Энэ өдөр дэлхийн түүхэнд

Шавуот

Еврейн ард түмэн Ёс зүйн хууль Тора өгөгдсөний баяр гэгддэг өдрийг еврейн сиван сарын 6-нд тэмдэглэдэг. Энэ нь Израилийн амралтын өдөр юм. Иврит хэлээр “шавуот” гэдэг нь “долоо хоногууд” гэж буух бөгөөд еврейн Песахын хоёр дахь өдрөөс эхлэх долоо долоо хоног юм. Домгоор энэ өдөр Синай ууланд Моисей 10 сургаалтай гэрээнээс сонсчээ. Арван цагаан буяны сургаал нь хүн төрөлхтний ёс зүйн үндэс болох тул түүнгүйгээр нэг ч улс, нэг ч хүн байж болохгүй гэдэг.  Моисей аман сургаал сонсоод хэсгээс нь бичсэн нь Бичгийн Тора нь болсон байна. Сонссон сургаалынх нь тал нь зөвхөн 150 жилийн дараа бичигджээ. Сонссон Торагийн бичмэл нь олон боть Талбуд ба бусад номууд болдог аж. Тэр нь Мидраш гэсэн ерөнхий нэрээр нэгтгэгдсэн байдаг. Энэ өдөр еврейчүүд хамгийн сайн, боловсорсон үр жимсээ сүмд авчран тахил өргөдөг ажээ

Туркийн залуучууд, спортын өдөр

Залуучууд, спортын өдрийг (Genclik Bayrami) Туркт маш өргөн тэмдэглэдэг бөгөөд үндэсний баярынх нь нэг юм. Үйлдвэр, албан газруудад амралтын өдөр зарлагдаж бусад хот сууринд байгаа эцэг эхээ эргэхийг ажиллагсдад зөвшөөрдөг аж. Ийм маягаар энэ улсын төрийн баяр нь гэр бүлийн баяр болдог ажээ. Эхлээд энэ өдөр залуучууд болон спорттой ямар ч холбоогүй байсан ба 1919 оны энэ өдөр Туркийн анхны ерөнхийлөгч Мустафа Кемаль Ататюрк хар далайн Самсун боомтод гадаадын булаан эзлэгчдийн эсрэг цэрэг татлага явуулж байжээ. Гректэй хийсэн энэ дайнд үндэсний тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд залуучууд ихээхэн идэвхтэй байсан учир  хожим энэ өдрийг залуучуудын баяр болгосон байна.

Сонирхолтой түүх

Оросын нийслэл Москвагаас Санкт-Петербург рүү нүүв

I Петр эрхэм дээдсийн 1712 оны тавдугаар сарын 19-ний зарлигаар Оросын нийслэлийг эртний Москвагаас дөнгөж долоон жилийн настай Петербургт шилжүүлэхээр болов. Санкт-Петербург нь Оросын эзэнт улсын нийслэлээр 1712-1918 онуудад байсан ба Оросын хаадын өргөө байжээ.

Москва хот нь Москвагийн вант төв, XV зууны  хоёрдугаар хагаст Орос улсын  нэгдсэн нийслэл болсноос хойш түүний нийслэлийн статусыг хэн ч хөндөөгүй байсан юм. Гэтэл 1703 онд I Петр Нева мөрний цутгаланд Петропавловскийн цайзыг босгосноор Санкт-Петербургийн эхлэл тавигдаад тэр нь есөн жилийн дараа ийнхүү нийслэл болон хааны Европ, Балтийн зүгийн мөрөөдлийн бэлгэдэл болжээ. Санкт-Петербургийн бүтээн байгуулалтын өндөр хурдыг барих  зорилгоор жил бүр 40 мянга хүртэлх “ажлын хүмүүсийг” голчлон улсын мэдлийн тариачдаас бүрдүүлэн илгээж байлаа. Мөн улсынхаа өнцөг булан буүрээс гар урчууд худалдаачдыг тийш нь байнгын болгон шилжүүлж байжээ.

1712 оны тавдугаар сарын 19-нөөс эхлэн Петербург Оросын эзэнт улсын албан ёсны захиргааны төв болов. XVIII зуунаас л Петербургийг Орос дахь жинхэнэ “европ хүн” гэх болсон юм. Хотыг босгоход Европын төлөвлөлт ба хот босголтын туршлагийг өргөн ашигласан байна. Европын том хотын нэг нь ч Петербург шиг тийм хурдтайгаар, нэгэн үеийн нүдэн дээр төлөвлөлтийн дагуу босоогүй юм.

Елизавета ба II Екатерина хатан хаадын үед Петербург нийслэлийн сүр хүчээр Москвагаас давсан байв. Тэр нь дараагийн зуунд нь Оросын уран бүтээлч сэхээтнүүдийг татсан юм. XIX зууны эхээр Санкт-Петербург хүн амын тоогоор Москвагаас давсан байв. Хотын оршин суугчид 500 мянга болсон бол Москвад дөнгөж 378 мянган хүн амьдарч байлаа. XX зууны эхээр зөвхөн Орост төдийгүй Европын хамгийн том зээлийн болон биржийн төв болжээ. Октябрийн хувьсгалын дараа большевикууд хөрөнгөтөн, нөхөрсөг биш орнуудтай ойрхон хилтэй байснаас нийслэлийн статусыг буцаан Москвад олгосон байна.

