Лувсандамбын Дашням: Монголчууд өөрөөсөө өөрийгөө цөлдөг болчихож...

Монгол уламжлал академийн тэргүүн доктор, профессор Лувсандамбын Дашням. Тэрээр урлаг утга зохиолд ч, улс төр, нийгмийн амьдралд ч үг хэлэх ёс суртахууны эрхтэй, үг нь үйлдэл, туршлагаар баталгаажсан
эрхэм билээ. Социализмын үеэс Монгол Улсын гадаад харилцаа, соён гэгээрлийн салбарт хос морьтой зүтгэж ирсэн энэ эрхмийг “Үндэстний ТОЙМ” сэтгүүл энэ дугаарынхаа “interview” буланд урилаа.

Уран бүтээлийн яриагаар ярилцлагаа эхэлье гэж бодож байна. Та сүүлийн үед хоёр ч тууж, роман хэвлүүлжээ...

“Задлаагүй захидлууд” туужид маань залуу насны амьдрал минь зохих хэмжээгээр шингэсэн. Монголд суугаа залуу хүн гадаадад суугаа сэтгэлт хүндээ захидал бичиж байгаа юм. Би яг өөрийн туулсан шигээ Оросоос нааш нь захидал бичүүлье гэхээр нэг л амьдрал нь хий оргиод болж өгдөггүй. Харин энд суугаа хүн маань бичвэл бичих юм гарах нь. Тэгээд энд суугаа эрэгтэйгээс тэнд суугаа эмэгтэйд захидал бичиж буй суурь зохиомжтой нэг тууж бичээд хэвлүүлчихлээ. Мэдээж тэр үеийн нийгмийн амьдрал, асуудлыг тусгасан. Сурлагатай, сайхан хүүхэд хөдөө үлдээд, дарга нарын хүүхэд хилийн чанадад тансаглаж байдаг явдал элбэг байлаа шүү дээ. Түүнээс эхлээд миний нүдээр үзэж, гараар тэмтэрсэн өнгөрсөн нийгмийн ой санамж 33 захидлын эргүүлгэнд тодорхой дүрслэгдсэн. Архангайд нэг үед төгссөн үеийнхэн маань ч эндээс уншигдана. Үүнээс гадна өвөрмөц, онцгой авьяастай зураач бүсгүйн тухай бас нэг тууж бичсэнээ хэвлүүлээд байна.

Таны “Цөллөг” гэдэг тууж 2000- аад оны хүүрнэл зохиол дунд анхаарал татдаг. Энэ туужаа яагаад бичих болов. Зарим талаараа надад Кобо Абэгийн “Элсний хүүхэн”-ийг санагдуулдаг юм?

“Адмон” тэргүүтэй компаниудаас зарласан өвөрмөц номын уралдаанд шалгарсан тууж юм. Тэр уралдааны зарыг би Д.Батбаяр, Д.Урианхай хоёроос нэлээд хожуу мэдсэн. Сонирхолтой нь тун хурдан бичигдсэн тууж. Бараг ганц л шөнө биччихсэн. Нэрээрээ өгвөл, өнөөх л Д.Батбаяр, Д.Урианхай, Л.Дашням машням л гэнэ биз. Харин огт шинэ хүний нэрээр өгчихвөл жинхэнээсээ уншиж, олзуурхаад, олзуурхсанаасаа болоод манай хоёрын дээгүүр ч хаячихаж магадгүй гэж бодоод сургуулийнхаа нэг багштай яриад нэр дээр нь хураалгачихсан. Тэгтэл яг миний бодсоноор боллоо шүү. Шүүгч нь Ч.Билэгсайхан агсан тэргүүтэй хүмүүс байж. Манай багшийг дуудаж байна гэнэ. Хүрээд очтол, “Чи үүнээс өөр юу бичсэн хүн бэ?” гэх мэтээр шалгаажээ. Хашир улс, ганц юм бичсэн хүний гараас ийм зохиол гарахгүй л гэлцэж байна гэнэ. Манай багш ёстой үгээ хэлж ирлээ. Ахиж намайг дуудвал үнэнээ хэлэхээс аргагүй л гэж байна. Тэгээд хоёр дахь уулзалтаасаа илэрсэн л дээ. Хоёр дахь уулзалтаас өмнө байраа эзлүүлчихсэн, миний тууж шилдэг тавд шалгарч хэвлэгдэхээр болсон байсан.

