Д.Ганбаатар: 7-гоос доош насны хүүхдээр хурдан морь унуулбал морь уралдуулах эрхийг нь хасах хэрэгтэй

Хоёр сарын дараа монгол түмний баяр цэнгэлийн манлай Үндэсний их баяр наадам болно. Наадмын өмнөхөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тохиолдол олон. Тухайлбал, 2014 оны наадмын өмнө далай аварга цолыг хасах өөрчлөлт оруулж А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт дархан аварга цол олгосон. Мөн 2017 онд энэ хуульд өөрчлөлт оруулж улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач цол, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын хошой мэргэн, улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгож байхаар болсон юм. Харин энэ удаад хурдан морины уралдаан, уяачидтай холбоотой өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Саранчимэг нар энэ сарын 3-нд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан.

Наадмаар хурдан морины уралдааныг есөөс дээш машин дагахыг хориглоно

Уг хуулийн төсөлд нэлээд хэдэн зохицуулалт тусгажээ. Тухайлбал, хурдан морины уралдааныг есөөс илүү машин дагахыг хориглох заалт оруулсан байна. “Хурдан морины уралдааны хажуугаар машины уралдаан болж байгаа мэт замбараагүй байдал үүсдэг”, “Олон машин уралдаан дагасантай холбоотойгоор тоос их босдог” гэх мэт шүүмжлэл их гардаг. Тиймээс ийнхүү хурдан морины уралдааныг дагах машины тоог цөөлөх нь зүйтэй гэж үзжээ.

Наймаас доош насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглоно

Мөн жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох заалт нэмэхээр хуулийн төсөлдөө тусгажээ. Гэхдээ зөвхөн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-нд хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон насны ангиллаар зохион байгуулахыг зөвшөөрөх юм байна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан 14 буюу түүнээс дээш насны хүүхдээр унуулахыг зөвшөөрөх ажээ. Мөн баяр наадмын хурдан морийг найм болон түүнээс дээш насны хүүхдээр унуулах заалт оруулжээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол долоогоос дээш насны хүүхдээр унуулдаг юм.

Хууль санаачлагчид төслөө наадмаас өмнө батлуулж ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ. Төслөө боловсруулсан даруйдаа уяачдыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан юм байна. Хэлэлцүүлэгт оролцсон уяачид ямар байр суурь илэрхийлж байсныг хүргэе.

Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Дүнжингарав уралдааныг хуульчлах хэрэгтэй

-“Дүнжингаравын хурд гэдэг уралдаан байх ёстой юу, үгүй юу” гэж боддог юм. Хэрэв байх ёстой бол тэр нь хуультай байх учиртай. Энэ уралдаан бол хот тойрсон хэдэн уяач, уяачдын холбооны хэдэн тэргүүлэгчдийн саналаар болдог зүйл биш байх ёстой. Тиймээс ч долдугаар сарын 11, 12-нд төрийн наадам болдог шиг шинийн найман юм уу, 15-нд Дүнжингаравын хурдыг зохион байгуулдаг байж болно. Ингээд хуульчилчихвал энэ уралдааныг дагасан хэл ам, элдэв асуудал гарахгүй.

Тод манлай уяач Д.Ганбаатар: Би морин тойруулга байгуулахаар зорьж байгаа

-Сэрвээний өндрийг тогтооход хүний оролцоо байдаг болохоор нэгнийх нь монголыг хасаад, нөгөөгийнх нь эрлийзийг явуулчихдаг асуудал бий. Ер нь генийн түвшинд шинжилдэг болох хүртэл сэрвээний өндрөөр нь ялгахаас өөр замгүй. Ингэхдээ сэрвээний өндрийг анхны мөрдөж байсан стандартаар явах нь зүйтэй болов уу. Тэгвэл нийт уяачдын эрх ашигт тодорхой хэмжээгээр нийцэх байх. Миний санаж байгаагаар хамгийн сүүлийн стандарт хоёр см-ээр нэмэгдсэн байна лээ. Энэ стандартын дагуу бол монгол адуу уралдах боломжгүй болчихож байгаа юм. Тодруулбал, их насны морь 141, азарга, соёолон 140 см гэвэл эрлийзүүдийн дийлэнх нь хасагдах байх.

Мөн хуульдаа хариуцлагын асуудлыг сайн суулгаж өгөх хэрэгтэй. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж хуульд заасан долоогоос доош насны хүүхдээр морь унуулбал цолтой нь ярьдаг, уралдаанд оролцох эрхийг нь тодорхой хугацаагаар хасдаг гэх зэрэг хариуцлагын асуудлыг сайн тусгаж өгөх нь зүйтэй. Миний хувьд морин тойруулга байгуулахаар зорьж байгаа. Та бүхэнтэйгээ хамтарч хийнэ.

