Н.Номтойбаяр: Цаг хугацааг нь тооцоод үзэхээр Г.Батхүү агсантай хамгийн сүүлд уулзсан хүн нь би

АН-ын зүгээс өнөөдөр мэдээлэл хийхдээ “Г.Батхүү агсантай хамгийн сүүлд МАН-ын бүлгийн нэг гишүүн уулзсан нь тогтоогдсон” гэсэн юм. Тэр хүн нь Н.Номтойбаяр гишүүн юм байна. Тэрээр энэ талаар мэдээлэл хийлээ. Н.Номтойбаяр гишүүн түүнтэй уулзсан талаар хэлэхдээ “Юуны өмнө талийгаач Г.Батхүү агсанд тохиолдсон золгүй явдалд харамсаж байгаагаа илэрхийлье. Энэ бол зөвхөн АН-ын харамсах асуудал биш нийт монголчуудын хувьд золгүй явдал тохиолоо. 17-ны орой бид хоёр ордонд таараад манай өрөөнд орсон. Өмнөх УИХ-д хамт сууж байсны хувьд, бас адилхан авто спорт сонирхдог, холбоо удирддагийн хувьд уулзаж ярилцсан. Цаг хугацааг нь тооцоод үзэхээр сүүлд уулзсан хүн нь яах аргагүй би. Талийгаачийг манай өрөөнөөс гараад явсны дараа 19.18 цагт би бүлгийн хуралд орсон. Цагдаагийн байгууллага надаас гэрчийн мэдүүлэг авсан. Би өчигдөр гэрчийн мэдүүлэг өгсөн” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дээрх мэдээллийг өгснийхөө дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Таныг тэр өдөр согтуу байсан гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-БНХАУ руу айлчлалаар яваад ирсэн гишүүд өдрийн хоолонд хамт ороод Шин Жиньпин даргын өгсөн бэлэг гээд нэг шил архи задалсан нь үнэн. Түүнээс биш халамцуу явж байсан гэдэг бол худлаа.  

-Тантай уулзахдаа ажлын хэсгийн хуралд нь суусан олон улсын авто уралдааныхаа талаар ярьсан уу?

-Талийгаачийн удирдаж байсан холбоо бол авто машин, мотоциклийн холбоо. Манай холбоо бол тусдаа. Торгоны зам уралдаан долдугаар сард болно гээд ярьж байсан. Би ч бас мэдэж байсан. Миний ойлгосноор Төрийн ордны гурван давхарт З.Энхболд даргын өрөөнд хурал нь болсон юм шиг байгаа юм. Манай төрлийн холбооны өнгөрсөн таван жилийн ажлын дүгнэлт, тамирчдын цол зэргийн асуудал яригдах гэж байгаа. Тамирчдын цол зэргийн асуудлыг Г.Батхүү агсны тэргүүлж байсан холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Биеийн тамир, спортын газар хамтраад шийддэг. Миний зүгээс манай холбооны тамирчдын цол зэргийн асуудлыг шийдээч. Хамгийн эхний том тэмцээн зургадугаар 14-15-нд болно. Долдугаар сард олон улсын тэмцээн болно. Тиймээс үндсэн холбоотойгоо хамтраад хурлаа хийе. Хоёулаа 44 мянган авто спорт сонирхогчдынхоо өмнө хэвлэлийн хурал хийгээд хамтран ажиллая гэсэн ажил хэрэгч зүйл ярьсан.

-Сэтгэл санааны хувьд ямархуу байсан бэ?

-Зүв зүгээр явж байсан. Нэлээд жин хассан нь анзаарагдсан. 2016 оны сонгуулиас хойш бид хоёр таараагүй.

-Талийгаач ганцаараа явж байсан уу?

-Ганцаараа явж байсан.