Орчин үеийн боолчлол буюу “Катар 2022”

ДАШТ-ий бүтээн байгуулалт

“Цэнгэлдэх хүрээлэнгийн барилга дээр амиа алдсан ажилчин бүрийн төлөө нэг минут дуугүй зогсож эмгэнэл илэрхийлье гэвэл ДАШТ-ий эхний 44 тоглолт чимээгүй явагдах болно”.

Норвегийн Худалдааны нэгдлүүдийн холбооны тэргүүн Ханс Христиан Габриэльсен

Спортын том тэмцээн, наадам зохион байгуулахад санхүүгийн эх үүсвэрээс гадна асар их хөдөлмөр, мэдлэг чадвар, туршлага шаардагддаг билээ. Хүн төрөлхтний их баяр цэнгэл гэгдэх олимп, хөлбөмбөгийн ДАШТ мөнгөнөөс гадна асар олон хүний үнэгүйдсэн хөдөлмөр, хөлс хүч, амь насан дээр “босч” ирдгийг спорт сонирхогчид төдийлөн анзаардаггүй. Тэгвэл гурван жилийн дараа “хөшгөө нээх” “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ энэ асуудлыг хүссэн хүсээгүй олны анхааралд оруулж ирээд байна. Дэлхийн хамгийн баян улсуудын нэгэнд болох гэж буй ДАШТ- ий бүтээн байгуулалтад зүтгэж буй ажилчдын ажиллаж амьдрах нөхцөл маш хүнд, хөдөлмөрийн үнэлгээ дорой, амь нас үнэгүйдсэн нь олон улсын зүгээс шүүмжлэл дагуулж буй.

Мянга, мянган хүний амь “залгисан” цэнгэлдэхүүд

Олон улсын барилгын ажилчдын холбоо (ITUC) 2014 онд “Катарын цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтад ажиллаж байгаа ажилчдаас 2010-2014 оны хооронд 1200 хүн амь насаа алдсан” гэсэн дуулиант мэдээлэл хийжээ.

Тэрхүү мэдээлэлдээ “1200 нь зөвхөн энэтхэг балба ажилчид, амиа алдсан бусад улсын иргэдийн талаарх мэдээллийг бид авч чадсангүй. Энэ байдлаараа 2022 он гэхэд 4000 хүн амиа алдана” хэмээн дэлхий нийтийг цочирдуулсан аж.

Энэ асуудал олон нийтийн анхааралд орсны дараа, 2015 онд Английн ВВС агентлагийн сурвалжлагч Катарт байгаа цагаач ажилчдын хөдөлмөрийн нөхцөл, амьдрах орчны бодит байдлын талаар сурвалжилга бэлтгэх гэхэд Цагдаагийн газраас баривчилсан байдаг.

Сэтгүүлч Марк Лобел нутагтаа ирээд бичсэн нийтлэлдээ энэ талаар “Катарт ажилчдын орчин нөхцөл муу байна гэсэн шүүмжлэл гарсны дараа тус улсын Ерөнхий сайдын ажлын албанаас бидэнд хандаж, ажилчдын шинэ байртай танилцахыг урьсан юм. Бид тэдний төлөвлөсөн маршрутаар явж, нөхцөл байдалтай танилцсан. Харин нэмэлт мэдээлэл цуглуулах гэтэл баривчилсан даа. Тэр үед бид балба ажилчдын автобусыг дагаад явж байсан юм. Зам дээр гэнэт цагаан өнгийн найман машин гарч ирээд бидний замыг хашиж зогсоосон. Дараа нь Цагдаагийн газар авчирч, жолооч, орчуулагч, сэтгүүлч, зураглаачдыг тус тусад нь байцаасан. Тэдний дуу нь ширүүн, хардаж сэрдсэн өнгө аястай байлаа. Гэтэл бид тэднийг муулах гээгүй, ажилчдаас л нөхцөл байдлыг асуухыг хүссэн юм шүү дээ” хэмээн өгүүлжээ.

Мөнгөөр цутгах бороо ажилчдад хүртээлгүй

Катарт болох ДАШТ түүхэн дэх хамгийн өндөр өртгөөр “босч” байгаа гэдгээрээ онцгой. Зохион байгуулах хорооны хэлж байгаагаар 200 гаруй тэрбум ам.доллар зарцуулах тооцоотой. Магадгүй, эрх авах, тэмцээний хуваарийг хүлээн зөвшөөрүүлэхэд зарцуулсан нууц гүйлгээнүүдийг багтаасан учраас ийм өндөр дүн гарч байгаа ч байж мэднэ. Цэнгэлдэхийн бүтээн байгуулалтад зүтгэж байгаа ажилчдад өгч буй цалин өчүүхэн бага, нөхцөл хүнд хүчир байгаа нь ингэж хардахад хүргэж байгаа юм.

