Барилгын салбар хөл дээрээ боссон уу?

Тэнхэрч буй салбар

Зам дээр явсан авто машины дээрээс цутгамал хавтангийн булан унасан мэдээлэлтэй хамт энэ жилийн барилгын улирал эхлэв. Үлэг гүрвэлийн яс шиг сэрийлдэх өндөр барилгуудын араг хийц “амь орсон”-ыг салхинд хийссэн “тоосго” нийслэлчүүдэд ийнхүү дуулиантайхан зарлав. Хаврын хавсаргатай зэрэгцээд мэргэжлийн хяналтынхан баригдаж буй барилгуудын хамгаалалтын торыг шалгах аян эхлүүлсэн ч дуулдав. Энэ дөнгөж эхлэл нь. Барилгын бүтээн байгуулалттай холбоотой асуудлууд цаашид ар араасаа хөвөрнө.

Элс, хайрганы карьераас өдөр шөнийг үл ялган цуврах хүнд даацын авто машинууд, дуу чимээ, тоосжилт, хөдөлмөрийн аюулгүй байдал, гадаадын ажиллах хүч, цаашилбал ам метр талбайн үнийн өсөлт, барилгын чанар гээд том, жижиг олон асуудал энэ салбарын тогоонд даргилна.

Алдаа оноо, сайн муу, сайхан муухай бүхэнтэйгээ хамт барилгын салбар урагшилсаар байгаа нь үнэн. Үндэсний статистикийн хороо яг сарын өмнө барилгын салбарын 2017 оны төлөв байдлын танилцуулгыг нийтэлжээ. Уг танилцуулгаас харахад манай улсын барилгын салбар сүүлийн жилүүдэд идэвхжиж, улс орны эдийн засагт оруулж буй хувь нэмэр, байр суурь нь өссөөр байгаа ажээ. Энэ өсөлтөд тулгуурлан барилгын салбарын ойрын 10 жилийн ирээдүйг тун өөдрөгөөр төсөөлж буй юм.

Үүний илрэл энэ оны хоёрдугаар сарын 13-нд баталсан Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого. 2029 он хүртэл хэрэгжүүлэх уг бодлогын баримт бичигт туссан зорилтуудыг Барилгын салбарын хөгжлийг тогтворжуулах үе, Салбарын эрчимтэй хөгжлийн гарааны үе, Хөгжингүй улс, орнуудын түвшинд хүрч, эрчимжих үе гэсэн гурван шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.

Ингэснээр барилгын салбарын өнөөгийн чадавхи 2020 онд 1.38 дахин, 2025 онд 2.6 дахин, 2028 онд 3.9 дахин өснө гэж тооцоолжээ.

Барилгын салбарын 2017 оны суурь үзүүлэлтүүдэд тулгуурлан хөгжлийн өсөлтийн итгэлцүүрээр тооцоход 2021 онд 4.343,0 тэрбум, 2025 онд 8.338,0 тэрбум, 2029 онд 12.330,0 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэнэ. Ингэснээр Монгол Улсын хөгжлийн болон хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тавигдсан зорилтуудыг хангах юм байна.

Манай улс Барилгын салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг 2002-2010 оны хооронд хэрэгжүүлсэн бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл барилгын салбарын талаар баримтлах нэгдсэн бодлого гараагүй байжээ. Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлогыг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль батлагдсанаас хойш боловсруулсан тул өргөн хүрээтэй бодлогын баримт бичиг болж чадсан гэнэ. Өөрөөр хэлбэл салбарын хууль эрх зүй, норм нормативын баримт бичиг, шинжлэх ухаан, техник технологи, инноваци, зураг төсөл, хөрөнгө оруулалт, барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, салбарын сургалт, хүний нөөц, орон сууц, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтэц, газрын харилцаа, геодези, зураг зүй гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд бодлого, зорилтыг нэгтгэн хэрэгжүүлэх боломж бүрджээ.

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн

Хөгжиж буй орнуудын хөгжлийн түвшний үзүүлэлтүүдтэй жишиж үзвэл манай улсын барилгын салбарын хөгжлийн хурдац хэвийн өсөлттэй, салбарын техник, технологийн хөгжил дундаж хэмжээнд байна. Өнөөгийн байдлаар барилгын үйл ажиллагаа бууралтын байдалтай байгаа ч өөдрөг төсөөлөл байгааг судалгаагаар харуулсан. Барилгын салбарын өсөлтийг хангах харилцан уялдаа бүхий нэгдсэн бодлого, эрх зүйн орчин бүрдсэнээр уг салбарын хөгжил эрчимжинэ.

