Баян араб эзэд нь “ПСЖ”-ийг хаяхаар шийджээ

“ПСЖ” урт хугацааны завсарлага авч мэднэ

Францын хамгийн шилдэг баг “ПСЖ” тарж бутран дундаж багийн эгнээнд шидэгдэх үйлийн үр нь бүрэлдээд эхэлчихсэн талаар “Le Parisien” сонинд мэдээлжээ.

Катарын эмир Тамим бин Хамад Аль-Танигийн эзэмшдэг “Qatar Sports Investments” сан 2011 онд “Пари сен Жермен”-ийг худалдаж авсан юм. Тухайн үед багийн өр 20 сая еврогоос давсан, америк эзэд нь яахаа мэдэхгүй байх үед баян катар эр гар сунгаж дампуурлаас аварсан билээ. Тэрээр хөлбөмбөгийн том баг худалдаж авснаараа нэр хүндээ өсгөж, Европ дахь хэлхээ холбоогоо өргөжүүлэх зорилго тавьсан юм. Гэвч найман жилийн дараа эргээд харахад багийн төлөө зарсан асар их мөнгө хүссэн үр дүнг нь өгсөнгүй.

Тамим бин Хамад Аль-Тани сэтгэл дундуур байгаа нь дараахь шалтгаантай.

Нэгдүгээрт, баг нь амжилт гаргасангүй. Катар эр 2011 оны зун солилцоо наймаанд 1.2 тэрбум евро (татварт мөн ийм хэмжээний мөнгө явуулсан) зарцуулсан ч баг нь “Аваргуудын лиг”-т түрүүлж чадаагүйн дээр Францын цомын тэмцээний шөвгийн 16-д өөрсдөөс нь долоо дахин бага төсөвтэй (68-500 сая евро) “Ренн”-д дийлдсэн юм. Түүнээс хойш жил бүр том тоглогчдыг авсаар Францдаа тасарсан ч Европын дэвжээнд гялалзаж чадахгүй хэвээр байгаа. Мэдээж, баг нь жил бүр бүтэлгүйтээд, эзэд нь тэр болгонд мөнгөө цацаад л байна гэж юу байх вэ.

Хоёрдугаарт, Францын хөлбөмбөгийн түшмэдийн харилцаа хандлага эрхэм эмирийг эгдүүцүүлж байгаа аж. Францын хөлбөмбөгийн хөгжилд оруулж буй өөрийнх нь хувь нэмрийг тэд огт үнэлэхгүй байгаа нь катар эрд таалагдахгүй байна. Хэрвээ “ПСЖ” Неймар, Мбаппе, Кавани, Ди Мария, Бекхэм зэрэг супер оддыг авчраагүй бол хөлбөмбөгийн фанатууд аль хэдийнэ Францын АШТ-ийг “аних” байсан гэж тэр үздэг. “Лиг 1” 2020-2024 онд телевизийн шууд дамжуулах эрхээ Итали Испанийн дээд лигээс өндөр үнээр (1.15 тэрбум евро) зарсан нь “ПСЖ”-ийн ач гэдэгт тэрээр итгэлтэй явдаг.

Баг томорсноор ашиг орлого өссөн ч сүүлийн таван жилд тэрбум гаруйхныг л олсон гэнэ. Олохын хэрээр татварын өр нь ч өсч, 250 сая еврод хүрчээ. М.Платини, Ж.Инфантино нартай хувийн журмаар сайн харилцаа тогтоогоогүй бол “ПСЖ” Евроцомын тэмцээнд оролцож ч чадахааргүй байдалтай байгаа нь үнэн гэнэ.

“Le Parisien”-ий нийтлэлд өгүүлснээр, багийн эзэд болох Катарын баячууд багийн амжилтад сэтгэл дундуур байгаа тул цаашид их мөнгө хаяхаа болихоор шийдсэн бөгөөд төсвийг нь жилээс жилд танаж байгаад 2022 оны Катарын ДАШТ-ий дараа бүрмөсөн зарна гэсэн байв. Хэрвээ энэ үнэн бол эзэд өмнө нь оруулчихсан асар их мөнгөө буцааж олж авахыг хичээж таарна. Үүний тулд нэгээр тогтохгүй супер од тоглогчдоо худалдах магадлал өндөр юм. Өөрөөр хэлбэл “ПСЖ” дундаж багийн эгнээнд шилжиж, дахин өөр хэн нэгэн аврах хүртэл удаан хугацааны завсарлага авах нөхцөл үүсчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Дагсалжуулагч хүнд л учир бий юм шиг байна лээ дээ. Санхүүгийн талд асуудалгүй юм бол дэлхийн бүх шилдэг хөлбөмбөгчдийг угаасаа худалдаад авч болно. Бөмбөг бөөрөнхий гэж үг бий, жишээ нь 10-аад хоногийн өмнө Ливэрпүүл Барсаг, Тотэнэм Аяксийг яаж бараг азаар гэх тохиолдлуудаар буулгаж авлаа. Гэхдээ, гэхдээ байна шүү дээ, явж явж мундаг дасгалжуулагч л хамгийн чухал нь юм байна гэж бий ойлгоод байгаа. Жозэ Муриньо-г авчихаж болдоггүй юм байхдаа? Зинадин Зидан бас муугүй гэдгээ нотолчихоод ноднин зодог тайлсан ч мөнгөнд дургүй хүн хэн байх билээ. Германчууд нямбай, түс тас, гэхдээ, Юргэн Клоппыг илүү нөхцөл, сайн бонусаар уургалаад авч болохгүй юмгүй шиг.

    0 9 Хариу бичих
  2. Манчестер сити ч бас энэ замаар орох нь тодорхой

    2 0 Хариу бичих
    • Том эндүүрч байна.

      0 0
    • Том эндүүрч байна.

      0 0