“Элсний хүүхэн”-ий тухайд бодож үзээгүй юм байна. Тогтож уншаа ч үгүй юм байна. Өвөрмөц зохиол гэхээрээ бид чинь бас нэг их том хүрээнд хардаггүй юм байна лээ шүү. Гаднын өөр зохиолчдыг дууриана уу л гэхээс, өөрсдөө сэтгэвэл сайндаа тэнгэр лүү явуулдаг, тэнгэрээс ирүүлдэг, эсвэл зүүдлүүлдэг, эсвэл үлгэр лүү хольдог ч юм уу нэг иймэрхүү л болчихдог. Хэдийгээр дээр үеэс амьтныг хүнчлээд, уран зохиолын түмэн арга хэрэглээд байдаг хэрнээ түүнийгээ нарийн бодож, утга зохиолын хэлбэр, арга болгож хөгжүүлсэнгүй явж иржээ. Би эхлээд нэлээд задгай бичлэгтэй явъя гэж бодсон юм. Гэтэл бичих явцад өнөөх маань хөгжилгүй яахав. Нар хэвийх үед эхлээд, нар мандаж байхад дуусгасан санагдаж байна. Мэдээж дардас болгох явцад завсарласан л даа. Тухайн үедээ цааш нь үргэлжлүүлж гурван цуврал болгоё гэж бодож байсан ч бичиж завдалгүй явсаар үүдэл санаа нь орхигдож. Гэхдээ газрын амьдрал ямар ч байлаа гэсэн тэнгэрийн хүн тэнгэр лүүгээ л явчихдаг юм гэсэн санааг барья гэж бодож байсан. Ашгүй Хэцүүдэйгээ тэнгэр лүү нь явуулж амарсан. Уралдаан ч дууссан, би ч нэг туужтай болсон.

Ардчилсан хувьсгалын гол ялалт нь 1992 оны “Үндсэн хууль” гэдэг нь гарцаагүй. Гэтэл энэ “Үндсэн хууль” маань өнөөгийн болох бүтэхгүй байгаа бүхний ул суурь гэж яригдах боллоо. Үндсэн хууль батлах үйл явцад идэвхтэй оролцож явсан хүний хувьд Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

