Сүхбаатар аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

Энэ сарын 21-ний өдрийг хүртэл гурав хоногийн хугацаанд цаг агаарын онц аюултай үзэгдэл болохтой холбоотойгоор Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Энэ талаар Сүхбаатар аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Ж.Эрдэнбаатарын мэдээлснээр тус аймгийн Онцгой комисс гурав дахь хуралдаанаа хийж дээрх шийдвэрийг гаргасан байна. Энэ сарын 18,19-нд тус аймгаар дамжин өнгөрөх цасан шуурга, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гамшиг ослыг хохирол багатай даван туулах талаар эдгээр хурлаар хэлэлцэн, тодорхой асуудлуудыг шийдвэрлэжээ.

Аймгийн УЦУОШГ-аас тавдугаар сарын 17-нд цаг агаарын шар зэрэглэлийн буюу аюулт үзэгдлийн мэдээллийг өгч байсан бол өчигдөр улаан зэрэглэлийн буюу харангын мэдээллийг өгчээ. Өөрөөр хэлбэл цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, анхааруулга харангын мэдээг өгсөн байна. Өнөөдөр Сүхбаатар аймгийн нийт нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Үүний дагуу аймаг орон нутгийн зүгээс тодорхой арга хэмжээг авч ажиллаж эхэлсэн байна.

Ийнхүү тавдугаар сарын 18-ны 18 цагаас эхлээд 22-ны 08 цаг хүртэл аймаг даяараа гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байна. Үүнтэй холбогдуулан гамшгаас хамгаалах мэргэжлийн анги байгууллага болон бүх төрийн байгууллага 24 цагийн ажлын горимд шилжжээ. Сүхбаатар аймгийн гамшгаас хамгаалах төв штабыг байгуулан ажилдаа ороод байгаа гэнэ. Гамшгийн зарлан мэдээллийн дохиог нийт хүн амд шуурхай хүргэх талаар бүх үүрэн телефоны компаниудтай хамтран ажиллаж байна. Ард иргэд, малчдад сэрэмжлүүлэг мэдээг сайн хүргэсэн байна.

Энэ удаагийн цасан шуурга өнгөрсөн хугацааны цасан шуургаас нөхцөл байдлын хувьд хүндэрч, цаг агаарын аюултай, бүр зарим тохиолдолд гамшигт байдал үүсч болзошгүй гэсэн мэдээллийг мэргэжлийн байгууллагаас ирүүлжээ. Тиймээс эдгээр тодорхой арга хэмжээнүүдийг авч аймгийн Онцгой комиссын гишүүд бүх суманд ажиллаж байгаа аж. Мөн аймгийн хэмжээнд байгаа туулах чадвартай бүх автомашины судалгааг гаргаж, шатахууны нөөцийг ханган жолооч нарыг бэлэн байдалд ажиллуулж байна.

Улаанбаатар-Баруун-Урт чиглэлийн төв замыг бүрэн ашиглалтад байлгах нөхцөлийг хангах үүднээс урьдчилсан бэлэн байдлыг хангасан байна. "Талын зам" компаниас Мөнххаан, Баруун-Уртад хоёр шуурхай ажлын хэсгийг гаргасан. Цахилгаан эрчим хүч тасрах тохиолдол гарахаас сэргийлж Дорнод бүсийн эрчим хүчний төвтэй уялдуулан ажлын хэсгийг ажиллуулж, нөөц эх үүсвэрүүдийг бэлэн болгоод байна. Мөн өчигдрөөс эхлэн аймгийн хэмжээнд нийтийг хамарсан арга хэмжээг бүгдийг зогсоожээ.

Өвөл цасгүй, хавар ойр ойрхон шороон шуургатай байсан учир малчдын хувьд нөхцөл байдал амаргүй, хээлтэгч болон төл мал зутруу байгаа аж. Тиймээс шаардлагатай сумдад аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг үнэ төлбөргүй хуваарилж, зөөвөрлөх ажлыг эхлүүлж, бусад сум болон ААНБ-уудад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэрийг гаргасан байна.

Орон нутгийн бүх замын хөдөлгөөнийг бүрэн хаасан бөгөөд Улаанбаатар хотоос орж, гарах нийтийн тээврийн хөдөлгөөнийг мөн хааж аймгийн хэмжээнд 123 пост гарган ажиллаж байна. Эдгээр постууд замын хөдөлгөөнд хяналт тавих аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)