“Философийн шинэ нэвтэрхий толь”-ийг орчуулах эрх олгожээ

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн ОХУ-ын Москва хотноо ажиллаад иржээ. Энэ үеэр ОХУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэнд ажлын айлчлал хийж, тус хүрээлэнгийн захирал академич А.В.Смирновтой хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Хамтын ажиллагааны хүрээнд  “Философийн нэвтэрхий толь бичиг” бичих, орчуулах ажилд Оросын Философийн хүрээлэн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Мөн  ОХУ-ын Төрийн шагнал хүртсэн “Философийн шинэ нэвтэрхий толь” бичиг дөрвөн боть бүтээлийг Монголын ШУА-ийн Философийн хүрээлэнд орчуулах, ашиглах эрхийг олгосон байна.   

“Мэргэжлийн философичдын хүний нөөцийг бэлтгэхэд Оросын ШУА-ийн Философийн хүрээлэн болон бусад их дээд сургууль,  оросын философичид, эрдэмтэн судлаачид жинтэй хувь нэмэр оруулсан нь ХХ зууны дунд үеэс эхлэн Монголын философи сэтгэлгээний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Цаашид ч энэхүү шинжлэх ухаан, соёл, боловсролын уламжлалт харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байна” гэдгээ Монголын талаас  илэрхийлжээ.   

Харин ОХУ-ын талаас  “Бид Монголын анд нөхөдтэйгээ тогтоосон харилцаагаа маш их хүндэтгэн үнэлдэг. Өнгөрсөн зууны 90-ээд оноос хойш бидний харилцаа, хамтын ажиллагааны хүрээ, эрч хүч саарсан ч гэсэн хараахан тасраагүй байгаа энэ үед сэргээн эрчимжүүлэх асуудлыг тавьж байгаад гүн талархан хүлээн авч байна”  гэжээ. Оросын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, академич А.В.Смирнов  “Үзэл сурталжсан философи хэдийнээ үеэ өнгөрөөж, бид философи бүрийн номлол, үнэт зүйлсийг хүндэтгэн зөвшөөрч, судалж байна. Монголчууд өөрийн ахуй соёлд тулгуурлан, зохицсон гүн ухааны баялаг өвтэй ард түмэн. Та бүхний бүтээлч хөдөлмөрийн дүнд Монголын философи дэлхийн шинжлэх ухааны нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн, бие даасан номлол болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн  уулзалтын үеэр онцолжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Пүрэвсүрэн захиралд баяр хүргэе. Маш чухал ажил.

    0 0 Хариу бичих
  2. Англиэс орчуулж болдоггүй юм уу. Оросуудын энэ хувилбар үзэл суртал нь тодорхой хэижээгээр нэвчсэн л байгаа

    0 0 Хариу бичих
    • Та өөрөө тэр англиасаа унш. Бид орос орчуулганаас нь уншмаар байна.

      0 0