Олон улсын Гэрлийн өдрийг тэмдэглэж байна

Олон улсын Гэрлийн өдрийг дэлхий даяар өнөөдөр тэмдэглэж байна. Энэ өдрийг ЮНЕСКО-ийн шийдвэрээр 2018 онд анх дэлхийн 87 орон тэмдэглэн өнгөрүүлсэн ажээ. ЮНЕСКО энэ жил хоёр дахь удаагаа тэмдэглэж буй энэхүү өдрийг тохиолдуулан олон улсын шинжлэх ухааны нийгэмлэгүүдийг энэхүү чухал сэдэвт анхаарлаа хандуулан ажиллахыг уриалсан байна. Түүнчлэн Олон улсын Гэрлийн өдөрт зориулан ЮНЕСКО-ийн ерөнхий захирал Одри Азулэй илгээлт гаргажээ. 

Тэрээр илгээлтдээ, "Гэрлийг харах надад таатай байна. Цаг нь болоогүй байхад намайг бүү хөнөөгөөч". Грекийн гүн ухаанч, суут зохиолч Эурипидесийн “Аулида хотын Ифигения” эмгэнэлт зохиолын гол дүр Ифигения өөрийн эцэг Агемемноноос Артемис бурханы тушаалаар түүнийг золиослохгүй байхыг гуйдаг. Ифигениягийн хувьд амьд байх гол шалтгаан нь гэрлийн жаргалтай бодрол юм. Энэ зохиолд гэрлийг амьдралаар дүрсэлдэг бөгөөд гэрэл нь амьдралыг тодорхойлдог бусад бүх зүйлсээс хамгийн чухал нь юм. Гэрэл эхлээд ирдэг; Гэрэл бидэнд ертөнцийг харах боломжийг олгодог. Гэрлийн онцгой шинж чанарууд нь бүхий л соёл иргэншилд чухал ач холбогдолтой юм. Гэрэл бидний амьдралд маш чухал болохыг Дэлхийн өвийн дурсгалт газруудын архитектурууд харуулдаг бөгөөд Парисын дарь эхийн сүмийн сарнай хэлбэрт цонх, эсвэл тэнгэрийн нарны замыг дүрсэлсэн Мачу Пикчугийн өвөрмөц бүтцийг жишээ болгон дурдаж болох юм.

Гэрэл ба түүний эмчилгээний чанарууд нь дүрслэх ба тайз дэлгэцийн урлаг, уран зохиол, уран сэтгэмжийн чухал элементүүд юм. Урлаг, философи, хүмүүнлэгийн шинжлэх ухааны бүтээлүүдэд ч мөн гэрлийг бэлгэ тэмдэг болгон хэрэглэдэг. Гэрлийн талаарх ойлголт нь бидний шинжлэх ухааны ойлголт өсөж хөгжих хэрээр хувьсан өөрчлөгдсөөр байгааг бид эдгээр бүтээлүүдээс харах боломжтой юм. 

Байгалийн онцгой үзэгдлүүдийн нэг болох гэрлийн олон гайхалтай шинж чанарыг шинжлэх ухаан ойлгон хэрэглэж ирсэн бөгөөд гэрэл нь шинжлэх ухааны бүх салбарын хэрэглээнд чухал үүргийг гүйцэтгэсээр байна. Орчлон ертөнц бий болохоос эхлээд анагаах ухаан, хөдөө аж ахуй, эрчим хүч, хараа зүй зэрэг олон салбарт радио долгион, рентген зураг гэх мэт төрөл бүрийн хэлбэрээр олон төрлийн шинэ технологийг хөгжүүлэхэд бид гэрлийг ашиглаж ирсэн бөгөөд одоо ч ашигласаар байна. Гэрлийг ойлгосноор шинжлэх ухаан, технологийн агуу их хөгжил дэвшилд хүрэх боломжтой юм. 

Цаашлаад, гэрлийн байгалийн ашиг тус, шинжлэх ухаан, технологийн хэрэглээ нь манай нийгэм дэх өдөр тутмын амьдралын чухал хэсэг болоод байна. Эдгээр ашиг тус, хэрэглээ нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн зорилтуудын хэрэгжилтэд чухал ач холбогдолтой. юм.

Ялангуяа хөгжиж буй орнуудын амьдралын түвшинг дээшлүүлж, алслагдсан газруудын иргэдийг интернэттэй холбох, цаашлаад шилэн кабел, цахилгааны хүртээмжийн асуудлыг шийдвэрлэх нь нэн чухал юм. Ингэснээр харилцаа холбооны сүлжээ өргөжин тэлж, соёлын солилцоо, шударга ёс, хариуцлагатай байдал, энх тайвныг бий болгоход эерэгээр нөлөөлөх юм. Бид олон улсын гэрлийн өдрөөр дамжуулан хүн төрөлхтөний амьдралын бүхий л салбарт гэрэл чухал үүрэгтэй гэдгийг харуулахыг зорьж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)