Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй цасан шуургатай

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдөр Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурах тулд малчид, тээвэрчид болон аян замд явах иргэдийг болгоомжтой байхыг сэрэмжлүүлсэн байна. Түүнчлэн өнөөдөр нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, зам, даваа, гүвээ хаагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе. Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-12 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)