Оюутолгойн гэрээг шалгасан ажлын хэсэг мэдээллээ ил тод болгоно

Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт өгөх Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажилласан. Уг ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан юм.

Ажлын хэсгийн ахлагч өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Оюутолгойг шалгасан санал дүгнэлт нэгэнт нууцын зэрэглэлтэй биш учраас хэвлэлийнхэнд өнөөдрөөс нээлттэй болгоно. Оюутолгойн гэрээний асуудлыг яаралтай ярилцах ёстой. Гэрээнд эерэг олон зүйл байгаа. Оюутолгой төслийг дагаж дэлхийн томоохон компани Монголд хөрөнгө оруулагчаар орж ирсэн. Ингэснээр татвараар дамжиж тодорхой хэмжээний орлого нэмэгдсэн. Гэхдээ аливаа төсөл, нэн ялангуяа хамтарсан хөрөнгө оруулалтын бизнес харилцан ашигтай байх зарчим дээр тулгуурлах ёстой. Оюутолгойн гэрээ хийсэн цагаас эхлэн харилцан ашигтай байх зарчим алдагдсан байна. Хөрөнгө оруулагчдын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээнд оролцсон Монголын талын гишүүд Засгийн газар болон УИХ-ын тогтоол, чиглэлийг бүрэн баримталж ажиллаагүй, тухайн үед хүчин төгөлдөр байсан хуулийн зарим заалтыг зөрчсөн, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон зэрэг нь төслийн үйл ажиллагааны үр дүнгээс Монголын тал хүртэх үр ашиг, өгөөжийг буулгахад хүргэж байна гэж хардах үндэслэлтэй юм.

Хоёрт, Оюутолгой төслийн  хөрөнгө оруулалтын гэрээ нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд хяналт шинжилгээ үнэлгээ мониторинг хийх, хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай гэдэг дүгнэлтэд хүрсэн.

Гуравт, далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ нь Монгол Улсын хуулийг зөрсөн учраас түүнийг нягталж хүчингүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан. Ямар шалтгаантай гэдгийг маш нарийн дэлгэх  болно. Энэ бол Ажлын хэсгийн албан ёсны дүгнэлт. Үүний дараа Засгийн газар, Рио Тинто компани ширээний ард суух ёстой гэж үзэж байна. Би Оюутолгой төслийг эсэргүүцэгч биш шүү. Ардчилсан зах зээлд оруулсан хамгийн том, түүхэн төсөл. Гэхдээ энэ төсөл хоёр талын хамтарсан ашигтай байх үүднээс хэлэлцэж, ярилцаж өөрчлөх ёстой” гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)