Би Үндсэн хуулийг бүх ард түмнээр хэлэлцүүлсэн хүний нэг, боловсруулахад нь оролцсон АИХ-ын орлогч дарга хүн л дээ. Үндсэн хуулиас бодоод хэрэгжүүлээд байгаа юм манайд үнэндээ алга. Үндсэн хуулиа зөв тодорхой ойлгож байгаа хүн ч цөөхөн байна. Зөв хэрэгжүүлж ч чадсангүй. Жинхэнэ сайхан төрийн түшээ бид гаргаж чадсангүй. Өөрийн болоод бүлэглэлийн эрх ашигт нь хууль саад болохоор зөөлрүүлэхийг эрмэлзэж, өөрсдийнхөө чадахгүй, олж харахгүй байгаа зүйлийг Үндсэн хуульд нялзааж ойлгуулаад, сурталчилаад байх болжээ. Үндсэн хуульд нэг их олон юм хуулаад тавьчихсан ч юм биш. Тэр үе бол юманд хашир ханддаг, заавал өөрийн үндэстнийг гэх хандлага их хүчтэй байсан цаг. Гэхдээ Үндсэн хуульд олж хараагүй юм бас бий. Ер нь Үндсэн хууль өөрөө сайн санааны хууль. Яагаад гэвэл төрийн ажлыг яг мундаг төрийн түшээд авч явна гэж бодсон, итгэсэн. Гол нь юуг олж хараагүй вэ гэхээр олон намын тогтолцоонд намын эрх ашиг, хувийн эрх ашгаасаа шалтгаалж өөр өөр тийшээ хараад, төрийн цулам, нягт байдал алдагдана гэдгийг мэдээгүй. Харин нэг оносон юм бол янз бүрийн юмнууд гарч ирээд энэ хуулийг задалчих вий дээ гэсэн үүднээс хатуу цоож тавьсан. Тэрийг нь эд задалж чадахгүй тойрч гүйцгээж л байна одоо бол. Ингээгүй бол хэд ч өөрчлөх байсан юм бүү мэд. Өнөө ярьдаг дордуулсан долоон өөрчлөлт чинь ердөө л байр сууриа бэхжүүлэх тэмүүлэл шүү дээ. Үндсэн хуулиар ард түмэн УИХ дахь төлөөлөлд эрх мэдлээ шилжүүлж, төлөөлөл нь хуулиар дамжуулан төрийн бодлого, хөтөлбөр, төсвийг баталж, үүнийгээ хэрэгжүүлэх Засгийн газрыг нь байгуулж өгөх ёстой. Гэтэл энэ чухал хүмүүс маань мөнгөнөөс хамаагүй холдчихдог юм байгаа биз дээ. Байгуулсан Засгийн газарт нь бүх мөнгөний эрх байгаад байдаг. Тэгэхээр нь Засгийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянана гэсэн нүхээрээ өөрсдийгөө шургуулаад, бүр тэр тогтолцоонд нь өөрөө оролцоно гэж зүтгэсээр долоон өөрчлөлтөө хийж авсан. Ингээд л төрд хоёрдмол статус бий болгож, ажил үүргийн хувиарыг бантагнуулчихаж байгаа юм. Засаг дээр ярьсан ажлаа, УИХ дээр оруулж ирээд хянаж, сайжруулах юм гэнэ. Нэг толгойгоор тэр шүү дээ. Дээр нь Ерөнхийлөгчийн хоригоос эхлээд буруу шийдвэрийг засах боломжийг хуульд тусгасан. Өнөөдрийнх шиг дургүйгээ хүрэхээр хориг тавьчихаад сууж байна гэж хэн санахав дээ. Амьд процесст нь Ерөнхийлөгчийн аппарат оролцоод, хамтраад засаад, залалцаад явдаг бүтээлч соёлтой ажиллана гэж санасан. Сүүлдээ бүр залуучууд УИХ бол төр, Засгийн газар бол төр биш ч гэх шиг инээдтэй юм ярьдаг болж. Энэ бүхэн чинь төрийн нэг ажил үүргийн хувиарыг хэрэгжүүлж буй институциуд л болохоос цулам, нэгдмэл төр байгаа шүү дээ. Гэтэл ажил үүргийг нь холиод хаячихсан. Эрх үүргийг нь тэнцүүлээд, харилцан хяналтыг нь бодолцож хийсэн зохицуулалт нь ажиллахаа больчихсон. Ажиллах ёстой хуулийн механизмыг нь тасалчихсан гэсэн үг л дээ. Нам намаа бодсон ийм нөхцөл үүснэ гэж яаж бодох юм. Төрөө, улсаа бодож ажиллана гэж бодож хуулиа боловсруулж, баталсан юм чинь. Би Засгийн газарт зөндөө л ажил хийж байсан. Том дарга нар ханцуйгаа шамалчихсан референтүүд дээр орж ирээд ажил дунд буцлаад явчихдаг тийм л соёл байлаа шүү дээ. Одоо тийм биш болжээ. Нэг нь сайн юм хийж байвал унагах, саатуулахаа л бодно. Тэгж байж Засгийн эрхийг авна гэж бодох болсон. Сүүлдээ энэ эзэлж авна гэх бодол нь өөрийнх нь жинхэнэ зорилго болоод, өнөөхөө мөнгөөр худалдаж авах, луйвардаж авах зэрэг нь жирийн технологи болоод хувирчихлаа.

