт хэргийн эхлэл юм биш биз. “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэгчээр иргэд бусдын асуудалд оролцохгүй хэмээн хөршийндөө болж байгаа хананы цаадахь зүйлийг сонссон ч сонсоогүй мэт өнгөрсөөр байх уу. Хөршөө ч танихгүй болсон өнөөгийн нийгмийн бас нэг бараан сүүдэр нь энэ мэт гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсээр байна.

Хөрш нь “чихгүй”, төр нь “нүдгүй” энэ нийгмийн золиос нь бяцхан үрс болсоор. Харамсалтай нь, аймшигт гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чаддаггүй төр нь хохирсон хүүхдүүддээ ч тусалж чаддаггүй гэвэл Та итгэх үү. Зөвхөн ганцхан жишээ хэлье. Тэр нь хохирсон иргэдэд үзүүлэх хууль зүйн туслалцаа гэсэн ойлголт Монголд үнэндээ алга.

Хамгаалж чадахгүй, өмгөөлөх хүсэлгүй төр

Эрх нь зөрчигдсөн үрсийн төлөө ард түмэн л халаасаа тэмтэрч байгааг бид бүгдээрээ мэднэ. Тэд орон байр олж өгч байна, тэд л хоногийн хоолыг нь залгуулж байна. Тэд асарч сувилж байна. Харин төр ахиад л ХААНА БАЙНА ВЭ? Эцэгтээ зодуулж, эхдээ адлуулсан бяцхан үрс төрдөө хандаж, эрхээ хамгаалуулах ямар ч баталгаа алга. Зөвхөн хүүхэд бус, хохирсон хэн бүрийг гэмт хэргээс хамгаалж чадаагүй төр нь, бүр өмгөөлөх ч хүсэлгүй гэвэл яах вэ? Мөнгөө төлөхгүй бол таны төлөө төр хөдлөхгүй гэсэн л хууль Монголд өнөөдөр үйлчилж байна шүү дээ.

5.3 дугаар зүйл. Өмгөөлөгчоролцуулах

1. Дараахь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй:

1.6. төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хүсэлтээр, эсхүл зөвшөөрснөөр энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгч сонгоогүй бол шүүх, прокурор нь томилогдсон өмгөөлөгч оролцуулна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай энэ хуулиар бол сэжигтэн, яллагдагч, шүүгчдэгчийг л төр өмгөөлөгчөөр хангах тухай зохицуулалт байгаа юм. Харин хохирсон иргэд өмгөөлөгч авахын тулд мөнгөө л төлөх ёстой. Яг үнэндээ өнөөдөр төлбөрийн чадваргүйгээс болж өмгөөлөгч авч чадахгүй байгаа хохирогчдод хууль зүйн чиглэлийн хэдэн төрийн бус байгууллага л “гараа сунгаж” байгаа. Тэрнээс биш тэдэнд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх зохицуулалт алга. Харин ч 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуульд мөрдөгдөж эхэлсэн байдаг. Гэмт хэрэгтэн ч гэсэн хүн. Тэд өмгөөлүүлэх нь зүйн хэрэг. Ийм эрхтэй. Тиймдээ ч төлбөрийн чадваргүй яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн байдлыг нарийн зааж өгсөн нь сайн хэрэг. Уг хуульд зааснаар улсын өмгөөлөгч зөвхөн гэмт хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх байдлаар хязгаарлагдаж байгаа юм. Тэгсэн хэрнээ төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн асуудлыг эдгээр хуулиудын алинд нь ч зааж өгөөгүй. Тиймээс хохирогч болоод байгаа хүүхдүүдийн, хойд эцгийн гараас үрсээ мулталсан ээж нарын хувьд ч ядаж өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй байна шүү дээ. Төр нь тэднийгээ хамгаалж чадаагүй хэрнээ өмгөөлөх хүсэлгүй байгаа нь гачлантай...


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)