Испанид амилсан Үнсгэлжингийн түүх

Тааруу тоглолт
+
Анти футбол
=
Үнсгэлжингийн түүх

Амжилтаараа гавихгүй, тэгсэн атлаа гавихгүй амжилтаа илүү олон хүнд үзүүлэхийн тулд арга чарга бодож л суудаг байсан нэгэн хачирхалтай багийн өсөлт дэвжилтийн тухай өгүүлэх гэж байна. Энэ бол Ла лигийн сулхан багуудын нэг, энэ улиралд сайн тоглохгүй байгаа хэр нь амжилт гаргаж яваа “Хетафе” юм. Энэ хачин баг сурталчилгаандаа садар самууныг харуулсан дүрс оруулахаас буцдаггүй бас төрөлх цэнгэлдэхээ багт нь хэзээ ч тоглож байгаагүй хөлбөмбөгчийн нэрэмжит болгожээ.

“Хетафе”-гийн жилийн төсөв нь 58 сая евро. Монголд их юм шиг сонсогдох ч Испанидаа бол “ичмээр дамшиг” (Ла лигийн 20 багаас 14 дүгээрт бичигдэнэ). Цалингийн сан 39.25 сая евро байгаа нь “Барселона”-гаас (632.97 сая евро) 16, “Реал Мадрид”-аас 14 дахин бага...

Пеп Бордаласын баг энэ жил бөмбөг эзэмшилтийн хувиар лигийн багуудаас сүүл мушгиж, хаалга руу хамгийн цөөн цохиж, оновчтой дамжуулалтын хувиар бол бүр Европын топ лигийн багуудын адагт бичигдэхээр үзүүлэлттэй. Гэсэн ч яаж ийгээд гоолдож, хожиж, тэнцсээр “Аваргуудын лиг”-ийн эрхийн төлөө өрсөлдөж байгаа нь мэргэжилтнүүдийг гайхшруулж байгаа юм.

Пепе Бордалас “Хетафе”-г “Сегунда” дивизионд (II лиг) байхад нь ирж, эхний улиралдаа Ла лигт дэвшүүлсэн бол өнгөрсөн жил наймдугаар байрт оруулсан. Харин энэ жил түүх бүтээхээр завдаж байна.

“Чанга гар” Пеп Бордалас

Дасгалжуулагч Пеп Бордалас энэ жил 55 настай. “Хетафе”-гаас өмнө Ла лигт огт ажиллаж байгаагүй ч амьдралынхаа талыг дасгалжуулагчийн ажилд зориулсан нэгэн. Тэрээр 10 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлд өсжээ. Эцэг, эх нь олон хүүхдээ хяналтаасаа алдчихгүйн тулд чанга хатуу гараар өсгөсөн гэнэ. Дунд сургуульд байхдаа унадаг дугуй, өмсөх хувцсаа авахын тулд Альмерияд тарвас, амтат гуа худалддаг амьдрал дунд тэрээр өсөж торнижээ. 28 хүртлээ бөмбөг хөөсөн ч байнгын гэмтэл бэртлээс болж олигтой амжилт гаргаагүй тул тэгсхийгээд больж, дасгалжуулагчийн ажилд шилжсэн байна.

Орон нутгийн багт эхлээд хүүхдүүдтэй ажиллаж байгаад дараа нь томчуудыг дасгалжуулах болов. Өнөр өтгөн гэр бүлд өссөн болохоор тэрээр багт юун түрүүн нэг гэр бүл гэсэн ойлголт суулгахыг хичээдэг.

Тиймээс тоглогчдодоо “Ноёд оо, бид гэр бүлтэйгээ өнгөрүүлдгээс ч илүү цагийг хамтдаа өнгөрүүлэх болно. Бидэнд нэг л зорилго бий. Та нарын зарим нь илүү сайн, азтай байж талбайд их цаг өнгөрүүлнэ, гэлээ ч бид нэгдмэл байх ёстой. Энэ бол амжилтад хүрэх нэг нөхцөл” гэж хэлдэг.

Түвшин доогуур багуудад ажиллаж байсан л болохоос тоглогчдоос боломжоос нь илүүг шаарддаг, хатуу чанга гэдгээрээ Ж.Моуриньотой төстэй чанга эр аж. Тоглогчдынхоо идэх хоол, унтах цагийг ч тогтоож хяналтдаа оруулдаг, бэлтгэлийн үеэр олон хоригийг өөрөө зохиож чанд мөрдүүлдэг ажээ.

Үүнийгээ “Би тоглогчдоосоо дэг журам л шаарддаг. Бэлтгэлийн өрөөнд гар утас хэрэглэхийг нь хориглосон. Утас барихаараа хоорондоо юм ярихаа больчихдог учраас хориглосон. Ер нь бол би хориглоод байгаа ч юм биш, ингэж болохгүй гэдгийг тоглогчид өөрсдөө ойлгочихвол надад хорьж цагдаад байх шаардлага байхгүй” хэмээн тайлбарласан.

