Энэ өдөр түүхэнд: Цахим холбоо, мэдээллийн нийгэмлэгийн олон улсын өдөр

Оны 109 дэх өдөр, Шинэ он хүртэл 256 хоног үлдлээ

Өдрийн баяр

Цахим холбоо, мэдээллийн нийгэмлэгийн олон улсын өдөр

НҮБ-ын Ерөнхий ассамблей 2006 оны гуравдугаар сарын 27-нд гаргасан тогтоолын дагуу энэ өдрийг Цахим холбоо ба Дэлхийн мэдээллийн нийгэмлэгийн өдөр  (World Telecommunication and Information Society Day)болгожээ.Хоёр сар хагас хүндхэн хэлэлцээр явуулсны үр дүнд  1865 оны тавдугаар сарын 17-нд  Парис хотноо анхны Телеграфын гэрээ байгуулагдан Олон улсын холбоо үүсчээ. Тэр нь 1932 оноос Цахим холбооны олон улсын холбоо гэж нэрлэгдэх болов.

Норвегийн Үндсэн хуулийн баярын өдөр

Тус орны албан ёсны нэр нь Норвегийн вант улс, норвегиэр “конгэрикэт но́ргэ” гэж дуудагддаг. Хойд Европын энэ улс Скандинавын хойгийн баруун ба хойд хэсэгт байрладаг.Норвеги өмнө нь бие даасан улс байсангүй. Данийн вангууд түүнийг 1380 оноос захирч байгаад 1814 онд дайнд ялагдсаны дараа Шведийн мэдэлд орсон байлаа. Гэхдээ норвегиуд энэ шилжилтийн хугацаанд Төрийн чуулганы депутатуудыг цуглуулж Эйдсволл хотноо Үндсэн хуулиа батлан Үндсэн хуульт  вант улс болжээ. Шведийн ван Норвегийн шинэ захирагч болсон байсан учир тэр хуулийг нь хүлээн авахаас өөр аргагүй болжээ.

Сонирхолтой түүх

Ялагдаж үзээгүй жанжны хөшөөг босгожээ

1801 оны энэ өдөр  Санкт-Петербургийн Марсын талбайд Оросын агуу жанжин А.В.Суворовт зориулан босгосон хөшөөний нээлт болжээ. Бүхий л насандаа ганц ч удаа ялагдал хүлээж үзээгүй Суворовт зориулсан хөшөөг босгох саналыг I Павел хаан гаргажээ.Харамсалтай нь хөшөөг зориулсан хүн, хөшөөг бүтээлгэсэн хүн хоёр нээлтийг нь үзэж чадсангүй. Нээлтээс жилийн өмнө гүн Суворов таалал төгсөв. Нээлтээс хоёр сарын өмнө I Павел хаан алагджээ.1818 онд Михайловын ордны орчныг шинэчилж дуусаад хөшөөг Нева мөрөн рүү гарсан шинэ талбайд байрлуулжээ.

Эх орны дайны үеэр  хөшөөг зэргэлдээ байшингийн подвалд  нуух гээд амжаагүй. Фашистын бөмбөгнүүд хөшөөг тойрон унахдаа түүнийг нуух гэж байсан подвалд туссан гэх яриа байдаг. Хөшөө дайны үеэр огт гэмтээгүй үлдсэн байна.

Анхны өнгөт гэрэл зураг

Лондоны  Кингз-колледжид 1861 оны тавдугаар сарын 17-нд Шотландын физикч Жеймс Максвеллын арга техникээр боловсруулсан анхны өнгөт гэрэл зургийг нийтэд танилцуулжээ. Түүнийг гэрэл зурагчин Томас Саттоны хамт хийсэн байв. Зурагт буусан биетээр дөрвөлжин хээтэй шотланд даавуун туузыг дэвсгэр нь болох хар хилэнгийн хамт Максвелл сонгон авсан байна.Оксфордод 1860 онд болсон Британийн эвслүүдийн их хурал дээр Максвелл өөрийн өнгөний тухай онолоо танилцуулан түүнийгээ өнгөт хайрцгийн тусламжтайгаар баталгаажуулж байв.

