АН-аас Г.Батхүү агсны талаар мэдээлэл хийлээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, АН-ын дэд дарга Гаваагийн Батхүү өнгөрсөн баасан гаригт зуурдаар таалал төгссөн. Энэхүү эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан АН-аас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин нараар ахлуулсан гурван чиглэлээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан АН-ын дэд дарга Х.Тэмүүжин, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар мэдээлэл хийлээ.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан АН-ын дэд дарга Г.Батхүү өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан сэтгэл сэртхийлгэм, цочирдом үйл явдал боллоо. Тухайн өдөр талийгаач “Торгоны зам” олон улсын авто раллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд оролцоод 15-18 цагийн хороонд Төрийн ордонд ажиллаж байсан. Төрийн ордон бол тусгай хамгаалалттай онцгой объект. Энэхүү онцгой объектын баруун жигүүр, Засгийн газрын хуралдаан болдог танхимын ойролцоо хоёр давхрын гонхноос унасан байдалтай, мөн гаднын нөлөөтэй байж болзошгүй байдлаар амь насаа алдсан. Талийгаач биеийн хувьд эрүүл байсан. Ар гэрийнхнийх нь хэлж байгаагаар бол өнгөрсөн дөрөвдүгээр сард гадаад улсад иж бүрэн шинжилгээ хийлгээд эрүүл гэсэн хариу гарсан байсан юм байна.

Сүүлийн үед цахим орчинд монгол бус зан гаргаж талийгаачийг харлуулах, муулах байдал их гарч байна. Үүнд АН-ын зүгээс их харамсаж байна. Мөн зарим хүмүүсийн ярьж байгаа шиг АН энэ харамсалтай үйл явдлыг ямар нэгэн байдлаар улстөржүүлж ашиг хонжоо хайсан үйлдэл гаргахгүй. Харин жинхэнэ үнэн мөнийг олохын төлөө ард түмнийхээ адил хүлээлтийн байдалтай байна. Цагдаагийн байгууллага одоогийн байдлаар ямар нэгэн тодорхой мэдээллийг ар гэрийнхэн болон бидэнд ирүүлээгүй байна. Удахгүй үнэн бодит мэдээллийг өгнө гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан дээрх мэдээллийг хийсний дараа тус намын дэд дарга Х.Тэмүүжин сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Талийгаачийн амиа алдсан газрын ойр орчимд камер байдаг юм уу. Мөн шатнаас унаж амиа алдсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар юу хэлэх вэ?

-Төрийн ордонд хоёр гуравхан газар л камер байдаг. Чуулганы танхимын үүд болон гаднаас орж ирж байгаа иргэдийг хянах зорилготой үүдний камер байдаг. Бусад газар камер байдаггүй. Энэ харамсалтай үйл явдал болсон газар ямар нэгэн камер байхгүй. Цагдаагийн байгууллага албан ёсоор мэдээлэл хийгээгүй байхад хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр шатнаас унасан байна, зүрх нь хаагдсан байна гэх мэтээр бодит байдалтай үл нийцэх мэдээлэл маш хурдацтай тархсан. Учир битүүлэг байдлыг яагаад ингэж өөр зүгт хөтлөв гэдэгт гайхаж байна. Энэ үйл явдал шатны ойр орчимд болоогүй. Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд байрлах гонх буюу нэг, хоёрдугаар давхрын хоосон орон зайд өндрөөс унасан байдалтай олдсон. Яагаад унах болсон шалтгаан нь тодорхой бус. Ямартай ч маш их гэмтэл авсан, гэмтлээс болж нас барсан гэдэг дүгнэлтэд хүрч байх шиг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа шиг бие нь муудсан, өвчтэй байсан гэсэн шалтгаан одоогоор тогтоогдоогүй.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт нь хэзээ гарах вэ. Хөдлөнгийн шинжээч оруулъя гэсэн боловч прокуророос татгалзсан гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Шүүх эмнэлгийн дүгнэлт бүрэн гараагүй байна. Химийн буюу нарийвчилсан шинжилгээнүүд гарахад ойролцоогоор 14-21 хоногийн хугацаа шаардлагатай. Задлан шинжилгээ болон гаднах байдлын дүгнэлтүүд урьдчилсан байдлаар гарч байх шиг байна.

Шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлт олон нийтийн дунд эргэлзээ төрүүлдэг болсон. Гэр бүлийнх нь зүгээс задлан шинжилгээний үеэр төлөөлөл болон оролцъё гэсэн санал тавьсан. Задлан шинжилгээ нь мэргэжлийн ур чадвар шаардсан зүйл учраас жирийн хүн ороод юу болоод байгааг мэдэхгүй учраас мэргэжлийн эмчийг оруулах хүсэлт тавьсан юм билээ. Хуульд үүнийг зөвшөөрсөн болон хориглосон ямар нэгэн зохицуулалт байдаггүй. Прокурорын зүгээс арын гэрийнх нь хүсэлтийг хүлээж авалгүйгээр задлан шинжилгээ явуулсан байна лээ.  

-Талийгаачийг хамгийн сүүлд С.Эрдэнэ даргын өрөөнөөс гарсан гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Цахим орчинд ийм мэдээл гарсан. 15.00-18.20 цагийн орчимд ажлын хэсгийн хурал нь болсон юм байна. 18.30 цагийн орчим хурлын танхимаас гарсан гэсэн мэдээлэл бий. Мөн 18.33-18.36 цагийн хороонд АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа руу утсаар ярьсан байна. “Ажлын хэсгийн хуралд оролцсон ОХУ-ын төлөөлөгч нартай оройн зоог барина. Та Элчин сайд байсан хүний хувьд хамт орох уу” гээд цаг тохирсон юм байна. 18.35 орчимд УИХ-ын чуулганы хуралдааны үүдний камерт гурван давхраар баруун тийшээ алхаж явсан дүрс нь бичигдсэн байна. 19.09 минутын орчим нэг давхарт унасан байдалтай олдсон. 19.50 минутад цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн байна. Яагаад ингэж удаж байж цагдаа дуудсан юм бэ гэдэгт хүмүүс их гайхаж байх шиг байна. 18.35-19.09 цагийн хооронд АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзсан гэсэн мэдээлэл гаргасан байна лээ. Тухайн өдөр 15.00-18.00 цагийн хооронд намын байранд хурал болсон. Би С.Эрдэнэ даргатай хамт хуралд оролцсон. С.Эрдэнэ дарга бол ордонд байгаагүй, энд байсан гэсэн үг. Та бүхэн удахгүй мэдэх байх. Цагдаагийн байгууллага сүүлийн 20 минутад уулзаж хамт байсан хүнийг нь олж тогтоосон. УИХ дахь МАН-ын бүлгийн нэг гишүүний нэр тодорч байгаа. Тэр хүн “Бид хоёр манай өрөөнд 20 орчим минут уулзсан. Уулзалтын дараа манай өрөөнөөс гараад явсан” гэж цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн байна лээ. Удахгүй энэ тухай мэдээлэл гарах байх.