“The Hu” хамтлаг” анхны тоглолтоо эх орондоо хийнэ

Монголын "Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлаг энэ сарын 23, 24-нд 19:00 цагт White rock центрт тоглолтоо хийхээр болжээ. Тэдний тоглолтод битбокс, хөөмий, исгэрээ болон язгуур урлагийн хөгжмийн зэмсгийг ашиглан Монгол ардын аялгууг орчин үеийн хөгжим рүү хөрвүүлсэн уран бүтээл туурвидаг Ата Боргужин оролцох юм байна.

“ХҮ” гэдэг Хүннү, хүмүүн, хүүхэд, хүү гэсэн монгол үгний гаралтай. Хамтлагийн ахлагчаар хөгжимчин, дуучин Ц.Галбадрах ажилладаг бөгөөд Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн нарын үндэсний хөгжмийн гол дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хамтлагийн продюсераар Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог ажилладаг.

“The Hu” хамтлагийн хувьд “Wolf Totem” дуу нь Биллбордын “Hot Rock Songs” жагсаалтад анх удаа багтаж, дээгүүрт эрэмбэлэгдсэн. Түүнчлэн “Wolf Totem” дууны видео “Фэйсбүүк” сүлжээнд хүчтэй тарсны үр дүнд Биллбордын “Hard Rock Digital Song Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн. Мөн “Yuve Yuve Yu” дуу нь ижил хугацаанд 929 хувийн өсөлт, 3000 ширхэг борлуулалттайгаар энэ жагсаалтын долоодугаар байрт орсон.

“The HU” хамтлагийн “Wolf totem” дуу АНУ-ын ITUNES-д “US TOP” 100 дууны  30 дугаарт, TOP 40  рок  дууны  нэгдүгээр  байрт  эрэмбэлэгдсэн  байна.  Тус хамтлагийн  дуу  Lady Gaga-ийн “Always remember us this way”, “Queen”  хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг  хит дуунуудын урд бичигдэж байсан.  Тэдний “Yuve Yuve Yu” дуу 16 сая , “Wolf Totem”  дуу нь долоон сая  тандалт  авчээ.  Тус хамтлагийн  клип  дороо  хадмал  орчуулгаар үгээ  бичсэн нь  гаднын сонсогчдод тун сайн хүрчээ.

Сонирхуулахад, “The Hu” хамтлаг “Eleven seven music” хэмээх дэлхийн топ-т багтдаг “Music indus­try entertainment”-тай гэрээ хийжээ.Уг компанид пянз, цомгоо бүгдийг нь хэвлүүлэн тэд зарах, борлуулах бүх ажлыг хариуцах гэнэ.

Түүнчлэн тэд энэхүү тоглолтынхоо дараа Европын орнуудаар хийх аялан тоглолтын ажилдаа орно. Тэдний аялан тоглолт ирэх зургаадугаар сарын 6-нд Германы Берлин хотоос эхэлж долоодугаар сарын 6-нд өндөрлөх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)