Б.Шарав: Зохиол бүтээл минь ард түмний өмч

Ийгл телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн зочноор Чингис хаан шагналт, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав уригдан оролцлоо.

-Ярилцах боломж олгосон тандаа баярлалаа. Таны бие сайн уу?

-Бие гайгүй шүү.

-Алдарт хоёрдугаар симфони маань Алтан пянз болон хэвлэгдэж уран бүтээл сонирхдог таны шүтэн бишрэгчдэд хүрэх нь гэдэг таатай мэдээллийг сонсоод таныг зорин ирсэн. Энэ мэдээллээ өгөөч?

-Хоёрдугаар симфони бол миний залуудаа бичсэн 1987 оны бүтээл. 1986-1987 онд сууж бичсэн бүтээл маань 1988 онд Ленинградад олон улсын наадамд амжилттай тоглогдож амжилт гаргасан бүтээл. Монголын симфониудаас хамгийн том наадамд  анх тоглогдсон бүтээл Хоёрдугаар симфони байх шүү. Тэнд шилдэг бүтээлд ороод 1989 онд одоогоос 30 жилийн өмнө анх тэнд пянзан дээр хэвлэгдсэн. ОХУ-ын Мелодия гэж хөгжмийн пянз хэвлэдэг том фирм байлаа.  

Өнгөрсөн жил энэ пянзаа дэлхийд нээлтээ хийсний 30 жилийг ойг тохиолдуулан тоглолт хийсэн. Тоглолтын дараа мэдээж бүх бичлэгийг шинээр хийсэн. Хуучин хоёрдугаар симфонийг монголчууд дуулсан тийм бичлэг байхгүй байсан. Оросуудын дуулж, оросын том оркестрын тоглосон бичлэг л байсан. Үндэсний бичлэгтэй болохын тулд өнгөрсөн жил зориуд бичлэгээ хийн жилийн турш дэлхийн томоохон студиүдэд тохируулаг хийн одоо үндсэндээ "Алтан пянз" болоод ирчхээд байна. Үүнийхээ нээлтийг тавдугаар сарын 22-нд хийхээр манай залуус ажиллаж байна.

-Уран бүтээлч хүн өөрийнхөө уран бүтээлийг хадгалж явдаг юм болов уу, ард түмэн түүнийг нь аваад явдаг юм болов уу. Та ер нь юу гэж боддог вэ?

-Ард түмэн л аваад явах ёстой байлгүй. Би чинь нэг л хүн. 50 жил үзээд 60, 70 жил амьдарна. Зохиол, бүтээл гэдэг чинь мөнх настай эд. Ялангуяа сайн бүтээл. Хэдэн зуун жилээр оршдог. Тэгэхээр үүнийг ард түмэн л авч явахаас өөр аргагүй.

-Таны бүтээлийг хаа нэгтээ сонсохоор яалт ч үгүй зүрх сэтгэл өөр болдог. Би түүнийг би Монгол хүн юм байна гэж боддог. “Монголын тал нутаг”, “Аав ээж хоёр минь” зэрэг гайхамшигт бүтээлүүдийг сонсохоор нээрээ л би Монгол хүн шүү дээ гээд л. Монгол хөг эгшиг, ая дан юундаа ийм ид шидийг агуулдаг гэж та хэлэх үү?

-Ер нь зөвхөн Монгол хөгжим биш хөгжмийн урлаг  ид шидтэй шүү дээ. Хүний зүрх сэтгэл, тархинд байгаа тэр галыг асааж чаддаг. Тиймээс хөгжмийн урлаг энэ олон мянган жилийн турш ийм өндөр хэмжээнд хөгжсөн.

Германы суут хөгжмийн зохиолч Бетховен “Хөгжим бол хүний зүрхний галыг асаах ёстой, үүрэг нь тэр юм” гэж хэлсэн байдаг. Монгол хүн бол Монгол дуугаа сонсоод заавал өөр болно. Хөдөөгийн хүн уртын дуугаа сонсоод өөр болно. Тэр амьдрал нь нүдэнд нь орж дотор нь бодогддог юм уу. Бидний үе бол яах вэ “Монголын тал нутаг”, “Аав, ээж хоёр” гээд энэ бол миний хувьд их л сайхан санагддаг. Монголчуудынхаа нэг үеийг дуундаа шингээж, дуугаараа хэлж үлдээж байгаа нь сайхан хэрэг юм даа гэж бодогддог.

-Та сая нэг үе гэлээ. Таны анхны уран бүтээлээ эхэлж байсан үе ямар байв. Одоо ямар байна?

-1973 оноос би чинь бүтээлээ эхлүүлсэн. Анхны дуу, анхны хөгжим гэхээр нэг багш залуугийн хүүхдийн дуугаар эхэлсэн үе байгаа.

