33 их наядыг далдалсан ил тодын хууль

АТГ-ын дарга асан Х.Энхжаргалын албан тушаалаасаа буухынхаа өмнөхөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд хэлсэн үг олны анхаарлыг татаад байна. Тэрээр сүүлийн жилүүдэд Монгол Улсын авлигын индекс буурсан нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг 2015 онд баталж, 33 их наяд төгрөгийн хэргийг өршөөсөнтэй холбоотой. Энэ нь олон улсад Монгол Улсын нэр хүндийг харлуулсан гэж мэдэгдсэн юм.

АТГ-ын дарга асан Х.Энхжаргал

Намайг АТГ-ын даргаар томилогдож ажилласнаас хойшхи хоёр жил 10 сарын хугацаанд авлигын индекс 72 байснаа 83, 103, энэ жил арай дээр 93 болсон. Энэ индекс олон үзүүлэлтээр гардаг. Үүнд хамгийн их саад болсон зүйл нь баахан бондуудыг гаднаас зээлж аваад, тэрийгээ баахан замбараагүй үрчихээд, өнөөхөө 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргаад 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөчихсөн. Хууль бус, өөрөөр хэлбэл хууль ёсоор тайлагнаагүй 33 их наяд төгрөгөө өөрсдөө гаргачихсан. Энэ нь олон улсын бүх байгууллага дээр очоод үндсэндээ Монголын нэр пад хар болсон.

Энэ 33 их наяд дээр гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж болохгүй хаалттайгаар Татварын ерөнхий газарт нууцлалтай байгаа. Үүнийг Ерөнхий прокурорын зөвшөөрсний дагуу АТГ тоонуудтай хальт танилцсан. 33 их наяд гэхээр ямар их хөрөнгө билээ. Энэ нь өөрөө олон улсын байгууллага, ялангуяа эдийн засгийн чиглэлээр хамтарч ажиллаж байгаа байгууллагуудын дургүйг маш их хүргэсэн.

2019 оны 5 сарын 01. Төрийн ордон.

Эндээс хэд хэдэн хялбархан гаргалгаа хийж болно. Юуны өмнө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар 33 их наяд төгрөгийн хэргийг өршөөжээ. Энэ нь манай улсын 3.5 жилийн төсвийн орлоготой тэнцэхүйц мөнгө буруу замаар орж, түүнийг нь тусгай хуулиар цайруулсан гэсэн үг. АТГ-ын өмнөх даргын хэлснээр бол энэ нь Монгол Улсын авлигатай тэмцэж буй тэмцлийн үр дүнг тэр чигт нь үгүй хийж, нэр хүндийг нь унагасан үзүүлэлт юм байна.

Хамгийн ноцтой нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар 33 их наяд төгрөгийн хэргээ өршөөлгөсөн аж ахуйн нэгжүүд дотор Засгийн газраас гаргасан бондоос зээл авсан компаниуд багтсан ажээ.

Хуулийн нэр нь “ил тод байдлыг дэмжих” гэж буй ч энэ хуульд хамрагдсан аж ахуйн нэгж, компаниудыг олон нийтэд ил зарлаагүй, тэр байтугай хууль хяналтын байгууллагуудын хувьд ч Ерөнхий прокурорын зөвшөөрлөөр “хальт тоонуудтай нь танилцах” төдий болоод өнгөрсөн байна. Татварын ерөнхий газарт чандлан нууцлагдаж буй тэдгээр компанийн нэрсийг ил тод зарлаж, эрх бүхий байгууллагууд нь шалгах юм бол ЖДҮХС-гийн хэргээс дутахгүй хурц дуулиантай асуудал задарч мэдэх бололтой.

Тухайлбал, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдан өршөөгдсөн компаниуд дотор тухайн үеийн УИХ, Засгийн газрын гишүүд, нэр нөлөө бүхий улстөрчдийн хамаарал бүхий компани байгаа эсэхийг тодруулчихад л хамаг юм тодорхой болно. Үүнийг шалгаж мухарлах боломжтой. Гэхдээ Улсын ерөнхий прокурор зөвшөөрөх юм бол шүү дээ.

Дээрх хуулийг баталж кноп дарсан гишүүд хэн хэн байв, тэд ямар нэг компанийг дэмжиж бонд олгуулсан эсэх, тийм бол уг компани нь өршөөлд хамрагдаж уу?

Түүнчлэн татвараа нуун дарагдуулж, өршөөлд хамрагдсан компаниуд дундаас УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компанийг олох нь хагас өдрийн л ажил. Бүртгэл, мэдээлэл нээлттэй болсны давуу тал энд бий. Харин ийм хүсэл зориг үгүй аваас хагас жил байтугай тав арван жил өнгөрсөн ч энэ асуудал нууц далд хэвээр байх болно.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ- аар хэлэлцэж эхлээд байх үед тухай үеийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар болон Р.Гончигдорж, С.Баярцогт, Х.Тэмүүжин, Б.Наранхүү нарын гишүүд уг хуулийн төслийг идэвхтэй сурталчилж байгааг хэвлэлүүд онцолж байжээ. Эсрэгээрээ энэ хуулийг шүүмжилж байсан гишүүд ч бий. Хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд 58 гишүүн оролцож 37 гишүүн дэмжсэнээр батлагдаж байжээ. Олон нийтийн дунд бол авлигачдад, оффшортнуудад зориулсан өршөөлийн хууль батлах гэж байна гэсэн шүүмжлэл гарч байв.