“Өрх” ХХК-ийн захирал А.Бат-Од

Барилгын салбарын тулгамдаж байгаа асуудал нь барилгын салбарын асуудлаа тодорхойлж, эрэмблээгүйд байна. Бид барилгын салбарын асуудлын талаар цогц судалгаа явуулах хэрэгтэй. Асуудал их байна л гэж яриад байдаг. Яг ямар асуудал байна вэ гэхээр судалгаа шинжилгээтэй, гаргалгааг тодорхойлсон зүйл ховор байдаг. Үүнийг орон сууны судалгаа гэх мэт зах зээл, эдийн засгийн судалгаатай хольж ойлгож болохгүй л дээ. Цэвэр техникийн болон үйл явцын асуудлын талаарх судалгаа гэсэн үг юм.

Монгол Улсын барилгын салбарт 2017 онд нийт 12.1 мянган ААНБ үйл ажиллагаа явуулж 70.6 мянган хүн ажиллаж, 962.3 тэрбум төгрөгийн нэмэгдэл өртгийг бий болгосон байна. Барилгын салбарын ажиллагчдын тоо, дундаж цалин жилээс жилд нэмэгдэж байгаагаас гадна барилга угсралт, их засварын ажлын хэмжээ сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр байгаа ажээ.

Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн болон замын барилга угсралтын ажил сүүлийн 5 жилийн хугацаанд өмнөх 5 жилтэй харьцуулахад эрчимтэй нэмэгдсэн байна.

Төрөөс хэрэгжүүлсэн жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл нь иргэдэд үр өгөөжөө өгч, зээл олгож эхэлснээс хойш 93.4 мянган иргэн хамрагдаж, өөрийн эзэмшлийн орон сууцтай болжээ. Барилга угсралтын ажил эрчимтэй өрнөж байгаагийн дийлэнх нь нийслэл Улаанбаатар хотод явагдаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд энгийн орон сууцаас гадна чинээлэг хэрэглэгчдэд зориулсан, тэдний хэрэгцээ шаардлагыг хангах нэг ам метр талбайн дундаж өртөг 2.5 саяас дээш үнэтэй тансаг зэрэглэлийн орон сууцууд ч олноор баригдаж байгаа ажээ. Мөн орон сууцны бус барилга, ялангуяа худалдаа, үйлчилгээний барилга угсралтын ажил эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаанаас харж болно.

Харин орон сууцны үнэд сүүлийн 10 жилийн хугацаанд огцом өөрчлөлт гарсан нь төрөөс авч хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрүүдээс шууд хамааралтай байгааг судлаачид тодотгож буй юм. Юутай ч барилгын салбар унаж босож яваа ч том зургаараа бол тэнхэрч тэнцвэржих шатандаа явна.

“Угжны хурга”

Бүтээн байгуулалтын гол салбарууд улс төрийн нөхцөл байдал, улстөрчдийн шийдвэрээс шууд хамааралтай явж ирсэн. Барилгын салбар үүнийг тойроогүй. Монгол Улсын хэмжээнд жилд ашиглалтад орж буй барилгуудыг талбайн хэмжээгээр нь авч үзэхэд сүүлийн 10 жилийн хамгийн оргил үе нь 2014-2015 он байжээ. Тухайлбал 2009 онд 512.2 мянган ам метр талбай бүхий барилга ашиглалтад оруулж байсан бол энэ тоо жил бүр өссөөр 2013 онд 1 сая 237 мянга, 2014 онд 1 сая 898 мянга, 2015 онд 2 сая 308 мянган ам метр талбай бүхий барилга ашиглалтад оруулж байжээ.

Харин 2016 оноос уг тоо аажмаар буурсаар 2017 онд 832 мянга, 2018 онд 734 мянган ам метр болжээ. Жилд ашиглалтад оруулсан барилгын талбайн хэмжээ сүүлийн гурван жилийн дотор гурав дахин буурсан гэсэн үг. Энэ бол Үндэсний статистикийн хорооноос авсан мэдээ.

Тоо худлаа хэлдэггүй гэдэг үг бий. Барилгын салбар өргөжин тэлж, хөгжиж байгаа гэдэг үгийг дээрх тоогоор үгүйсгэх гэсэн юм биш. Зөвхөн ашиглалтад орж байгаа барилгын талбайн хэмжээгээр тухайн салбарын хөгжлийг хэмжих боломжгүй. Энэ бол бүтээн байгуулалтын энэ том салбарын нэг л барометр нь.