Үндсэн хуульд өөрчлөлт хийе гэвэл өнгөрсөн 30 жилд гарсан асуудлуудыг зөв олж харж, засаж залруулах, нэмэлт хийх ёстой юм. Тэрийг нь хийлгэхгүйгээр өмөлж цөмлөөд, жижигхэн юмаар оролдоод байвал дэмий. Одоо энэ хийх гээд байгаа өөрчлөлт ч ялгаагүй дээ. Өөрсдийнхөө байр суурь, эрх ашгийг бэхжүүлсэн л зүйлс. Үүнийгээ юуг гул барьж хийх гээд байна гэхээр, дордуулсан долоон өөрчлөлтийнхөө тавыг болиулж, хоёрыг нь үлдээх, цаана явцуу эрх ашгаа бодсон хоёр гурван юм нэмэх тухай л зүтгүүлж байна.

Төрийн үйл ажиллагааг тодорхой хүмүүс, түшээдийн үйл ажиллагаар бие болгож харж байгаа. Тэр хүмүүс маань биш байгаад байна. Тэр хүмүүс төрийн хүн биш төрийн ажил хийж чадах хүмүүс биш болчихоод байна. Үүнийг солих сонгуулийг ч завшиж байна. Хөрөнгөтнүүд чинь тийм л болчихоод байна. Алберт Горыг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар улаан цайм луйвардсан шиг л...

1990 оны хувьсгалын үед Та 20 настай байсан бол ямар янзтай оролцох байсан бол?

Би Ардчилсан хувьсгалд оролцох л байсан. Яагаад гэвэл тэр үед нийгмийн тогтолцоонд уран бүтээлч хүний хувь эрх чөлөө, өөрөө өөрийгөө илэрхийлэх боломж дандаа хаалттай байдаг байсан. Сүүлд мэдэх нь ээ би чинь нэлээд олон данс нээлгэсэн нөхөр байсан юм билээ шүү. Д.Урианхай бид хоёр лав нэг нэг хавтастай байсан юм билээ. Ер нь хэдэн настай ч байсан тэр нийгмийн өөрчлөлтийг дэмжих л байсан.

1990 оны ардчилсан хувьсгалын тугийг өргөлцсөн дөрвөн хүчний нэг нь “Шинэ дэвшилт” холбоо билээ. Сэхээтний гэх имижээр тухайн үедээ ялгаран гарч ирсэн тус холбооныхон шинэ нийгмийг цоглоон байгуулах, ялангуяа эдийн засгийг либералчилах үйлсэд оройлон оролцож, одоо ч зарим гишүүд нь улс орны нийгэм, соёл, эдийн засгийн бодлогыг тодорхойлон, хэрэгжүүлэхэд өндөр үүрэгтэй оролцсоор буй юм.

Та тухайн үеийн МҮДН-ын лидерүүдийн нэг байсан байх аа?

