Эрдэмтэд, сэтгүүлчид хамтран шинжлэх ухааныг сурталчилна

БСШУСЯ, ШУА, Шинжлэх ухаан, технологийн сан, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран "Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг сэтгүүл зүйгээр дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх нь" сэдэвт салбар дундын хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Дэлхий нийтээр шинжлэх ухааны сэтгүүл зүйд анхаарлаа хандуулах болсонтой адил манай улс ч бас энэ чиглэлд илүү анхаарч, цаашид хөгжүүлэх бодлого баримтлах ёстой болсныг эл хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. Хэлэлцүүлгийн үеэр шинжлэх ухаан технологийн салбарын хөгжлийн хандлага, Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн онлайн платформ, сэтгүүлчдийг шинжлэх ухааны чиглэлээр мэргэшүүлэх боломж, сургалтын арга хэлбэр, монгол эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан сурталчлах арга зам, хэвлэл мэдээллийн салбар дахь инновацийн ирээдүй, шинжлэх ухаан, технологийн ололтыг сурталчлан таниулахад сэтгүүлчдийн үүрэг зэрэг сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсэн юм. 

Хэлэлцүүлгийн жишиг илтгэлийг МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч О.Одгэрэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд "Рекомбинант технологиор альфа интерфероныг үйлдвэрлэх нь" сэдэвт түүний илтгэл Монголын био технологийн салбар дэлхийн түвшинд хүрснийг нотлох мэдээллээр дүүрэн байв. 

МУБИС-ын Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, доктор Ж.Батбаатар "Шинжлэх ухааны мэдээллийг олон нийтэд түгээх хоёр түвшин бий. Эхнийх нь мэргэжлийн сэтгүүлчид шинжлэх ухааны мэдээллийг энгийн түвшинд, захын уншигч ойлгохоор болгож хялбаршуулан "орчуулж" хүргэх явдал. Хоёр дахь нь шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрдэмтэд сэтгүүлч мэргэжлийг давхар эзэмшин мэргэшиж өөр өөрийн салбарын судалгааны чиглэлээрх мэдээллийг олон нийтэд хүргэх хэлбэр байдаг. Энэ хоёр түвшинд шинжлэх ухааны сэтгүүл зүйг хөгжүүлэх талаар ярих нь оновчтой" гэсэн юм.

МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш М.Зулькафель “Сэтгүүлчид аливаа үйл явдлыг сенсацлах дуртай. Шинжлэх ухаанд тэгвэл энэ нь хориотой. Аливааг хэт уянгын хэлбэрт оруулж, үйл явдлыг дөвийлгөн бичдэггүй. АНУ, Герман зэрэг оронд шинжлэх ухааны сэтгүүлзүйгээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэж байна. Манай улс сэтгүүлч бэлтгэж буй 10 гаруй их, дээд сургууль оюутныг гуравдугаар дамжаанаас нь эхлэн тусгайлан бэлтгэх шаардлагатай байгаа юм. Одоогоор хэвлэл мэдээллийн байгууллагад шинжлэх ухааны чиглэлээр бичдэг сэтгүүлчид суурь мэдлэг нь дутагдаж байна. Суурь мэдлэгтэй хүмүүст бичих арга барил дутагддаг. Ийм асуудал үүсдэг. Нөгөө талаас сэтгүүл зүйн салбарт эрдэмтдийг ажиллуулах нь шинжлэх ухааны сэтгүүл зүйг хөгжүүлэх үндэс болно” гэлээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)