Ер нь дэг журам сахилга бат нь Пеп Бордаласын гол философи бөгөөд “Өөр зам байхгүй” гэдэг. Оддын цуглуулга “Барселона”-г авсан ч өлхөн захирахаар эр гэдгийг мэдэх хүмүүс нь хэлдэг.

Ромын соёлыг таашаадаг болохоор нь түүнийг “El Romano” буюу “Ромын иргэн” гэж хочлох нь бий. Ромын армийн зохион байгуулалт, дэгийг багийнхаа тоглолтоос олж харахыг хичээдэг, тэгж сануулж, шаарддаг болохоор нь ийн хочилжээ. Тэрээр бас тоглогчдынхоо сэтгэлзүйтэй ажиллахыг хичээдэг, багийнхандаа онцгой хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр гаргасан түүх, жишээ нь 12 настайдаа осолд орж, хоёр хөлөө тайруулсан сэтгүүлч, зохиолч Айрин Виллагийн түүхийг үзүүлдэг байна.

Дасгалжуулах арга барилдаа ийнхүү шинжлэх ухаанчаар хандахыг хичээдэг ч бүтэхгүй бол балмад авирлаж бас чадна. Хожигдлын дараах хурал ямархуу болдог талаар тоглогчид нь “The Guardian” сонинд

“Эхлээд тэр хамгаалагчдыг дуудаж оруулж ирээд загнаж байгаад зурагтаа хага цохино. Дараа нь хагас хамгаалагчдыг дуудаад аашилж байхдаа гэрлээ хагална. Сүүлд довтлогчдыг дуудаад сэнхрүүлж байхдаа буйдангаа хэмхэлнэ дээ” .

Бас “Севилья”-тай тоглох үеэр туслахаа багалзуурдсан удаатай аж. Харгис ширүүн байдал хожилд хүрэхэд тустай гэж Бордалас үнэнээсээ итгэдэг. Тоглолтын өмнө багийнхныхаа нүүрийг харандаагаар догшин ширүүн дүртэй болгож зураад тэр чигээрээ талбайд гарахыг шаарддаг. Хэдий ийм хачирхалтай зан ааштай ч түүнийг маш ухаалаг гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг.

“Хетафе”-гийн “Анти футбол”

Хоёр жилийн өмнө, Ла лигт орох эрхийн төлөө шийдвэрлэх тоглолтыг “Хетафе”-тай хийгээд хожигдсоныхоо дараа “Тенерифе”-гийн дасгалжуулагч Хосе Луис Марти өрсөлдөгчөө “Анти футбол тоглосон, энэ бол ичгүүртэй явдал” хэмээн буруутгаж байв. Үнэхээр ч “Хетафе”-гийн эсрэг тоглоно гэдэг өрсөлдөгч багуудад маш хэцүү байдаг гэнэ. Яагаад гэдгийг дараах үзүүлэлтүүд танд ойлгуулаад өгнө.

Лигийн тавдугаар байрт бичигдэж байгаа ч “Хетафе” бөмбөг эзэмшилтээрээ лигийн хамгийн муу баг. 43.3 хувьд нь бөмбөг эзэмшдэг. Яагаад гэвэл тэд хэзээ ч бөмбөг барихыг эрмэлздэггүй, үргэлж урагш тэмүүлж тоглодог учраас тэр.

Пеп Бордаласаас энэ талаар асуухад “Урагш давшихгүй, өөрийнхөө талбайд 30 удаа харилцах ямар хэрэгтэй юм бэ. Бөмбөгийг удаан эзэмшдэг хөлбөмбөгөөс хүмүүс залхаж эхлээд байна” хэмээжээ.

Оновчтой дамжуулалтын хувиар (63.8 хувь) Европын “Топ 5” лигтээ хамгийн сүүлд бичигдэнэ. Оновч багатайгаас гадна нэг тоглолтод хамгийн цөөн дамжуулалт (нэг тоглолтод дунджаар 219) хийдэг.

Гэхдээ ингэлээ гээд тоглолт нь сонирхолгүй гэсэн үг биш ээ. Тааруу үзүүлэлтүүд нь цаанаа шалтгаантай.

Бөмбөгийг аваад л урагш давшдаг болохоор нэг дороо олон дамжуулах шаардлага угаасаа гардаггүй. Аль болох цөөн хүрэлтээр өрсөлдөгчийнхөө талбайд гүн нэвтрэхийг эрмэлздэг болохоор холын дамжуулалт их хийдэг, үүнээсээ болоод оновчийн хувь бага гардаг талтай. Харин нэг тоглолтод хийдэг алсын дамжуулалтын тоогоор (80 удаа) лигийн багуудаа тасархай тэргүүлдэг. Алсын дамжуулалтын ихэнхийг 37 настай тоглогч Хорхе Молина хийдэг.