Дэлхий Галлея сүүлт одны сүүлээр нэвтрэн өнгөрөв

Галлея сүүлт од нь солируудаас хамгийн алдартай нь. Энэ сүүлт од 74-79 жилийн хугацаанд хүчтэйгээр сунгагдсан зууван тойрог замаар нарыг нэг удаа тойрдог. Сүүлт одыг 1835 онд гарч ирэх үеэр спектрийн шинжилгээгээр сүүлт одын агаар мандалд циана, угарын хий ба бусад нэгдлүүдийн молекулын зурвасуудыг тогтоосон байна. Тиймээс дэлхийн агаар мандлыг түүний хорт хийгээр хордогдсон гэх цуу хурдан тархжээ.

Одон орончдын хэлж байснаар 1910 оны тавдугаар сарын 19-нд дэлхий Галлея сүүлт оны сүүлтэй “мөргөлдөв”. Тухайн цагийн  хамгийн мэдрэмжтэй багаж төхөөрөмж дэлхийн агаар мандалд ямар нэгэн өөрчлөлтийг бүртээгүй. Олон орныг хамарсан аймшгийн цуу яриа батлагдаагүй. Тэд хий олон удаа түүний сүлээр дамжин өнгөрч байсан ч агаар мандалд нь ямар ч өөрчлөлт гарч байгаагүй  юм.

Одон орончид энэ тохиолдлуудыг ашиглан  сүүлт одны талаар  маш их судалгаа хийсэн байдаг. Галлея сүүлт од нь энгийн нүдээр харж болох богинохон хугацааны цорын ганц сүүлт од юм. Харин 1986 онд уг од гарч ирэхэд дэлхий ба түүний дунд нар байснаас хүлээгдэж байсан шиг үр дүнг өгч чадаагүй ажээ. Мөн хотын агаар мандлын бохирдол ч хотынхонд түүнийг харах боломжийг өгөөгүй байна. Дараагийн удаа Галлеч сүүлт од 2061 оны дундуур харагдах ёстой.

Өнөөдөр түүхэнд

1484 - Москвагийн Кремльд Благовещенскийн сүмийн суурийг тавьжээ. Цагаан чулуун уран барилгыг Псковын мастерүүд таван жилийн дотор босгож, уг сүмийг 1489 онд аравнайлжээ.

1581 – Москвад анхны эмийн сан нээгджээ. Түүнийг Англиас ирсэн мэргэжилтнүүд тэдний тоонд Елизавета хатан хааны илгээсэн эмийн санч Жеймс Френч нар нээсэн байв. Харин үүнээс зуугаад жилийн дараа эмийн сан олон нийтэд хүртээлтэй болжээ.

1588 – Испанийн ялагдашгүй арми Английг эзлэхээр хөдлөв. Тэр жилийнхээ долоо, наймдугаар сард испаничууд далайн тулаанд хөлөг онгоцнуудынхаа тал хувийг алдсан байна. Эндээс эхлэн Испанийн далайн гүрний статус алдагдаж эхэлжээ.

1681 - Францад усан онгоцны Лангедокийн сувгийг ашиглалтад оруулжээ. Атлантын далайн Бордо боомтыг Газар дундын тэнгисийн Сет боомттой холбосон уг сувгийг 1666 оноос ухаж эхэлсэн байна. Сувгийн нийт урт нь 242 км болсон ба 10 метрын өргөнтэй, хоёр метрын гүнтэй. Тухайн үедээ уг суваг Францын эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй байсан ба төмөр зам гарч ирсний дараа ач холбогдлоо алджээ.

1768 – Хатан хаан II Екатерина Санкт-Петербургийн генерал-полицмейстер Н.Чечеринд гудамжнуудын нэртэй самбарыг хадах тушаалыг өгсөн байна. Гудамж зөрлөг бүрийн эцэст нь түүний нэрийг орос немец хэлээр бичин хад. Нэргүй  бол тэдэнд нэр өг. Нэрийн самбарыг элдэв чимэггүй энгийн бөгөөд цэвэр хий гэж хатан хаан тушаажээ. Чечерин даалгаварыг давуулан биелүүлээд мөн зөрлөгүүдийн сүүлчийн байшин дээр байшингуудын эхний ба сүүлчийн дугаарыг хадаад багаас нь том руу нь сумаар зааж өгсөн байна.

1802 – Наполеоны санаачилгаар Францын дээд шагнал Хүндэт легоны одонг бий болгожээ.

