Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудлыг хэлэлцжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн дүн, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцжээ. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн дүн мэдээг танилцуулсан байна. Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 төсөл арга хэмжээг төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд халаалтын зуух ашигладаг нийслэлийн 40 сургууль, цэцэрлэгээс 18-ыг хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт шилжүүлэх, 18 цэцэрлэгийг цахилгаан бойлер суурилуулан цахилгаанаар хангахаар төлөвлөжээ. Мөн угсармал орон сууц дулаалах батлагдсан зураг төсөв, эрчим хүчний аудит, газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийгдсэн 24 барилгад 2019 оны Улсын төсөвт тусгагдсан 12.7 тэрбум төгрөгөөр дулаан техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх гээд олон ажлыг тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэдгээ Ерөнхий менежер танилцуулсан аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар дулааны сүлжээ” болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн удирдлагуудад дулаан, цахилгааны техникийн нөхцөлийн талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа болон дулаанд холбогдох хүсэлт гаргасан хэчнээн иргэн, аж ахуйн нэгж байгаа талаар тооцоо судалгааг нарийвчлан гаргах, иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг хэрхэн түргэн шуурхай шийдвэрлэн ажиллахыг үүрэг чиглэл болгосон байна.

Хуралдаанаар “Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн дүн, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” нийслэлийн Засаг даргын захирамжийг баталжээ. Захирамжаар, Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын хэрэгжүүлэн ажиллаж, шаардлагатай ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталж, 2019 оны батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжилтэд хяналт тавьж 2019 оны есдүгээр сарын 1-ний өдрийн дотор зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нар болон холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)