Жилд ашиглалтад оруулж буй барилгын тоо, талбайн хэмжээ эрс нэмэгдсэнийг тухайн үеийн төр засгийн бодлого, шийдвэр, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбон нэг хавтгай дээр тавиад үзэх юм бол сонирхолтой дүр зураг харагдана. Арван жилийн өмнөх санхүү, эдийн засгийн хямралын дараахь сэргэлт барилгын салбарт хамгийн тод харагдсан гэж болох юм. Тухайлбал, 100 мянган айлын орон сууц, төрийн албан хаагчдын 4000 орон сууц хөтөлбөрүүд 2010-2011 онд гараанаас гарсан билээ.

Зөвхөн төрийн албан хаагчдад жилийн 8 хувийн хүүтэй олгож байсан ипотекийн зээлийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед буюу 2013 оноос нийт иргэдэд олгож эхэлсэн нь барилгын салбарыг идэвхжүүлэх нэг нөхцөл болсон.

Ийнхүү эрэлт өссөнийг дагаад орон сууцны талбайн үнэ нэмэгдсэн. Мөн барилгын материалын үнэ харьцангуй нэмэгдсэн нь орон сууцны үнэд шууд нөлөөлж байв. Тиймээс тухайн үеийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд барилгын материалын үнийг буулгах алхмыг авч хэрэгжүүлсэн байдаг. Цементийн үнэ хэт өссөний шалтгаан нь БНХАУ-ын Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг цементийн үйлдвэрүүд зохиомол гацаа бий болгож эрэлт үүсгэснийх байжээ. Дээр нь манай цемент импортлогч аж ахуйн нэгж, компаниуд хөрөнгийн эх үүсвэр багаас шалтгаалан цементээ хямд үнэтэй үед нь нөөцөлж чаддаггүй. Тиймээс барилгын бүтээн байгуулалтын улирал эхэлж, үнэ өссөн үед нь өмнөд хөршөөс худалдан авдаг нь эцсийн хэрэглэгч дээр орон сууцны үнэд нь шингэж очдог байсан хэрэг.

“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд цемент, арматур зэрэг голлох барилгын материалуудыг импортолдог аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй зээл олгож, хямд үнээр нөөц бүрдүүлсэн нь үр дүнгээ өгсөн юм. Мөн Засгийн газраас дотооддоо цемент, арматур үйлдвэрлэх санал санаачилгыг дэмжсэн бодлого хэрэгжүүлжээ. Үүний зэрэгцээ Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг 2012-2015 оны хооронд хэрэгжүүлж эхэлсэн нь энэ салбарт томоохон дэмжлэг болсон билээ.

Уг хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед буюу 2012 онд нийт 45 төрлийн барилгын материалын 20 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг байсан бол 2016 он гэхэд 60 хувийг нь Монголдоо үйлдвэрлэдэг болжээ.

Барилгын материалын дотоодын үйлдвэрлэл ч сэргэж. МАК, “Монполимент”, Хөтөл, Улааны цементийн үйлдвэрүүд ашиглалтад орж, арматурыг ч дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Монголын компаниуд дотооддоо дөрвөн сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болоод байгаа ажээ. Манай улсын цементийн жилийн хэрэглээ хоёр сая тонн. Тэгэхээр Монгол Улс цемент импортоор авах бус харин экспортлох хэмжээнд хүрчээ.

Төрийн бодлого, төсөл, хөтөлбөрийн үр дүнд барилгын салбар ийн сэргэж буй. Гэхдээ дэмжлэг гэдгийг дан ганц хөнгөлөлттэй зээлээр угжина гэж ойлгож болохгүй. Угжны хурга тэнхэрч гэмээнэ өөрөө бэлчээрт гардаг. Барилгын салбар ч цаашид төрийн оролцоогүйгээр, тэр тусмаа улстөрчдийн хуруу, хошуунаас хол хөндий байж зах зээлийн жамаараа хөгжих ёстой.

Иргэдээ дэмжье гэвэл ипотекийг...

Төрөөс хэрэгжүүлсэн жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл иргэдэд үр өгөөжөө өгч, зээл олгож эхэлснээс хойш 93.4 мянган иргэн хамрагдаж, өөрийн эзэмшлийн орон сууцтай болсон байна. Цаашид ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 71798 өрх байгаа гэсэн судалгаа ч гарчээ.

