Бээжингийн их сургууль робот инженерчлэлийн ангитай болов

БНХАУ-ын Бээжингийн их сургууль хиймэл оюун ухааны салбарын хурдтай хөгжилтэй хөл нийлүүлж, энэ салбарт илүү олон мэргэжилтэн бэлтгэхээр шинээр робот инженерчлэлийн тусгай ангитай болжээ. Тус сургуулийн Робот судалгааны төв, Технологийн сургууль болон Математик, компьютерийн шинжлэх ухааны тэнхимийнхэн хамтран шинэ анги танхимыг байгуулсан байна. Шинэ хичээлийн сургалтад робот төхөөрөмж болон түүний удирдлага, биомиметик бүтцийн дизайн, ухаалаг тооцоолуур ба хүнээр удирдуулдаг компьютер хоорондын харилцан хамаарал зэргийг түлхүү багтаах гэнэ. 
Шинэ ангийн эхний элсэлтэд одоогоор 30-аад оюутан бүртгүүлээд байна. Бээжингийн их сургуулийн Робот судалгааны төвийн эрхлэгч Ван Чининий хэлснээр энэ цаг үеийн технологийн хөгжлийг хиймэл оюун ухаан, робот хоёргүйгээр төсөөлөх аргагүй болсон тул Хятадын эрх баригчид уг салбарт улам илүү анхаарал хандуулах болжээ. Бээжингийн их сургууль ийнхүү энэ чиглэлээр тусгай сургалт явуулдаг Хятадын 35 их, дээд сургуулийн нэг болж байна. Судлаачдын тооцоогоор тус улсын хиймэл оюун ухааны салбарт ойрын жилүүдэд дор хаяж сая гаруй мэргэжилтэн шаардлагатай байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)