Би хувьсгалаас өмнө Шинжлэх ухаан, дээд боловсролын хороон дээр өөрийн клубтэй, тэнд жинхэнэ цуурдаг байлаа. Манай тэр клубийнхэн хожим бүх намд хуваагдаж орсон. Нэлээд зоригтойчууд нь Ардчилсан намд, зарим Соцдек рүү, бүр сүүлд нь Үндэсний дэвшил рүү орж, нэг цөм нь болсон. Мэдээллийн төвд надтай цаг байсан залуучууд, Орос хэлний дээдийн багш нар, Элчин сайд болдог Ш.Алтангэрэл тэргүүтэй залуучууд Шинэ дэвшилт хөдөлгөөн рүү орсон. Энэ хөдөлгөөний лидер, анхны дарга Д.Батсүх агсан бид хоёр эртний танил, нэг нутгийн улс. Нэг өдөр Д.Батсүх таараад холбоонд нь над шиг хүмүүс их хэрэгтэй байгаа тухай ятгалаа. Тэгээд л би Ш.Алтангэрэлийг дагуулж очсон хэрэг л дээ. Анхандаа би намд орохгүй, зөвхөн хөдөлгөөнд нь оролцъё гэж ярьж байсан юм. Гэтэл нам байгуулах гэтэл гишүүдийн тоо 801 хүрч өгдөггүй. Толгойтой болгоны нэрийг бичиж байж МҮДН-аа байгуулсан. Намын нэрэнд “Үндэсний” гэдэг үг нэмэхгүй бол орохгүй гэж байж нэмүүлж байлаа. Тэгээд нэг талдаа Да.Ганболд тэргүүтэй эдийн засагчдын жигүүр, нөгөө над тэргүүтэй үндэсний хэл соёлоо сэргээх эрмэлзлэлтэй хүмүүсийн жигүүр гэсэн хоёр жигүүртэй нам байгуулж байлаа. МҮДН хэдэн жилийн дараа Ардчилсан намд нэгдсэн. Үүний дараа Шинэ дэвшилт холбооны хэсэг гишүүд надад санал тавьж, холбооны дүрмийн дагуу намаа сэргээх санал тавьсан. Тэр нь Монголын төлөө нам юм. Энэ нам нэлээд өөрийн гэсэн имижтэй нам байлаа. Хожим нь Иргэний Зориг намтай нийлсэн. Намайг Ерөнхийлөгчид нэр дэвших гэж нийлүүлсэн гэх мэтээр надаас илүү ухаан гаргаж нэг хэсэг бас бичсэн.

Үндсэн хуульд “төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн заалт бий. Энэ заалт таны санаачилгаар орсон гэдэг...

Шашны зохицуулалтын нэг томъёолол ерөөсөө явж өгдөггүй. Тэгээд шинээр томъёолох хэрэгтэй болсон. Яг энэ томъёоллыг Хамба лам Д.Чойжамц хийж ирсэн юм. Үүнийг л оруулчихвал болчихож байгаа юм гэж байж билээ. Төр “өө”, шашин “аа” гэсэн өөриймчлөн хамаатуулсан нөхцөл л чухал байна гэж ярьж байсан санагдана. Би энэ саналыг нь намын бүлгийн дарга нарын хурал дээр авч орж оруулж байсан юм. Тэр үед Үндсэн хуулийг өөрчлөх босгыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд гэсэн хатуу босго санал болгосон. Харин Э.Бат-Үүл арай зөөллөхийг санал болгосон юм. Бид ч тэр саналыг нь зөвшөөрөөд, Э.Бат-Үүл ч энэ шашины заалтыг зөвшөөрөөд АИХ-д оруулсан. Гэтэл манай санал батлагдаад, Э.Бат-Үүлийн санал унаж, Үндсэн хууль өөрчлөх босго хатуу хэвээр батлагдсан түүхтэй.

Сая ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу өрнөсөн улс төрийн процессийг Та юу гэж харж байна?

Би сая болсон үйл явцыг Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл тэр гурав санал л гаргаж байгаа болохоос баталж чадахгүй шүү дээ. УИХ батална. Аль сайхан санал УИХ дээр ороод унахыг тэр гэхэв. Ийм нөхцөл байдал арга буюу үүссэн гэж харж байгаа. Гэхдээ эрх нь УИХ-д хэвээрээ л байгаа шүү дээ. Яг энэ байдлаар Цэц дээр очоод ч нэг их асуудал үүсгэхгүй л болов уу. Ингэснээрээ тэр гурван хүний гарт оччихоод байгаа ч юм биш. Тэр гурван хүн хууль тогтоох эрхээ өөрснөө авбал сая ёстой дарангуйлал үүснэ.

Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагаа улстөржих нь хэрээс хэтэрлээ гэх шүүмжлэл байна. Энэ талаар таны бодол?