Түүнчлэн иргэний нийгмийн байгууллагууд энэ хуулийн төслийг захиалгат хууль батлах гэж байна хэмээн дүгнэж байсан юм. Тэд энэ талаараа Эдийн засгийн ил тод байдлын тухай гэх хэт өргөн хүрээг хамарсан хуулийг боловсруулсан үндэслэл болон тооцоо дутуу, хангалтгүй. Тухайлбал,

Үндэсний статистикийн хороо

Далд эдийн засгийн судалгаа болон хууль батлагдсанаар үнэхээр далд эдийн засаг арилах эсэх

Татварын ерөнхий газар

Санхүү, татварын хуурамч тайлангуудыг хүү, торгуульгүйгээр залруулах нэг удаагийн боломжийг хэчнээн хуулийн этгээд ашиглах тооцоо хийсэн эсэх

Сангийн яам

Өмнөх буюу 2007 онд баталсан Өршөөлийн тухай хуульд ямар ямар ААН хамрагдсан, хуулийн дараа эдийн засагт ямар эерэг үр дүн авчирсан зэрэг мэдээллийг ил тод болгох

Хууль зүйн яам

Хуулийн төслийг боловсруулах явцад ажлын хэсэгт хэн хэн багтсан, эдийн засгийн хөндлөнгийн шинжээчдээс санал бодлыг нь асуусан эсэх, мэргэжлийн холбоодтой хамтран ажилласан эсэх талаар ямар нэг мэдэгдэл хийн, мэдээлэл өгөөгүй гэдгийг онцолж байв.

Энэ хуулийн төсөлд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад явж байгаа этгээдийг энэ хуульд хамааруулахгүй, хөрөнгө оруулалтаа ил тод гаргасан этгээд энэ хуульд хамрагдана гэсэн хоёр заалт орсон нь улс төрийн намууд болон улстөрчдийн зүгээс ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж тухайн үеийн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав хэлж байсан удаатай.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг

Бид эдийн засгаа ил тод болгоно. Манай татварын бааз бүрэн бүрдээгүй байна. Өнгөрсөн 20 жилд солигдож амжаагүй олон зүйл бий. Энэ хуулиар олгогдох нартай өдөр нийт бизнес эрхлэгчдэд нэг л удаа тохионо. Үүнээс хойш далд эдийн засаг байхгүй болно. Бизнес эрхлэгчид өөрт байгаа бүх хөрөнгө, мөнгөө ил болго гэж бид энэ хуулийг санаачилсан.

2014 оны 6 сарын 20, Ихтэнгэр, Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав

Хууль батлагдсанаар цаад утгаараа татварын нөхцөл байдал сайжирна. Улс орны хэмжээнд санхүүгийн шинэчлэл хийгдсэнээр тулгараад буй хямралаас хурдан, хохирол бага амсан гарах боломж бүрдэнэ.

2014 оны 1 сарын 7.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлснээр эдийн засагт ил тод, тэгш шударга байдал бий болж, татварын бааз суурь өргөжнө. Хамгийн чухал үр дүн нь эдийн засгийг бүрэн хэмжээгээр тодорхойлж чадахуйц үнэн зөв тоон мэдээлэлтэй болно гэж хууль санаачлагчид үзсэн байдаг. Гэвч жил хүрэхгүй хугацаанд хэрэгжиж дууссан энэ хууль хүлээсэн үр дүндээ хүрсэн эсэх тодорхойгүй.

2015 оны наймдугаар сарын 07- ны өдөр батлагдан гарч 2016 оны хоёрдугаар сарын 20-ны хооронд хэрэгжсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлсөн гэх мэдээлэл л бий.

Хувь хүн, хуулийн этгээд нуун дарагдуулсан зүйлээ шинээр мэдүүлснээр эрүүгийн хэрэг үүсгэхгүй, захиргааны хариуцлага хүлээлгэхгүй, гүйцэтгэх ажил явуулахгүй, тэдгээрийн мэдүүлсэн мэдээлэл нь нууц байна гэж уг хуульд заасан нь бүхний хариулт, хаалт болсоор иржээ.

Юутай ч АТГ-ын даргаар ажиллаж байсан хүн албан тушаалаасаа чөлөөлөгдөхдөө хууль бусаар өршөөгдсөн 33 их наяд төгрөгийн тухай ноцтой мэдэгдэл хийчихээд явлаа.

Түүнчлэн Х.Энхжаргал дарга авлигын дуулиант 29 хэргийн талаархи гурван ботийг Ерөнхий прокурорт гардуулсан аж. Харин одоо эрх мэдэлтнүүдийн их наядын хэрэг хуулийн байгууллагууд дээр хэрхэн ботилогдохыг харах үлдэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Uhehdee uher buugaa tavina gej heleh bolomj oldson deer n heleh heregtei. Ard tumen gej bgaa bid chin medehgui ym olon bolohoor medsen n deer sh dee.

    0 0 Хариу бичих
  2. ЭНЭ БОЛ ЭРХ МЭДЭЛТНҮҮД ТӨРӨӨС АВСНАА ҮНЭГҮЙДҮҮЛЖ ДАЛИМДУУЛАН АСАР ИХ ХӨРӨНГӨ ИДЭЖ УУСАН БОДИТ ЛУЙВАР. ҮҮНЭЭС ӨМНӨ БАС НЭГ УДАА ӨР ЧӨЛӨӨЛСӨН САНАГДНА. ТҮҮНИЙГ Ч БАС ШАЛГАВАЛ ЗОХИНО

    0 0 Хариу бичих
  3. ИЛ тод байдлын хууль батлагдаад 33 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон. Тэр хэмжээгээр татвар өснө гэсэн үг. Энхжаргал худлаа хүмүүсийн сэтгэлийг өөртөө татах, бухимдуулах гэж тэгж хэлж байгаа юм. Тэр үгийнх т өлөө шалгах хэрэгтэй өөрийг нь

    0 0 Хариу бичих