“Тэр энэ тал дээр мэргэжилтэн, манай багт сэлгэгддэггүй нэг л тоглогч байдаг нь тэр. Манай тоглолтын 60-70 хувь нь алсын дамжуулалтаас хамаардаг, харин үүнийг хийдэг хүн нь ганц Хорхе” гэж багийнхан нь магтдаг аж.

Нэг тоглолтод гаргадаг алдааныхаа тоогоор Испанид төдийгүй Европт тэргүүлж яваа (нэг тоглолтод 17.2). Энэ бол цэвэр Пеп Бордаласын тактик. Тэрээр хуудас авахааргүй алдаагаар өрсөлдөгчөө мохоохыг тоглогчиддоо байнга захидаг.

Цэнгэлдэхээ дүүргэж л байвал бурхныг доромжилсон ч яах вэ

“Хетафе” багийн үндэс суурь 1983 онд тавигджээ. Гэхдээ 15 жилийн дараа л “Колиузеум Альфонсо Перес” хэмээх 17 000 суудалтай цэнгэлдэхээ барьж, багийн дайтай баг болсон аж.

Цэнгэлдэхийн нэрэнд орсон довтлогч Альфонсо Перес нь хэзээ ч “Хетафе”-д тоглож байгаагүй, тэр тусмаа уг цэнгэлдэхийн талбайд гарч байгаагүй. Зүгээр Хетафед төрсөн болохоор нь л цэнгэлдэхээ нэрлэжээ.

Хаа хамаагүй хүний нэрээр нэрлэсэн болохоор ч тэр үү, “Колиузеум Альфонсо Перес” үзэгчээр үргэлж дутаж явсан аж. Ямар сайндаа л өнгөрсөн жил Ла Лигт гайгүй тоглож, нэгэн тоглолтод 12 853 тасалбар зараад эзэд нь бөөн баяр болж байх вэ. Энэ жил 13 000 гаруйг борлуулсан тохиолдол байгаа ч бусадтай харьцуулбал баярлах шалтгаан харагдахгүй. “Хетафе”-гийн нэг тоглолтыг дунджаар 10 730 хүн үздэг нь Ла Лигт сүүлээсээ гуравдугаарт орох үзүүлэлт. “Уэск” (6679) “Эйбар” (4948) л тэднээс цөөн дэмжигчтэй. Хэдий цөөн үзэгч ирдэг ч “Уэск”-ийн цэнгэлдэх 85 хувь, “Эйбар”-ынх 70 хувь дүүрдэг. Харин “Хетафе”-гийн дүүргэлт 60 хувьтай.

Ер нь л “Хетафе”-гийн тоглолтыг хэзээнээсээ цөөн хүн үздэг бөгөөд энэ байдлаас гарахын тулд багийн удирдлагууд янз бүрийн арга хэрэглэж, хөлбөмбөгийн ертөнцийг гайхуулж, басхүү цочирдуулж байсан түүхтэй аж.

2007 онд тасалбартаа Библийн нэрсийг ашиглаж, худалдаж авсан хүн нь багийнхаа төлөө золиос гаргаж байгаа мэтээр сурталчилсан ч итгэгчдийн сүсэг бишрэлийг доромжилсон хэрэгт унасан тул больжээ.

2011 онд багийн хөгжөөн дэмжигчдийг нэмэгдүүлэхийн тулд үнэнч фанатуудаа үрийн шингэний банкинд очихыг уриалсан байна.

Энэ сурталчилгаандаа зориулж “Zom­bies calientes del Getafe” хэмээх насанд хүрэгчдийн агуулгатай видео бүтээлгэж, үрийн шингэний банкинд очсон хүмүүст л үзүүлнэ хэмээн сурталчилж байв.

Багийн маркетингийн захирал Хосе Антонио Куэтарагийн хэлснээр, энэ арга чамлахааргүй тус болж, тасалбар борлуулалт 9000 гаруй болтлоо нэмэгдэж байсан гэнэ.

2015 онд хөгжөөн дэмжигчдийг хооронд нь танилцуулах зорилготой “Getafinder” хэмээх аппликейшнийг ашиглалтад оруулсан байна. Энэ апп нь NBA-н тоглогчид бүсгүйчүүдтэй болзохдоо ашигладаг “Tinder”-тэй яг ижил зорилготой байсан бөгөөд багийн хөгжөөн дэмжигч насанд хүрэгсдийг хооронд нь учруулдаг байжээ. Гэвч удалгүй хориглогдсон байна.

Ийм нэгэн содон баг “Аваргуудын лиг”-т Испанийг төлөөлөх эрхийн өрсөлдөж байна. Оролдлого нь амжилттай болбол ирэх жил “Хетафе” Европын тавцанд гарч, “Үнсгэлжин”- гийн түүхийнхээ нэгэн шинэ ангийг бичих болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)