Энэ бол ерөөсөө дэндсэн. “Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-ны төлөөлөл 10 гаруй хүн энэ асуудлаар Цэц дээр очсон. “Бид хуулийг тогтоогоод та нараар манаач тавьсан. Гэтэл манаач нь хулгайч нартайгаа нийлж төрөө хулгайл гэж бид үүнийг бий болгоогүй” гэх мэтийн зарчмын шаардлага тавьсан. “Ах нар ойлго л доо, бид ч тэгье гэж бодоогүй. Гол нь бас юу юугүй төрд тогтворгүй байдал үүсгэхгүйг хичээж байгаа” гэх маягийн юм яриад суугаад байна лээ, Д.Одбаяр дарга.

Ер нь, нэг л таслал байхгүйгээс болоод Үндсэн хуулийн Цэц өөрийн үндсэн үүргийн нэгийг огт хэрэгжүүлэхгүй байгаа юм. Өөрөө асуудал үүсгэж, шийдвэрлэх эрхтэй атлаа таслалаас болж зөвхөн өргөдөл өгсөн тохиолдолд асуудлыг хянадаг гэж тайлбарлаад суугаад байдаг.

Танай “Үндсэн хууль тогтоогчдын холбоо” одоо ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

Манай холбооны гишүүдээс хамгийн сүүлд үлдсэн хүн нь төрийн музейд тамгаа давиад л дуусна гэж ярьдаг улс. Ардчилсан Үндсэн хуулиа баталсан 430 гаруй хүнээс тал хувь нь л өдгөө амьд сэрүүн байна. Насны хувьд голцуу миний үеийнхэн байна. Хамгийн залуу нь гэвэл С.Баярцогт.

“Жудагт Монгол” гэдэг хөдөлгөөн гурван жилийн өмнө байгуулж байсан. Тэр хэвлэлийн хурал дээр одоогийн байгаа байдалдаа бодит дүгнэлт өгмөөр байна гэж ярьж байсан...

Одоогийн энэ хонгил ч гэнэ үү, юу ч гэнэв нөхцөл байдлыг л сануулж байсан хэрэг л дээ. Энэ байдлаас гарах гарц нь сонгуулиар зөв төлөөллөө сонгох. Одоогийн энэ электорат гэдэг байгууллага тэр үед “Жудагт Монгол”-ын ярьж байсан санааг л хэлээд байгаа юм. Үүн шиг л сонгуулийн хувьсгал хийхэд ард түмэнд туслах зорилготой хөдөлгөөн байлаа. Гэхдээ энэ ажил дэвших хүн дээрээ очоод хүндэрдэг. Тун аятайхан хүн байлаа гэхэд ихэвчлэн дургүйцдэг. Ах минь зүгээр л багшаа хийгээд, эрдмийн ажлаа хийгээд, бизнесээ эрхлээд байж байя гэх нь олон. Харин нөгөө “бөөн дурууд” нь аль хэдийнэ эрэг шураг болчихсон, хамгийн их дуртайнууд нь цүнх баригч болчихсон шуугиулаад явж байдаг. Ямар механизмаар эрэг шураг нь болчихов гэхээр дандаа л мөнгө байдаг. Баабарын зохион байгуулж байгаа энэ хөдөлгөөн ч бас манай “Жудагт Монгол” шиг хана мөргөх биз дээ гэсэн гутранги өнцөг надад бол байна. Гэхдээ би гарын үсэг зурж, нэгдсэн.

Одоо харин Үндсэн хуулиа тулхтай өөрчилье, тэр өөрчлөлтийг энэ хүмүүсээр хийлгэе, ийм УИХ байгуулъя гээд эртнээс нэр гаргаад, ард түмнээр хэлэлцүүлвэл нэг гарц байж магадгүй.

Зохиолч Л.Дашнямын “Их төөрөг” роман болон гэргий Л.Золзаяагийн “Санаанд үлдсэн сайхан өдрүүд” дуртгалын номын хурим.

Анх Ардчилсан Үндсэн хууль баталж байхад монголчуудын иргэний боловсрол одоогийнхоос хавьгүй муу байсан нь ойлгомжтой биз дээ?