Дэлгэц дээр сав нь өөрөө шүүлтүүр болсон  улаан ногоон, цэнхэр шингэнтэй  гурван шилэн позитивыг тусган үзүүлж байлаа. Дараа нь  тэднийг нэгтгэн өнгөт зураг гаргаж байв.

Өнөөдөр түүхэнд

1521 - Букингемийн гүн Эдуард Стаффордыг улс орноосоо урвасан гэх үндэслэлээр цаазалжээ.

1536 - Английн хаан VIII Генри, Анна Болейн нар гэрлэлтээ цуцлуулжээ.

1673 - Францын аялагч Луи Жоллье, Жак Маргет нар Миссиппи мөрнийг  судлах замдаа гарчээ.

1718 – Английн хуульч Жеймс Пакл дэлхийн анхны пулёмет буунд патент авлаа. 

1792–Том модны сүүдэр дор сууж байсан 24 боркер Нью-Йоркийн хөрөнгийн биржийг байгуулжээ. Мод байсан газар өнөөдөр Уолл-стрит байрлаж байна.

1805 - Египетийн хаан ширээнд Валийн гүн Мухаммад Али суужээ.

1814 - Норвегийн Үндсэн хуульд Данийн угсаа залгамжлах хунтайж Кристиан Фредерик гарын үсэг зурснаар Норвегийн хаан болжээ.

1846 – Бельгийн мастер Адольф Сакс саксофон хөгжмийн зэмсэгтээ патент авчээ.

1859 - Австралийн үндэсний хөлбөмбөгийн дүрэм албан ёсоор батлагдав.

1869 - Японы эзэн хааны арми Токугавагийн шоёгуны удирдлаганд захирагдаж байсан цэргийн хүчийг буулган авснаар "Шороон Луу жилийн дайн" албан ёсоор эцэслэв.

1914 - Корфугийн протоколд гарын үсэг зурснаар одоогийн Албани улс албан ёсоор автономит эрхтэй болжээ.

1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Герман улс Бельгийн нийслэл Брюссель хотыг эзлэв.

1967 - Зургаан өдрийн дайн: Египетийн Ерөнхийлөгч Гамаль Абдел Насер НҮБ-ын Энхийг сахиулагчдыг эх нутгаасаа гаргах зарлигт гарын үсэг зурав.

1973 - Уотергейтын дуулиан: АНУ-ын Сенат тухайн үеийн Ерөнхийлөгч Ричард Никсон болон дуулианд холбогдсон хүмүүсээс сонсгол авч, тайлбар хийж байгааг телевизээр шууд дамжуулав.

1980 - Өмнөд Солонгост дэгдсэн оюутны бослого Үндсэн хуульд өөрчлөлт оруулах амлалт өгснөөр намжив.

1983 - Ливан, Израиль, АНУ гэрээнд гарын үсэг зурснаас Ливан улсаас Израилийн цэргүүд гарах боллоо.

1992 - Тайландын Ерөнхий сайд Сушинда Крапраёныг эсэргүүцсэн олон нийтийг хамарсан жагсаал эхлэв. Гурав хоног үргэлжилсэн жагсаалын үеэр 52 хүн амиа алдаж, 3500 хүн баривчлагджээ.

1994 - Малави улсад анх удаагаа олон намын оролцоотой ардчилсан, чөлөөт сонгууль болов.

2000 - Данийн нийслэл Копенгаген хотноо болсон Европын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний шигшээ тоглолтын үеэр Арсенал болон Галатасарай клубийн хөгжөөн дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарлаа.

2004 - АНУ-ын Массачусетс муж ижил хүйстний гэрлэлтийг хуульчилсан анхны муж болжээ.

2007 - Өмнөд болон Хойд Солонгосын Засгийн газар тохиролцсоны үндсэн дээр 38 дугаар өргөргөөр галт тэрэгний замыг  туршжээ. Энэ нь 1953 оноос хойш анх удаагаа цэрэггүй бүсийг нэвтрэн гарсан үйл явдал болсон юм.

2009 - Өдгөө тоглоом сонирхогчдын дунд алдартай байгаа "Майнкрафт" тоглоом албан ёсоор худалдаанд гарчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)