Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийг Х.Билэгжаргалын нэрэмжит болголоо

Завхан аймаг дахь СУИС-ийн салбар Хөгжим бүжгийн коллежийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Монгол Улсын төрийн соёрхолт, нэрт хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргалын нэрэмжит болгосон юм.  Зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулжээ. Хүндэтгэлийн ёслолд Завхан аймгийн удирдлагууд болон Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн захирал Г.Ганцэцэг, "Билэгжаргал" сангийн тэргүүн Б.Мөнхманлай, хөгжмийн зохиолч С.Тараа, н.Бадарч, Ц.Жамъян, Яруу сумын Засаг дарга Д.Мөнхтөр, Улиастай сум дахь нутгийн зөвлөлийн дарга Б.Мэндбилэг нар оролцжээ. Энэ үеэр СУИС-ийн Хөгжим бүжгийн коллежийн оюутан суралцагчид хүндэт зочдод өөрсдийн уран бүтээлийн дээжээс хүргэсэн байна. 

Монгол Улсад ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд баруун бүсийн аймгуудын мэргэжлийн урлагийн театр, чуулгуудын уран бүтээлчдийг бэлтгэх зорилгоор Завхан аймагт СУИС-ийн салбар Хөгжим бүжгийн сургууль байгуулагджээ. Өнөөдрийн байдлаар тус сургуульд баруун зургаан аймгийн 200 орчим сурагч, оюутан суралцаж байна. Баруун бүсийн театр чуулгуудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангахын зэрэгцээ сүүлийн жилүүдэд СУИС-ийн сургалтын баримт бичгийг үндэслэн үндэсний язгуур урлаг, багш урлагийн боловсрол хөтөлбөрөөр дээд боловсролын мэргэжилтэн бэлтгэж байгаагаараа онцлог аж.

Монгол Улсын төрийн соёрхолт, нэрт хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргал 1954 онд тухайн үеийн Завхан аймгийн Чандмань-Өлзийт буюу одоогийн Яруу суманд төржээ. 1960-1968 онд дунд сургууль, 1968-1972 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид суралцан төгсөж, 1972-1976 онд нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагаар хөгжмийн зохиомж заалгаж, дараа нь ЗХУ-ын Свердловск хотын Уралын Хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид 1976-1982 онд Б.Гибалинаар, 1982-1984 онд А.Неминскийгээр багшлуулж төгсчээ. 1972-1975 онд Архангай аймгийн Багшийн сургуульд хөгжмийн багш, 1984-1987 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд багш, 1988 оноос Улсын дуурь бүжгийн академик театрт хөгжмийн зохиолч, 1990-1995 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны даргаар 1998-2000 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдаачаар ажиллаж байжээ.

Түүний "Ламбугайн нулимс", "Гэрэл сүүдэр" дуурь,  "Бөртэ чоно" балет, "Ховор хүмүүс" киноны хөгжим, "Атга нөж" жүжгийн хөгжим "Цахилж яваа гөрөөс" киноны дуу, "Миний Монгол", "Сүүтэй цагаан аялгуу" романс, "Зүүдний хайртай нутаг" дуу зэрэг хөгжмийн бүтээлүүд нь Монголын хөгжмийн урлагт хүндтэй байр эзэлдэг юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)