Одоо ч нэг их боловсроод гавьсан юм алга даа. Харин ч жинхэнэ угаагдчихсан, туйлшруулчихсан, хуваачихсан байна. Тэр үед ийм байгаагүй. Зүгээр л нэг цулам нийгэм. Төрийн төлөө зүтгэдэг хүндээ илүү итгэдэг, би чинь хэн билээ, ямар чадамжтай билээ гэдгээ тэнсэж үздэг цаг үе байж. Одоо бол итгэл хүлээлгэхээсээ илүү би ч бас оролцоно, би ч бас эрхтэй, бүр Үндсэн хуулийн эрхтэй гэж ярина шүү. Тэгээд намайг чанга барьж байгаарай, би нэг тэгээд орилоод орхиё гэх маягтай.

“Нийгэм оршин тогтноход их бүтээлч, идэвхтэй оролцдог тийм л хүнийн соён гэгээрсэн хүн гэнэ. Өөрөөр хэлбэл нийгмийн харилцаанд эергээр оролцох чадвартай хүн...” гэж Та нэгэн сэтгүүлд ярьжээ. Энэ бол нэг талаар иргэншлийн талаар яриа ч юм шиг санагдсан...

Ер нь амьдрал гэдэг бол нийгмийн амьдралд оролцож байгаа оролцоо юм л даа. Газар шороогоо, хүн зоноо гэсэн сэтгэл хүн бүхэнд байгаа нийгмийн харилцаа шал өөр байгаа нь нүдэнд дээр харагдаж байна шүү дээ. Хөгжингүй нийгмийн биднээс ялгарч буй гол ялгааг би ингэж л хардаг. Буддизмд хүн болгон өөрийгөө дотроосоо гэгээрүүлвэл миний яриад байгаа нийгмийн оролцогч бий болох юм байна л даа. Би бол гэгээрэх тэр нүсэр ажлаасаа илүү зүгээр л өөрийнхөө чаддаг юмаар оролцоод, хүнд тээргүй өөрийн хувиа зөрүүлээд яваад байвал зөв харилцаа бий болно гэж боддог юм. Гэтэл одоо чинь юунд ч бэлтгэгдээгүй, юу ч чадахгүй байж л дарга болъё гэлцдэг болж. Тэгээд үнэхээр болчихож байна. Тэгээд өнөөх нь чадахгүй, мэдэхгүй болохоор ажил явахгүй. Ажлаа бүтээх гэж яарсан хүн иймэрхүү нөхдийн гарыг цагаа бодоод хүндрүүлчихээр авлига нь үүсчихнэ. Авлига бодит амьдралын хөрс суурьнаас гарч байгаа зүйл шүү. Дуртайдаа ч өгөөд байгаа юм биш. Зүгээр л хэм хэмжээ болчихож.

Монголчуудын үндэстний ижилсэл (national identiy)-гийн талаар сүүлийн үед их ярих болжээ. Таны бодлоор бид ямар нийтлэг чанар дээрээ нэгдэх хэрэгтэй вэ?

Энэ улс үндэстэнд итгэлийг бий болгох хэрэгтэй байна. Бид нар хэнээс ч дутахгүй үндэстэн гэсэн итгэл. Бид зүгээр л омогшил, хий хоосон бахархал гэж нэг юм нэрлэчихээд суугаад байна. Ямар учраас дэлхийг эзэлсэн юм, яагаад чадаж байсан юм, тэр үеийн үнэ цэнэт зүйл нь ч юу байсан юм гэдгийг мэдэж байгаа хүн ховор. Хүнийг хүн дээр нь буулгаад, хүнээ газар шороонд нь эзэн болгоод, эзэн ухааныг бий болгох л хэрэгтэй байна. Бид хэнийг ч дууриахгүй, хэнээс ч гуйх шаардлагагүйгээ ухаарах. Бас чадаж байгаа юмаа мэдэж, бахархах л хэрэгтэй юм даа. Гарт баригдаж нүдэнд харагдаж буй зүйлээрээ бахархах хэрэгтэй юм.