Тод манлай уяач Б.Бат-Өлзий: 10 жилийн дараа цэвэр монгол цустай адуу уралдахаа болино

-Эрлийз адуу одоо л уралдаж байгаа юм биш, 1950-иад оноос л уралдаж эхэлсэн юм шүү дээ. Хэрэв үүнийг хорих байсан юм бол яах гэж хилээр оруулж ирэхийг нь зөвшөөрсөн юм бэ. Одоо ч хилээр замбараагүй орж ирж байна. 10 жилийн дараа цэвэр монгол цустай адуугаар уралдахаа болино. Бодит байдал ийм л байна.

Манлай уяач Ч.Улаан: Өвлийн уралдаанд хүүхэд эрсдэж байна гэдэг нь үнэнд нийцэхгүй

-Цаашид монгол морин уралдааны нэр хүндийг өргөх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Морин уралдааны нэр хүнд айхтар унасан гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөдөр захын хүн морин уралдааныг баячуудын зугаа, аархал, цаашилбал хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, бөөн эрсдэл, үүнийг хорих хэрэгтэй гэж дуугарах гээд байгаа шүү. Бид тэдэнд ингэж ярих сэжүүр, дохио өгч болохгүй. Нөгөө талаар, өвлийн уралдаан гэж байхгүй. Уралдааны дүрэмд намрын дунд сарын шинийн 17-ноос хаврын эхэн сарын шинийн гурван хүртэл морь уралдахыг хорьсон. Өвлийн уралдаанд хүүхэд эрсдэж байна гэж яриад, асуугаад байгаа бол үнэнд нийцэхгүй. Харин хаврын уралдааныг тогтсон цаг хугацаанд нь тогтмол зохион байгуулдаг болох гэсэн асуудлыг нэгмөсөн шийдэж, тогтох хэрэгтэй.

Манай морин уралдаан мэргэжлийн түвшинд хүрвэл сонирхогчийн, мэргэжлийн гэж ялгагдах ёстой. Бас эрлийз, монгол гэж ялгах учиртай. Тэгвэл монгол морио энэ стандартын хэмжээгээр нь авч явна гэсэн үг. Ер нь монгол морийг яваандаа пони морины чиглэл рүү оруулах гээд байгаа. Стандарт хэмжээг нь доош нь дараад монгол морио зориуд пони чиглэл рүү хөтлөх урсгалыг дэмжмээргүй байна.

Тод манлай уяач Д.Хишигжаргал: Гишүүд тойрогтоо таалагдах гээд морины хөгжлийг хойш нь татаж байна

-Пони морь, монгол морь гэж улс төр хийхээ л больчих. Шулуухан хэлэхэд, гишүүд сонгогдсон аймгийнхаа ард түмэнд таалагдах гэж улс төр хийгээд байгаа болохоор л морины хөгжлийг хойш нь татаад байгаа юм шүү дээ. Тодруулбал, хэдэн гишүүн тойрогтоо таалагдахын тулд бид “Монгол морины тухай хууль, дүрэм батална” гэж ярьж байна. Үүнийгээ болих хэрэгтэй.

“Аравгар хээр” МСУХ-ны тэргүүн Ю.Үнэнбүрэн: Хурдан морь унах хүүхэд жилээс жилд ховордож байна

-Бид эрлийз, монголоо яаж уралдуулах вэ гэж хэрэлдэхийн хажуугаар хурдан морь унадаг хүүхдийн тухай асуудал, морь уядаг хүмүүсээ уяачдын холбооноос хэрхэн дэмжих, төрөөс яаж дэмжлэг үзүүлэх зэргийг тусгаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол морь унах хүүхэд жилээс жилд ховордож байгааг бүгд мэдэж байгаа. Энэ асуудлыг төр бодлогоор дэмжихгүй бол 10-15 жилийн дараа морь унах хүүхэдгүй болно шүү. Бид ингэж хэрэлдэж суух ч шаардлагагүй болох байх.

Өнөөдөр энд сууж байгаа хүмүүс бүгд найзууд. Нэг хэсэг нь эрлийзтэй, нэг хэсэг нь монголтой. Тэгэхдээ бид Монголын соёлыг авч яваа тэр олон мянган уяачийн ганцхан хувь нь. Би л гэхэд Өвөрхангай аймгийн хүн. Өвөрхангайн МСУХ 3000 гишүүнтэй. 3000 гишүүнээс санал авахад 15 хүн л сэрвээний өндрөөр уралдъя, бусад нь монгол морьдтой гэлээ. Үнэн хэрэг дээрээ байдал ийм л байна. Учир нь, эрлийзийг хэдэн саяар нь авч үржүүлээд, ахиад эрлийзтэй уралдах хэмжээний адуу авчраад уралдуулах нөхцөл, бололцоо тэдэнд байхгүй. Бас дандаа ялагдана гэдэг хэцүү шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Энэ Улаан нэг месен уяачаа хиймээр юм даа, УИХ-д сууж байгаад морь уяна гэж юу байдаг юм

    0 0 Хариу бичих
  2. төрийн албан тушаал хашиж байгаа хүмүүс энэ уяа морьдтой зууралдаад байдгийг болиулах хэрэгтэй, нэг бол ажлаа хийх , нэг бол морио уяад явах, аль нэгийг нь сонгох хэрэгтэй ...

    0 0 Хариу бичих