Лимбэний битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах төслийн нээлт боллоо

“Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь” төслийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Төслийн нээлтэд зориулж монголчуудын биет бус соёлын үнэт өвийн нэг лимбэдэх урлаг, түүний түүх, үе үеийн авьяаслаг лимбэчид, өв тээгчдийн тухай баримт, мэдээлэл, гэрэл зураг, эд өлгийн зүйл бүхий үзэсгэлэнг нээсэн байна. Энэхүү бэсрэг үзэсгэлэн тавдугаар сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. 

“Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь” төслийн гол зорилго нь ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас 2011 онд бүртгэгдсэн “Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа” өвийг хамгаалахад Монгол улсын Засгийн газар, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Соёлын Өвийн Үндэсний Төв болон бусад холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын гаргасан хүчин чармайлтыг бэхжүүлэх, судалгааны ажлыг эрчимжүүлэх, өвлөн уламжлагчдыг алдаршуулан сурталчлах, залуу хойч үедээ өвлүүлж түгээн дэлгэрүүлэх замаар энэхүү өвийн тогтвортой оршин тогтнох байдлыг хангах явдал ажээ. 
Төслийн хүрээнд өвлөн уламжлагчийг бүртгэн баримтжуулах хээрийн судалгааны ажлыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатар хотод Соёлын өвийн үндэсний төв, Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн консерватори болон Ховд, Завхан, Өмнөговь аймгуудад лимбэний шавь сургалтын танхимуудыг байгуулж сургалтад ашиглах DVD бүхий гарын авлагыг боловсруулан баруун, зүүн, төвийн бүсийн хэмжээнд шавь сургалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)