Лимбэний битүү амьсгааг өвлүүлэх төсөл нээлтээ хийнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “Монголын лимбэчдийн холбоо” ТББ хамтран “Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь” төслийг 2019-2021 онд ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийн нээлт маргааш буюу тавдугаар сарын 21-ний 11 цаг 30 минутад Монголын Театрын музейд болох юм байна.

2011 онд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвөөр лимбэний битүү амьсгаа бүртгэгдсэн бөгөөд 2012 оны зургадугаар сард манай улс батламжаа хүлээн авсан юм. Лимбэний битүү амьсгаа гэдэг нь лимбэдэж байх үедээ хамраараа амьсгал авч, удаан хугацаагаар тоглох бөгөөд хацрын хөдөлгөөн оролцуулахгүйгээр хэлний уран хөдөлгөөнөөр амьсгаагаа хооронд нь холбодог аж. Хамгийн урт битүү амьсгаа нь найман минут болдог байна. Сонирхолтой нь энэ чадварыг эзэмшсэн хүн энэ дэлхийд тун цөөхөн байдаг бөгөөд монголчуудаас эхтэй энэ чадварыг ийнхүү “Яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалт”-ын бүх шалгуурыг хангасан гэж үзэн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтанд бүртгэж авсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)