-Би сая таны номыг эргүүлж суухдаа “Ачтай өвөө минь хувьсгалын пионер” гээд эгшиглэдэг энэ дууг пионер болох гээд л дуулдаг байлаа гэж харж байлаа.

-Яруу найрагч Түмэнжаргал бид хоёр чинь нэгдүгээр сургуулийн багш байлаа. Нэгдүгээр сургууль чинь Улсын лаборатори нэгдүгээр сургууль гээд том сургууль байлаа. Улсад байдаг хамгийн тэргүүний шилдэг багш нарыг аваачиж ажиллуулдаг ийм сургуулийн багш байсан бид. Тэнд байхдаа энэ уран бүтээлүүдийг эхэлсэн. Эхлээд хүүхдийн дуунууд хийж байгаад хүүхдийн төгөлдөр хуурын зохиолууд руу ороод сүүлдээ хөгжмийн дээд сургууль руу яван Гончигсумлаа багшийн шавь болон урлаг руу эргэлт буцалтгүй явж орсон хүн. Хөгжмийн урлаг өөрөө сайхан нэг авсан хүнээ гаргана гэж байхгүй дээ. Ялангуяа хөгжмийн зохиол бичнэ гэдэг бол том үүрэг, хариуцлага. Тэр хөгжмөөр өөрийнхөө үеийг дуулж, тэмдэглэж үлдээх гээд байна. Тэр бол хүн бүрд оногдохгүй том хариуцлага. Хаа газар хөгжмийн зохиолчид цөөхөн байдаг. Манайд ч цөөхөн байгаа. Дуу бичдэг залуус байна. Яг хөгжим бичдэг том хэлбэрийн бүтээлүүдээр оролддог хүн бол цөөхөн.

-Тэр үе яаж эхэлж байв. Хөгжмөөр дамжуулж ард түмэн бид юм өгдөг шүү дээ. Бидний сая дуулсан дууны адилаар тэр л хүмүүжлээр бид хүмүүжиж байсан бол өнөөдөр бидний хүүхэд, залуучуудад сэтгэлийн галыг нь бадраах ая дан хэр эгшиглэж байна гэж та хэлэх үү?

-Үе үе бол өөр. Бидний үе бол арай илүү бадрангуй тэмүүлэлтэй он жилүүд байсан. Бид хүүхэд байхдаа сайхан ирээдүйг бий болгоно их сайн сурах ёстой гэсэн ойлголттой байлаа. Ялангуяа хөгжмийн урлаг руу бид анх орж байхдаа бид өдөр шөнөгүй сууж хичээллэдэг байлаа. Одоогийн хүүхдүүд ямар байгааг би сургуулиас хол хөндий байгаа болохоор мэдэхгүй байна. Одоо үеийн хүүхдүүд хөгжмийн урлаг руу ороод симфони, дуурь бичье гэж бодох үгүй мэдэхгүй байна. Зүгээр тухайн үеийн шаардлага нь өөр болоод явдаг. Магадгүй өнөөгийн нийгэмд сайхан дуу дууриасаа илүү хэрэгцээтэй байж болно шүү дээ. Одоогийн хөгжмийн зохиолчид авьяасгүй болоод ингээд байгаа биш. Нийгмийн шаардлага нь байхгүй. Өнөөдөр дуурь бичээд хэдэн хүн үзэх үү. Тэрний оронд нэг өдөр 30 минут суугаад дуу бичээд байвал илүү олон хүнд хүрэх юм биш үү гэсэн ийм нийгмийн шаардлага байгаад байгаа. Үүнтэй л холбоотой байх гэж би дотроо боддог.

Уг нь үлдэц, хүний чадал чансааг шалгагч, хөгжмийн зохиолчоос илүү ур чадвар шаардах тал дээр дуурь хамаагүй илүү байлгүй яах вэ.

Би саяхан нэг жижигхэн 1980 он гэж удиртгал бичлээ. Яалт ч байхгүй тийм дэврүүн үе шүү дээ. 1980  оны өөрийнхөө амьдралыг дүрсэллээ. 1970-аад он гэдгийг би биччихсэн байгаа юм. Тэр дэврүүн үе ямар байсан бэ, бид юу мөрөөдөж, юу бодож байсан бэ гэдгийг хөгжмийн хэлээр илэрхийлэхийг оролдсон.

-Таны хэлээд байгаа үеийг бид театр, хөгжмийн урлагаар чангааж татах ёстой юм болов уу.Яагаад бид театрын урлаг, хөгжмийн урлагийг хөгжүүлэхгүй байгаа юм бэ.  Яагаад тэр сонсох боломжийг төр засаг нь олгохгүй байгаа юм бэ?