Дэлхийн 103 орны ДНБ-д эзлэх ипотекийн зээлийн дундаж хэмжээ 2015 онд 25.1 хувь байсан бол Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт 2017 оны жилийн эцсийн байдлаар 15.7 хувьтай байна. ДНБ-д эзлэх ипотекийн зээлийн хэмжээ дэлхийн дунджаас бага байгаа нь цаашид орон сууцны зээлийн хэмжээ тэлэх боломжтойг харуулж байна.

Монголын Ипотекийн корпорацийн жилийн тайлан 2017

Эндээс харвал манай улсын хувьд ойрын жилүүдэд ипотекийн зээлийн хамрах хүрээг өргөжүүлэх боломжтой. Ипотекийн зээл орон сууцны эрэлтийг дэмжих хамгийн нөлөөтэй хэрэгсэл хэвээр байсаар байна гэдгийг БХБЯ, Төрийн орон сууцны корпорац, Монголын ипотекийн корпорац, Монголын барилгын үндэсний ассиоциац, “Тэнхлэг зууч” компани зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтран хийсэн Монгол Улсын орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаанд дурджээ. Ойрын гурван жилийн худалдан авах чадвараар баталгаажсан эрэлтийн 85 хувь нь ипотекийн зээлээр баталгаажиж байгаагаас ийм дүгнэлт хийхэд хүрсэн аж.

Тиймээс иргэдээ орон сууцжуулахыг дэмжье гэвэл ипотекийн зээлийг улам боловсронгуй болгож, хүртээмжийг нь нэмэгдүүлэн зах зээлийн жамаар нь хөгжүүлэх шаардлагатайг судалгааны дүн харуулж байна. Ипотекийн зээлийг анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох, урьдчилгаа төлбөрийн хэмжээг багасгах, газраа орон сууцаар солих, урьдчилгаа төлбөр тооцуулах боломжуудыг нэмэх зэрэг саналуудыг дээрх хамтарсан судалгааг хийсэн байгууллагууд гаргасан аж.

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр нь хэдхэн сонгуулийн мөчлөг биш олон арван жилээр үргэлжлэх ёстой урт хугацааны хөтөлбөр. Тиймээс аль болох улс төрийн нөлөөгүйгээр, алсыг харсан шийдвэр гаргаж гэмээнэ уг хөтөлбөр тогтвортой, үр дүнтэй хэрэгжинэ.

Энэ хөтөлбөрийн үндсэн зорилго зөв боловч санхүүжилтийн хувьд Монголбанк, Засгийн газрын оролцоотой эх үүсвэрийг нь шийдвэрлэсэн хөнгөлөлттэй хүүтэй эхлүүлсэн тул хүндрэл, бэрхшээл гарч эхэлсэн.

Тиймээс цаашид ипотекийн зээлийн санхүүжилтийн механизм, хүүгийн түвшинг зах зээлийн хэлбэрт шилжүүлэхгүй бол хөтөлбөр урт хугацаанд амжилттай хэрэгжих боломжгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Мөн ОУВС ч ийм шаардлага тавиад буй. Тэдний хувьд ийм шаардлага тавьж буй нь Монголбанк ипотекийн зээлийг санхүүжүүлэх ёсгүй, өөрөөр хэлбэл Төв банк үнийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй болохоос биш санхүүгийн тогтвортой байдлыг зэрэг хариуцах ёсгүй гэдэг үндэслэл юм. Мөн үүнээс гадна ипотекийн зээлийн арилжааны банкуудын хадгаламжийн хүүгээс хэт доогуур буюу 8 хувиар тогтоосон тул энэхүү зөрүүг татаасаар олгох асуудал ч хүндрэл дагуулж байгаа.

Тиймээс цаашид олон улсад ашиглаж байгаа санхүүжилтийн хувилбаруудыг харьцуулан шууд хуулбарлалгүй манай нөхцөлд тохирсон байдлаар нутагшуулан хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудал болжээ.

Энэ хөтөлбөрийг анх гаргаж байхад мэргэжлийн хүрээнд зах зээлийн хүүгээс хэт доогуур хүүтэй татаас бүхий хөтөлбөр болж байгааг эдийн засагчид анхааруулж байв. Тэд хүүгийн зөрүүгийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх гэж буйд анхаарал хандуулж байсан бол улс төрийн хүрээнд тухайн хөтөлбөрийг эхлүүлэхийг хэт яарсан хандлага давамгайлсан юм. Тиймээс галт тэрэг хөдөлсөн. Ипотекийн хөтөлбөр нэгэнт хэрэгжиж эхлэн барилгын салбарын хувьд гол санхүүжилт болж байгаа. Санхүүжилтын хэмжээ, хамрах хүрээ, нийгмийн хүлээлтийн хувьд томоохон байр суурь эзлэх асуудал нэгэнт болсон тул одоо энэ хөтөлбөрийг хэрхэн эдийн засаг, нийгмийн үр ашигтай тогтвортой үргэлжлүүлэх нь эдийн засгийн хувьд чухал юм.

СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан

Иргэдийг орон сууцжуулах, түүгээр дамжуулж эдийн засаг нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх олон хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан боловч энэ зорилгыг бүрэн шийдвэрлэх боломжийг агуулсан тогтвортой хөтөлбөр байхгүй байсан нь хамгийн гол алдаа гэж үзэж байна. Үүний улмаас асуудлыг богино харах, улс төржүүлэх, цаг зуурын байнгын өөрчлөлтөд оруулахыг хичээх хандлага байсаар байна.

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт, хандлагад хийсэн судалгаандаа тулгуурлан эдийн засагч Ж.Дэлгэрсайхан ипотекийн зээлийн хөтөлбөрийн хувьд тогтвортой байдал нь ихээхэн алдагдаж байгааг онцолжээ. Тухайлбал, хөтөлбөрийн зохицуулалтын хүрээнд зээлийн урьдчилгаа, хэмжээ, хугацааны хувьд байнга өөрчлөлт орох хүлээлт үүсгэж байв. Гэвч тухайн өөрчлөлт нь эдийн засгийн нөхцөл байдалд тохиромжгүйн улмаас хэрэгжээгүй бөгөөд нийгэмд сөрөг ойлголт төрөх зэрэг асуудал байнга гарч байгааг ч судлаач дурдсан байна.

Жишээлбэл, 2015 онд зээлийн урьдчилгааг 10 хувь болгох, 20 хувийг нь төр хариуцах талаар улстөржсөн хандлага бүхий асуудал хөндөгдөж байсан нь иргэдийн дунд ихээхэн зохиомол хүлээлт бий болгож байв.

Гэвч энэ зохицуулалт хэрэгжээгүй. Харин сүүлийн үед ипотекийн зээлийн хамрах хүрээ, хугацаа зэргийг өөрчилсөн эерэг өөрчлөлтүүд гарч байгаа нь хөтөлбөрийн хэрэгжилтэд эерэгээр нөлөөлөх боломжтой. Нөгөө талаар хөтөлбөрийн үндсэн зорилгоос нь гажуудуулсан, бүсчилсэн, хамрах хүрээг хорьсон алхмууд нь хөтөлбөрийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлнө гэдгийг судлаач анхааруулжээ.

Эрэлтээ давсан нийлүүлэлт

Ойрын жилүүдэд орон сууцны илүүдэлд орох төлөвтэй байгаа ажээ.

БХБЯ, Төрийн орон сууцны корпорац, Монголын ипотекийн корпорац, Монголын барилгын үндэсний ассиоциац, “Тэнхлэг зууч” компани зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтран хийсэн Монгол Улсын орон сууцны зэх зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааны үр дүнд ийм дүгнэлтэд хүрсэн аж.

Улаанбаатар хотын хэмжээнд ойрын гурван жилийн хугацаанд 33102 айлын орон сууц бодит худалдан авалтаар баталгаажжээ. Харин зах зээл дэх орон сууцны боломжит нийлүүлэлт 38514 айлын орон сууц бэлэн байгаа аж. Эндээс ойрын гурван жилийн хугацаанд 5412 айлын орон сууцны нийлүүлэлтийн илүүдэлтэй байхаар төлөв харагдаж байна.

Өнгөрсөн 2018 оны хувьд 6607 айлын орон сууцны илүүдэлтэй байсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Харин 21 аймгийн төвийн хэмжээнд ойрын гурван жилийн хугацаанд 9855 айлын орон сууц худалдан авах бодит эрэлт байгаа аж. Харин орон сууцны боломжит нийлүүлэлтийг тооцооход 10822 айлын орон сууц баригдаж ашиглалтад орохоор байна. Энэ зөрүүнээс орон нутагт 967 айлын орон сууцны илүүдэл үүсэхээр байна. Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг таван жилээр нь авч үзвэл ойрын таван жилийн дотор Улаанбаатар хотод 35497, аймгийн төвүүдэд 14905 айлын орон сууц илүүдэх төлөвтэй байгаа ажээ. Нийт 17280 айлын орон сууц бодит эрэлтээс давна гэсэн үг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)