Арабын орнууд баян учир үндсэн иргэд нь хар ажил хийдэггүй, үйлчилгээний ажлыг цагаачдаар хийлгэдэг гэж уншигч та сонсож байсан байх. Катар ч ялгаагүй, цэнгэлдэх хүрээлэнгүүд барих ажлыг Энэтхэг, Пакистан, Зүүн Өмнөд Азийн ядуу буурай орны хөлсний ажилчид нугалж буй. Ажил явагдаж л байвал хэн хийх нь уг нь падгүй л дээ.

Гэхдээ тэдгээр ажилчид хөдөлмөрийн талбар дээрээ үйлдвэрлэлийн осолд орж, мянга, мянгаараа үхэж үрэгдэж байгаад шүүмжлэлийн гол учир оршино.

Барилга эрсдэл өндөртэй салбар учир олимп, хөлбөмбөгийн ДАШТ-ий бүтээн байгуулалтын үеэр хүний амь нас үрэгддэг.

“ОХУ 2018” ДАШТ-ийг хүлээж авах цэнгэлдэх хүрээлэн, бусад барилга байгууламжийг барих үеэр 21 ажилчин үйлдвэрлэлийн ослоор амиа алдсан байдаг.

Гэхдээ Катарт бол арай дэндүү гэж хэлэхээр нөхцөл байдал үүссэнийг олон улс хурцаар шүүмжилж байгаа юм. “Тэнд боолчлол явагдаж байна” шууд хэлэх нь ч байгаа юм. Катар дахь хөлсний ажилчид ямар зовлонтой болоод боол гэж нэрлэгдэх болсны учрыг дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагуудад гарч байсан мэдээллээс хайж үзье.

Хууран мэхлэлт, дарамт, хамгийн бага цалин...

Катарын хүн ам сүүлийн 50 жилд эрчимтэй өсөж, 2.6 саяд хүрчээ. Гэвч үүний бараг 90 хувь (Хоёр сая гаруй) нь гаднаас цагаачилж ирсэн хөлсний ажилчид гэсэн статистик (Human rights watch) байдаг аж.

800 мянган барилгачид төрийн нүсэр барилгуудад зүтгэж, ДАШТ-ий бүтээн байгуулалтад 35 000 хүн ажиллаж буй. Эдгээр хүмүүс бүгд улсын хуулиар эрхээ хасуулсан боолчууд гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй гэнэ.

Учрыг өгүүлье.

Нэгд, ажилчид бараг бүгд ажиллах хүч зуучилдаг зальт этгээдүүдэд мэхлэгдэж ирсэн байдаг. Тэдний цалин Монголд ч гологдохоор бага. Sports.ru цахим татья.

Яго бол Филиппиний иргэн. Тэрээр барилга инженерийн чиглэлээр сургууль дүүргэж, AutoCAD программыг бүрэн эзэмшин, 34 насандаа чадварлаг мэргэжилтэн гэх статустай болжээ. Гэвч улс нь ядуу учир хүүхдүүддээ чанартай боловсрол олгох чадал байсангүй. Тиймээс “Mayon International” хэмээх компанийн зуучлалаар 2011 онд Катарт ирсэн байна. Тухайн үедээ сарын 330 ам.долларын цалин, дээр нь байр хоол үнэгүй хэмээн амалсан учир зөвшөөрсөн байна. Очоод барилгын зураг төсөл зурна гэсэн ойлголттой байжээ. Гэтэл Катарт ирэхэд нь нэг бичгэн дээр гарын үсэг зуруулж авсныхаа дараа паспортыг нь хураасан аж. Яго удалгүй инженерийн биш, туслахын ажил хийнэ, сарын цалин нь 261 ам.доллар (690 мянга орчим төгрөг) болохыг мэдэж авчээ. Бас гарын үсэг зурсан цаас нь жилийн гэрээ байж. Маргааш нь Филиппинээс өмсч гарсан тэр хувцастайгаа шууд ажлын талбар руу хөөгдөн гарсан аж. Тэнд ер нь ажлын хувцас өгдөггүй, зориулалтын малгай өгвөл дээдийн заяа болохыг удалгүй ойлгосон байна. Тэрээр долоо хоногт 60 цаг ажиллах ёстой, дутуу ажиллавал цалингаас нь хасдаг. Үйлдвэрлэлийн осолд орсон тохиолдолд компаниас ямар ч тусламж үзүүлдэггүй, эмч нь хүртэл загнаж харьцдаг ажээ.

