Орон нутгийн замд осол гарч, хүний амь эрсэджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт тэр дундаа зүүн аймгуудын нутгаар нойтон цас их хэмжээгээр орж, замын зорчих хэсэгт цас их хэмжээгээр хунгарлаж, өдөртөө хайлж, шөнөдөө хөлдөж мөстөж халтиргаа гулгаатай байна. Нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн нэгжийн алба хаагчдаас 24 цагийн хөдөлгөөнт болон байнгын хяналт шалгалт зохион байгуулан ажиллаж байна.

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 426 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 282 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 10 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 17-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт хатуу хучилттай замд “IST” маркийн автомашин явган зорчигч 58 настай, эрэгтэй Н-ийг мөргөж  амь насыг нь хохироосон хэрэг дээр шалгалтын ажиллагаа явуулж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Тус албанаас урин дулааны улирал ирж мотоциклийн осол хэрэг ихээр бүртгэгдэж хүний амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа тул түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион явуулж буй “Мотоцикл 2019” арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт мотоциклийн худалдаа, наймаа эрхэлдэг газруудад хамгаалалтын малгайн хамт худалдан борлуулах талаар хамтран ажиллаж, мотоциклд улсын дугаар олгуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Мөн бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ сарын 22-нөөс ирэх зургаадугаар сарын 22-ны өдрийн хүртэл 1 сарын хугацаатай зохион байгуулахаар төлөвлөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)