“Улаанбаатар Травэл экспо 2019” Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн нээгдэнэ

Улаанбаатар аялал жуулчлалын холбооноос дотоодын аялагч, амрагчдад зориулан “Улаанбаатар Травэл экспо 2019” Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болох үзэсгэлэнгийн хамтран зохион  байгуулагчаар Байгаль орчин аялал жуулчлалын яам,  түнш улсаар БНСУ, түнш аймгаар Дорнод аймаг,  дэмжигч байгууллагаар Нийслэлийн аялал жуулчлалын газар ажиллаж байгаа юм.

Оролцогчдын тоо, цар хүрээ, ач холбогдол жилээс жилд нэмэгдэж байгаа уг үзэсгэлэнгийн үеэр дотоодын аялагч, амрагчдад зориулсан лекц, хэлэлцүүлэг болохоос гадна энэ жил аялахаар төлөвлөж буй маршруттай холбоотой цогц мэдээллийг нэг цонхоор олгох ажээ.

БОЛОМЖ: Аялах газрын мэдээлэл, харилцаа холбоо, аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээтэй танилцах, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар дотоодын судлаачдын лекцэнд хамрагдана. Мөн Монголд үйл ажиллагаа эрхлэгч авиа компаниудын санал болгох шинэ аяллын маршрут, үнэ болон бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, гадаадад аялуулагч тур оператор компаниудын бүтээгдэхүүн, клуб сайн дурын нэгдлийн танилцуулга зэргийг сонирхох боломжтой.

ОРОЛЦОГЧИД: Тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөр, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, клубүүд, аяны хэрэгслийн дэлгүүрүүд, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг байгууллага, бизнес эрхлэгч, хувь хүмүүс оролцож үйл ажиллагаагаа сурталчлах юм.

 

   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)