Одон нь зөвхөн ялгарах тэмдэг ч биш шагналтнуудын байгууллага болон цэрэг, иргэдийн  одон тэмдэгтнүүдийг нэгтгэх ёстой байжээ. Ингээд тус байгууллагын одон тэмдэгт энгийн гишүүн нь легионер гэж нэрлэгдэх болсон ба одонг Нэгдүгээр консул даргалсан том зөвлөл удирдаж байв. 1804 онд одонгийн зэрэглэлийн дэвийг тогтоон 5000 орчим хүнийг шагнасан байна. Ийнхүү Францадад  ангийн дээд хэсгийн тусгай байгууллага үүсчээ.

1815 - Наполеоны засаглал унасны дараа Австрийн эзэнт улсын эрх мэдэлд очих аюулд тулсан Женев хот кантоны /муж/ эрх мэдэлтэй болоод Швейцарийн холбоонд оржээ. Оросын хаан I Александр энд нөлөөлсөн байна. Оросын хааны шавь нь Швейцарийн нэртэй либерал зүтгэлтэн Фредрик Сезар де Лагер ба тэрээр Женевыг Швейцарийн мэдэлд ороход гол үүрэг гүйцэтгэжээ.  Энэ хэрэг явдалд зориулсан хөшөөг 1869 онд хотын төвд Монбланы гүүрний дэргэд босгосон ажээ.

1848 – Дэлхийн анхны их дэлгүүр нээгдэв.

1906 – Итали Швейцарийг  Альпын уулын доогуур холбосон 19,7 км урттай Симплоны  төмөр замын туннель нээгдэв.

1926 - Томас Эдисон  анх удаагаа радиогоор ярив. Атлантик-ситийн Үндэсний эрчим хүчний компанийн зохион байгуулсан арга хэмжээн дээр эрдэмтэн сандарч “Юу хэлэхээ би мэдэхгүй байна... Би анх удаагаа нэг ийм хачин зүйлээр ярьж байна. Сайхан нойрсоорой!" гэсэн гурван өгүүлбэр хэлжээ.

1928 – Калифорнийн Калаверас хотод  мэлхийн уртын харайлтын анхны тэмцээн явагдлаа. Сан-Хоакин хөндийн  бахархал гэсэн нэртэй мэлхий 101,6 см зайд харайн 49 өрсөлдөгчөөсөө илүүрхэн түрүүлжээ. Ер нь алтны халуурлын үеэр ийм тэмцээн зохиогдож байсныг Марк Твен “Калаверасын дэвхэрдэг алдарт мэлхий” өгүүллэгтээ бичин үлдээсэн байдаг.

Өнөөдөр жилийн бүрийн хавар Калаверес хотод яармагийн үеэр тал бүрээс мэлхийгээ авчирч уралдуулдаг. Тэд улам ч хол харайж, улам ч их мөнгөөр шагнуулах болсон байна. Өнөө хүртэл эвдэгдээгүй дээд амжилтыг Санта-Кларын  Rosie the Ribiter мэлхий 1986 онд 654,69 см харайж тогтоосон байна.

1929 – Германы  Отто Люрс 10000 үзэгчдийн өмнө 14 дарийн пуужингаар тоноглогдсон "Opel" "Motorclub SS" мотоциклээр яван үзүүлбэр хийлээ.

1930 – АНУ-ын Сангийн сайд Эндрю Меллон АНУ-д Зөвлөлтийн шүдэнз оруулахыг хориглов.

1952 – Зохиолч эмэгтэй  Лиллиан Хеллман Америкийн эсрэг үйл ажиллагааны мөрдөн байцаалтын Сенатын комисст өөрийн найз нарын эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзлаа.

“Хормын моодонд баригдан өөрийн сэтгэл зүрхээ солихгүй, үүнийг би хийхгүй” гэж тэр хэлсэн байна.

1960 – Хэрэглээнд "рок-н-ролл" гэсэн үгийг оруулж ирсэн дижей Алан Фридыг авлигын хэрэгт буруутган түүний карьерыг төгсгөжээ.

1964 – Америкийн дипломатууд Москва дахь Элчин сайдын яамны байрнаас 40 орчим сонсон тагнах төхөөрөмжийг илрүүлжээ. Тэднийг уг байрыг барих үеэр 1953 онд Дотоод хэргийн яамны 12-р тасгийн мэргэжилтнүүд төмөр бетон хавтанг үйлдвэрлэх үеэр суулган тавьсан байв. 

1991 – Кувейтын шүүх Саддам Хусейны зурагтай цамц өмссөн хүнийг  бүх насаар нь хорих ялаар шийтгэв.

1995 – Америкийн Б.Амбати 17 насандаа диплом аван дэлхийн хамгийн залуу эмч болов.

2000 – 63 настай япон Тосио Ямамото Эверестын оргилд гарсан хамгийн өндөр настай хүн болов.

2002 - Тавдугаар сарын 19-20-нд шилжих шөнө дэлхийн 192 дахь тусгаар тогтносон улс бий боллоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан Зүүн Тиморын арлын 100 мянган иргэд зочид төлөөлөгчдийн өмнө Зүүн Тиморын улсыг тунхагласан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)