Их Британийн иргэн Зак Кокс 2017 оны нэгдүгээр сард барилгын талбайд 40 метрийн өндрөөс унаж амиа алджээ. Тэрээр цэнгэлдэх хүрээлэнгийн дээврийн ажлыг хариуцаж байсан Германы “Pfeif­er” фирмд ажилладаг байсан аж. Түүний үхлийг катарчууд тас нууж, Британи руу хандалгүй хэдэн сар болсон байна. Хамт ажиллаж байсан хүмүүсийг нь харин шууд баривчилж, ял оноожээ.

Амиа алдагсдын тоо 4000-д хүрсэн үү?

Олон улсын барилгын ажилчдын холбоо (ITUC) 2014 онд мэдээлэл хийхдээ “2022 он гэхэд 4000 хүн амиа алдсан байна” хэмээн таамагласан талаар дээр өгүүлсэн билээ. Тэгвэл энэ таамаглал цагаасаа өмнө биелсэн байж ч мэдэх нь.

Норвегийн Худалдааны нэгдлүүдийн холбоо хэмээх байгууллагын тэргүүн Ханс Христиан Габриэльсен өнгөрсөн оны аравдугаар сард мэдээлэл хийж, Катарт ажиллаж буй барилгачдын эрх зөрчигдөж байгааг шүүмжилсэн. Тэрээр амь насаа алдсан ажилчдын тоо баримтыг олж авсан гэсэн бөгөөд тодорхой тоо хэлээгүй ч “Амь алдсан ажилчин бүрийн төлөө нэг минут дуугүй зогсож эмгэнэл илэрхийллээ гэж бодвол ДАШТ-ий эхний 44 тоглолт чимээгүй явагдах болно” хэмээн хэлсэн юм.

Үүнийг тоонд шилжүүлбэл 3960 болж байгаа юм. Түүний хэлсэн үнэн эсэхийг батлах боломжгүй. Гэхдээ үнэн байх өндөр магадлалтай. Учир нь, Катарын эрх баригчид энэ талаарх мэдээллийг чанд нууцалдаг. Хэрвээ яригдаад байгаа тооноос бага байсан бол бодит мэдээллийг гаргаж тавих байсан нь гарцаагүй юм.

Катар дахь ажилчдын нөхцөл байдлыг хөндсөн нийтлэл бичсэн sports.ru цахим сонины сэтгүүлчид ажилчид амиа алдаж байгаа талаар анх мэдээлсэн Олон улсын барилгын ажилчдын холбоо (ITUC)-той холбогдож, одоо нөхцөл байдал ямар болсон талаар тодруулахад “2014 онд бид мэдээллийг анх гаргаж тавьсны дараа Катарын эрх баригчид шинэчлэл хийнэ гэж амалсан. Манай байгууллага 2018 оны гуравдугаар сард тэнд оффисоо нээсэн. Удахгүй өөрчлөлт гарах байх” гэсэн хариу өгчээ.

Гэвч нөхцөл байдал огт дээрдээгүй болохыг “Human Rights Watch” байгууллагаас өнгөрсөн жил гаргасан тайлан харуулж байгаа аж.

ДАШТ-ий бүтээн байгуулалтад зүтгэж буй ажилчдаас 2017 онд зөвхөн өндрөөс унаж амиа алдсан тохиолдол 35 гарсан талаар уг тайланд өгүүлжээ. Үүнд өөр шалтгаанаар амиа алдсан хүний тоо ороогүй болохыг ч тодотгосон байна.

Катарт одоо ч боолчлол байдаг уу?

Боолчлох, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцдэг “Walk Free Foundation” сангаас гаргадаг “Global Slavery Index”-ийн гаргасан судалгаагаар бол Катарт боолын хөдөлмөр эрхэлж буй 30 гаруй мянган хүн байгаа гэнэ.

Энэ нь дэлхийн улс орнууд дундаа дээгүүрт тооцогдох үзүүлэлт ажээ. Хөдөлмөр эрхлүүлэх биш, боолчлох үндсийг Кафала хэмээх хууль нь бүрдүүлж өгдөг. Уг хуулиар ажил олгогч нь ажилчнаа гэрт нь хариулахгүй байх эрхтэй бөгөөд хэрвээ эх орондоо буцах болбол заавал бүх шатны байгууллагаар шалгуулж байж виз авах шаардлагатай болдог байна. Катарын эрх баригчид 2016 онд Кафалаг шинэчилж, орчин үеийн болгосон гэж дэлхий даяар зарласан ч ажил олгогч нь ажилтнаа гэрт нь хариулах эсэхийг шийддэг заалтыг хэвээр үлдээжээ.