Ер нь бол хууль, эдийн засаг гэхээсээ илүү хүн рүүгээ анхаарал хандуулах цаг болчихлоо. 300 мянган хүн хилийн гадна байна. Эндээ ажиллах хүч хүрэхгүй байхад ажиллах хүч гаргана гэж ярих юм. Жилдээ 500 хүн харийн хүний эхнэр болж байна. Мянган сайхан эр энхийг сахиулагч нэртэй хилийн чанадад явна. 3 сая хүний тал нь хүүхэд байгаа. Үлдсэн нь 1.5 сая. Тэднээс сонгуулийн насны 1.2 сая хүн байгаа гэдэг. Тэднээсээ хасаад байхад л яг юм хийж бүтээж байгаа нь сайндаа 700-800 мянган хүн л болж байна. Тэгтэл ЖДҮ-ийн салбарт 900 мянган хүн ажиллаж байгаа гэж ярьж суугаа түшмэл байна. Ийм юм хийж байж хөгжинө, төдөн хүний хүч хэрэгтэй гэсэн тооцоо лав алга.

Хятадын юм авчирч хэрэглэж байхаар, хятадыг нь өөрийг нь авчраад зарим юмаа хийлгэе гэсэн бодлого явахад л жигтэйхэн жадлан эсэргүүцнэ. Тэднийг авчирч, газар дээрээ ногоогоо тариулаад л, ажлаа хийлгээд л, бүтээмжээ нэмэгдүүлж болно. Тэрийг хэн бүтээсэн нь падгүй шүү дээ. Бидэнд хүн хүч дутмаг юм чинь тэгэхээс өөр яах юм. Бид нар зүгээр л сайн менежер байх ёстой. Арабуудаас суралцмаар байгаа юм. Үнэндээ бидний туулсан түүх, өдий хүрсэн нөхцөл өөрөө ийм юм. Бид түүнийгээ л хүн төрөлхтөнтэй хуваана. Бидний бий болгож байгаа соёл чинь хүн төрөлхтний хүртээл. Арабууд цагаан хувцасаа өмсөөд, гурван эхнэрээ дагуулаад дэлхийгээр зугаалж явахад улсад нь дэвэн дэлхийн хүмүүс шоргоолж шиг ажиллаж байгаа шүү дээ. Нэг том хүлэмж босгоод, тэндээ ажиллах хүч уриад, хүний эрх, ажиллах нөхцөлөөр нь хангаад, цалинг нь өгөөд, хямдхан ажиллах хүчээр эрүүл байгальд ургуулсан бүтээгдэхүүнээ худалдаад, орлогоо зарцуулсан шигээ суух ёстой юм. Уг нь зөв бодлого, зөв амьдралын хэв маяг чинь энэ л дээ. Гэтэл бидэнд ийм холын бодлого байхгүй өнөөдөр нэг юмнаас нэг нь нэг юм цохичих тухай яриад л суугаад байна.

Нөгөө талаар яаж нэг гадагшаа явчих вэ гэж арга хайсан улс л байна. Монголчууд өөрөөсөө өөрийгөө цөлдөг, өөрсдөөсөө өөрсдөө зугатдаг болчихож. Энэ шороонд миний аав ээжийн хөлс цус шингэсэн, энэ бол миний унасан газар, угаасан ус гэсэн үнэмшил бүр алга болж байна. Би энэ талаар зуны сургалт явуулдаг болсоор 10 дахь жилтэйгээ золгож байна. Ихэвчлэн Өвөрмонголчууд ирдэг юм. Тодорхой мэргэжлийн лекцүүд, монгол хүн байх, хүн төрөлхтний соёлт хавтгайд монгол хүний эзлэх орон зайн тухай ярилцаж, зааж сургахыг хичээдэг. Энэ жил долдугаар сарын сүүлээс наймдугаар сарын эхэн хүртэл Төв аймгийн Жаргалантад болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. хүний юмыг үнэгүй авчихыг юун түрүүнд боддог гуйлгачин, хулгайч сэтгэхүйнээсээ л эхлээд салах хэрэгтэй байна

    0 0 Хариу бичих