-Нэгдүгээрт бүх зүйлийг төрөөс нэхдэг зүйл байж болохгүй. Нийгмийн захиалга гэж айхтар юм байна. Хүмүүс аль болохоор дурлаж байгаа өргөн хэрэглээнд очиж  чадах бүтээлүүд рүү манай залуус хошуурах нь зүйн хэрэг. Хэн ч хэлэлцэхгүй байгаа дуурь  руу хэн орох вэ. Дуурь чинь гурван жилийн хөдөлмөр. Түүнээс ч олон жил зарцуулагдаж болно. Тиймээс үүнийг нийгмийн захиалгатай холбож ойлгохоос төр засгаас анхаарсангүй гэж яримааргүй байна.  Ер нь төр засаг урлагтаа арай өөрөөр анхаарах цаг болсон. Адаглаад нэг сайхан театргүй л сууж байна. Жишээ нь дэлхий дээр ганц нүүр тахалдаг Үндэсний урлагийн их театр өөрийн байр байхгүй. Ингээд байхаар яваандаа улам л муудна. Байргүй байгууллага чинь яаж шинэ уран бүтээл дээр тогтож сайн ажиллах юм бэ.

-Тэрийг би төр засгийн дэмжлэг гээд байгаа юм?

-Тийм. Аль намайг залуу байхад л Драмын театртай нэг тайзаа булаалцалдаад л. Энэ хэдэн жил үргэлжлэх юм бэ. Бид чинь биеэ даасан улс. Ардын урлаг бол гайхамшигт урлаг. Явсан газраа бишрүүлэхгүй, гайхшируулахгүй байдаггүй. Дэлхийн ард түмэн гайхдаг, биширдэг. Ялангуяа манай уртын дуу , морин хуур, хөөмий эгшиглэхээр гайхдаг.

-Гайхуулах зүйлсээ бид хэр гайхуулаад байх шиг байна?

-Гайхуулах нь гайхуулж л байгаа. Гэхдээ яг сайхан тултал жинхэнэ ёсоороо үзүүлж бас чадахгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Энэ агуу хөгжмийн зохиолч Шарав гуай маань нэлээн тураад, царай зүс нь ч бас жаахан өөр болчихсон байна шүү. Гайхамшигтай сайхан дуунууд, 2-р симпони гээд бас л гайхалтай бүтээлүүдтэй аргагүй л энэ цаг үеийн суутан мөн шүү. Ийм суутнуудаа л харж хямгадаж, тэр хөрөнгө мөнгөөр нь ч тэтгэх хэрэгтэй шүү дээ энэ засаг төр гээч баахан хулгайчдыг дэмждэг, авлига хээл хахууль цэцэглүүлдэг тэнэгүүд.

    0 0 Хариу бичих
  2. Erhem Sharav guai ta mini eruul enh baij, urt nasalj udaan jargaarai!

    0 0 Хариу бичих
  3. Mongoliin bas negen tomoohon toloologch bol sharav yaaltagchgu mun.Ene hunii uzel bodol ter mgl oo gesen setgel zurhees n zaluuchud suralrsah n zub.Harin delhiin hugjmiin zohiolchdiin buteel surgalt suuriguigeer dan mgl zohiol geh met bol yutai ch hugjmiin syrgaltand n bol niitsehgyi ed.jishee n Bach Mozart gedeg ch yumu tednii buteeliig sydlahgyigeer syraltsahgyugeer mgl buteel amiluulna gej yu baihav .Medej heleh gesen sanaag n bol oilgoj baina syrgalrand heregleddeg beethoven mozart schubertiin sonatuud shig ene tsentsuu mgl sonatuud jishee n baihguu l bn unuug hurtel..surgalt bol delhiin hugjmiin suurin deer suurlij baij yavagddag school gehuudee.Saihan yariltslag bolj urt udaan naslahiig yeruue...

    2 0 Хариу бичих
  4. Хаана хэдэн цагт ямар үнтэй вэ алтан сд

    2 0 Хариу бичих
  5. сэрсэн талаар л алтан хөшөөгөө босгосон хүн дээ

    4 0 Хариу бичих
  6. Tanai site-iin bichleg zuin bodlogo mash muu yum a.

    0 0 Хариу бичих
  7. СЭРСЭН ТАЛ МӨН Ч САЙХАН ШҮҮ ДЭЭ. МИНИЙ ХУВЬД ЗААВАЛ Л СОНСОЖ БАЙХ ЁСТОЙ БҮТЭЭЛ ЮМ БИЛЭЭ. САЙХАН ЯРИЛЦЛАГА УНШЛАА. ЯРИЛЦЛАГА ӨРНҮҮЛСЭН ТА ХОЁРТ ХОЁУЛАНД УРТ НАС, ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ

    1 0 Хариу бичих
  8. Монголын минь бахархалуудын нэг, Таньдаа эрүүл энх урт удаан наслахыг хүсье! Та бол мөнхөд үлдэх гавьяатай хүн.

    2 2 Хариу бичих
  9. Mundag hugjimiin zohiolch urt naslaj ard tumenee soen gegeeruulj baigaarai

    2 0 Хариу бичих