Ажилчдын эрх ашгийг хамгаалдаг Impactt хэмээх компанийн гаргасан тайланд ”Катарт барилгын ажилчид 40 градусын халуунд өдөрт 14 цаг ажилладаг. Сард ажиллах ёстой цаг нь 402 цаг байдаг” гэжээ.

“Human Rights Watch” байгууллага Катарын эрх баригчдад хандан, цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтад зүтгэж буй ажилчдыг үд дундаас хойших халуун үед ажиллуулахгүй байхыг шаардахад “Манай улс ийм хуулийг аль 2007 оноос мөрдөж байгаа. 11.30-15.00 цагийн хооронд гадаа ажиллах хориотой” гэсэн хариу өгсөн байна. Гэсэн ч хөлсний ажилчдад дээрх дүрэм хамааралгүй гэдгийг бодит байдал дээр очсон хүмүүс гэрчилдэг аж.

Катарт ялгаварлан гадуурхалтыг төр өөрөө хэрэгжүүлдэг

Катар улсад хөлсний ажилчдын тоо нутгийн иргэдийн тооноос олон болохыг дээр өгүүлсэн. Тиймээс тэдгээр иргэдийг ямар нэгэн байдлаар нэгдэхээс сэрэмжлэн, төр нь өөрөө ялгаварлан гадуурхсан шинжтэй бодлого хэрэгжүүлдэг байна.

“The Guardian” сонины сэтгүүлч Пит Паттиссон Доха хотын базаар буюу худалдааны гудамжаар зугаалж явахдаа мөрөөрөө явж байсан өмнөд ази царайтай ажилчдыг цагдаа нар зогсоон шалгаж, хүч хэрэглэн авч явахыг харжээ. “Халифа” цэнгэлдэхийн хажууд байдаг “Aspire Park” цэцэрлэгт явж байхад нь энэ түүх бас давтагдсан аж. Тэрээр сэтгүүлчийн сонирхолдоо хөтлөгдөн Доха хотын Төв зөвлөлийн гишүүн Насер Ибрагим Мохамед Аль-Моханнадигаас энэ талаар тодруулахад “Хөлсний ажилчдыг бямба, ням гаригуудад худалдааны төв, захаар үйлчлүүлэхийг хориглосон” гэсэн хариу өгсөн байна. Гэтэл хөлсний ажилчид долоо хоногийн ганц өдөр буюу бямба гаригт л амардаг аж.

Мөн хотын цэцэрлэгт хүрээлэн, төв талбай гэх мэт гэр бүлээрээ цагийг ая тухтай өнгөрүүлж болохоор газруудыг “Гэр бүлийн бүс” болгож, цагаач ажилчдыг орохыг хатуу хориглосон байна. Нутгийн иргэдээс “Цагаач ажилчдаас айж байна” гэсэн гомдол гарсны дараа, 2010 онд ингэж шийджээ. Хотын газрын зураг гаргаж, түүнд цагаач ажилчдыг очихыг хориглосон бүсийг шараар тэмдэглэсэн байна. Хожим 2015 онд иргэдээс дахин гомдол гарсны дагуу газрын зургийг өөрчилж, шараар тэмдэглэсэн бүсийг үлэмж нэмэгдүүлснээр цагаач ажилчид ажлын талбайгаасаа холдох эрхгүй шахам болсон аж.

Гэхдээ ДАШТ ойртох тусам Катар олон улсын анхааралд орж, орчин үеийн боолчлолын талаар шүүмжилж байгаа тул ажил олгогчдоос ажилчдадаа хандах хандлага нь харьцангуй зөөлөрч байгаа гэнэ. “Independent” сонины сэтгүүлч Жонатан Лью ийм нэг тохиолдлын талаар бичжээ. НҮБ-ын төлөөлөгчид Катарт ирж, хөлсний ажилчдын нөхцөл байдалтай танилцан ажилчидтай уулзсан аж. Тэр үед нэгэн балба ажилчин хөдөлмөрийн нөхцөл хүнд байгаа талаар ярьчихжээ. Маргааш нь түүнийг ажлаас нь халж, нутаг буцаасан байна. Дөрвөн жилийн өмнө бол ийм хэргийн төлөө шоронд ч орж болох байсан гэж Ж.Лью бичсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)