Х.Нямбаатарын санаачилсан төсөл “унаж”, Я.Содбаатарынхыг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөл нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх байнгын хороо, чуулганы дэгт өөрчлөлт оруулах юм. Зургаан зүйлтэй хуулийн төслийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нар санаачилсан билээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхдээ нийт гишүүний олонхын саналаар явах уу, энэ заалт өөрчлөгдөх үү?

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Энэ удаагийн өөрчлөлтөөр илүү нарийвчилж тусгасан. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд 19 гишүүнээс 14 нь заавал оролцох, дөрвөн хэлэлцүүлэгтэй болгосон гэх мэт тусгай шаардлага, дэгийн өөрчлөлтийг оруулж өгсөн. УИХ-ын гишүүдийн оролцоо, хариуцлагыг илүү их нэмэгдүүлж, заалт бүрийг илүү нарийвчилж оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Дэгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ердийн дэгээр явна. Одоогийн өргөн барьсан хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 4/3-аар нэмэлт, өөрчлөлт оруулна гэсэн санааг тусгасан.

Ийнхүү гишүүд асуулт, тодруулга авсны дараа хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учраас хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Төслүүдийг судлах Д.Эрдэнэбат, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Үүний дараа  УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын таван гишүүн өргөн барьсан Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. УИХ өнгөрсөн хугацаанд 140 гаруй удаа Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Чуулганы дэгийн тухай хуульд маш олон удаа өөрчлөлт оруулж байсан. Энэ олон удаа өөрчлөлт оруулж байсан учраас шинэчлэн найруулах цаг болсон” гэх байр суурийг илэрхийлж байсан юм.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэж дууссаны дараа санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Чуулганы хуралдаанаар дэмжих эсэхийг хэлэлцүүлэхээр болж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Тэр цаана сууж байгаа хүүхнийг нэг сайхан бавах юмсан

    0 0 Хариу бичих