УИХ Дотоод асуудлын байнгын хороотой болно

Х.Нямбаатар тэргүүтэй гишүүд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө  энэ сарын 15-нд  өргөн барьсан. Энэ төсөл бол УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар боловсруулагдан өргөн баригдаж байгаа төсөл юм. Учир нь, УИХ-ын дарга Г.Занданшатар сонгогдоод удаагүй байхдаа буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд захирамж гарган ажлын хэсэг байгуулж төсөл боловсруулах үүрэг өгсөн юм. Улмаар УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс 2018 онд хийсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” судалгаанд суурилан ХБНГУ, ОХУ, БНСУ, Австрали, Франц, Канад, Финланд зэрэг улсын парламентын дэгийг судалж, уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийг өргөн барьсны дараа олон нийтийн сүлжээнд “УИХ-ын гишүүд үг хэлэх болгондоо индэрт гардаг болох нь. Индэрийн донтой хүмүүс юм аа” хэмээн шүүмжилж байлаа. Өөрөөр хэлбэл, уг төслийн харагдах хэлбэрийг л ярьснаас бус дотоод агуулгыг нь ярьсангүй. Уг хуулийн төслийн нэг гол агуулга нь УИХ өөрөө асуудлаа шийдэж байх зарчим ажээ. Тухайлбал, шинээр сонгогдсон УИХ-ын анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч удирдан явуулдаг. Үүнийг болиулж УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон гишүүнээр удирдуулах зохицуулалт оруулжээ. Хэрэв олон удаа сонгогдсон хоёр болон түүнээс дээш гишүүн байвал насаар хамгийн ахмадаар удирдуулах юм байна. Парламентат ёс хөгжсөн улс оронд парламентын анхдугаар хуралдаанаа парламент нь өөрөө зохион байгуулах нийтлэг зохицуулалттай байдаг бөгөөд Ерөнхийлөгч нь парламентын анхдугаар хуралдааныг даргалж зохион байгуулдаг жишиг байдаггүй ажээ.

УИХ дотоод асуудлаа өөрөө шийддэг болно

Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зөвхөн УИХ-ын гишүүд өөрсдөө санаачлахаар хуулийн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Засгийн газар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль санаачлахгүй гэсэн үг. Одоогийн байдлаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Ерөнхийлөгчөөс тав, Засгийн газраас долоон удаа хуулийн төсөл санаачлан өргөн мэдүүлснийг баталжээ. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын даргыг чөлөөлөх зохицуулалттай хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсан. Хэрэв энэ төсөл батлагдсан УИХ-ын дотоод хэрэгт гаднаас хэн нэгэн оролцдоггүй болох нь

Бусад улсын туршлага, хуулийн зохицуулалтаас үзэхэд дэгийн хууль болон парламентын дотоод асуудлаа Дотоод асуудлын байнгын хороо нь хариуцдаг ажээ. Тодруулбал, хуралдааны дэгтэй холбоотой төсөл санаачлах, нэмэлт, өөрчлөлт оруулах талаар дүгнэлт гаргах, өөрчлөлтийн заалт бүрийг хянах, хуралдааны дэгийн заалтаар маргаан гарвал тайлбар хийх, дэг зөрчигдсөн асуудлаар УИХ-ын даргад зөвлөх, хуралдааны дэгийн биелэлтийг хариуцах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг байна. Эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэх Дотоод асуудлын байнгын хороог нэмж байгуулахаар төлөвлөжээ. Гэхдээ энэ нь манай улсын хувьд цоо шинэ зүйл биш юм байна. 1996-1997 оны хооронд Дотоод асуудлын байнгын хороог байгуулж таван сар орчим ажиллуулж байжээ.

УИХ-д шинээр сонгогдсон гишүүд сонгуулийн үр дүнг эсэргүүцэн анхдугаар чуулганд оролцохоос татгалзах тохиолдол гардаг. Тухайлбал, 2008, 2012 оны анхдугаар чуулганыг зарим гишүүн орхиж гарснаар гишүүдийн тангараг өргөх үйл ажиллагаа тасалдаж байлаа. Харин ихэнх улс орнууд парламентын гишүүн тангараг өргөхгүй тохиолдолд мандатаасаа татгалзсан гэж үздэг байна. Тиймээс энэ зохицуулалтыг нутагшуулах нь зүйтэй гэж үзжээ.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгасан байна.

1.УИХ-ын нэгдсэн хуралдаан болон Байнгын, дэд, түр хороодын хуралдааны үндсэн зарчимд УИХ хуралдааныхаа дэгийг өөрөө тогтоож байх зарчмыг нэмж тусгах;

2.Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг УИХ-ын даргыг сонгож дуустал УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон, хэрэв олон удаа сонгогдсон хэд хэдэн гишүүн байвал тэдгээрийн насаар хамгийн ахмад гишүүн удирдаж байх;

3.Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн тангараг өргөөгүй тохиолдолд түүнийг УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзсанд тооцох;

4.Анхдугаар чуулганаар УИХ-ын дарга, дэд даргыг сонгох журмыг УИХ-ын тухай хуулиар зохицуулж байгааг өөрчилж, хуралдааны дэгээр зохицуулах;

5.Шинээр бүрдсэн УИХ хуралдааны дэгээ шинэчлэн тогтоох, эсэх асуудлыг анхны ээлжит чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж байх;

6.Хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах эрхтэй байх, тухайн төслийг чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр хэлэлцэж байх;

7.УИХ-ын дарга хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл болон бусад баримт бичгийг нэгдсэн хуралдаанд мэдээлж, харин УИХ-ын Тамгын газар өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл болон бусад баримт бичгийг өргөн мэдүүлмэгц нь УИХ-ын гишүүдэд тарааж байх;

8.Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг зөвхөн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж байх;

9.Байнгын хороо хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг зүйл, хэсгийн заалт бүрээр хэлэлцэж байх;

10.Төслийг Байнгын хороогоор хэлэлцүүлэхээс өмнө олон нийтээр хэлэлцүүлэх, иргэн, хуулийн этгээдээс тухайн төсөлтэй холбогдуулан УИХ-д хандаж ирүүлсэн саналыг хуралдаанд танилцуулж байх;

11.Байнгын хороо хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх явцад тухайн төсөл, түүний зүйл, заалтаар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн тохиолдолд УИХ-ын Тамгын газар дүгнэлт гаргаж байх;

12.УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх, үг хэлэхдээ индрээс хэлэх;

13.Нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан бол төслийг эцсийн найруулга хийлгэж батлахад бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлж байх;

14.Хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар дүгнэлт гаргах,  хуралдааны дэгийн заалтаар тайлбар хийх, хуралдааны дэг зөрчигдсөн асуудлаар хуралдаан даргалагчид зөвлөх, тухайн асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг хуулиар зохицуулаагүй бол уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэх дэгийг тогтоох санал, дүгнэлт гаргах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх Дотоод асуудлын байнгын хороотой холбогдсон зохицуулалтыг тусгах;

15.Гишүүн хуралдааны дэгийг дагаж мөрдөх, хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон журам, зохицуулалтыг тодорхой болгох, тодорхой хариуцлага хүлээсэн гишүүн тухайн хариуцлагыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах, уг гомдлыг хэлэлцэж шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгахаар боловсруулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)