"Гацаагүй ганц" гацах уу

Саяхан даа, хоёр жил хүрэхтэй үгүйтэйн өмнө манай улсын эрчим хүчний салбарын таван хувийг нар, салхины эрчим хүч эзэлж байлаа. Тэгвэл өдгөө энэ тоо 20 хувьд хүрэх шахжээ. Ихэнх юм гацаанд ордог Монгол Улсад “Гацаагүй ганцыг нэрлэ” гэвэл үүнийг дурдаж болохоор. Гэвч энэ нь эргээд салбарыг бүхэлд нь хаах нөхцөлийг бүрдүүлэв үү. Асуудлын гол нь энэ чуулганаар хэлэлцэх Сэргээгдэх эрчим хүчний хуулийн нэмэлт, өөрчлөлт юм. 

Нэг талаас хуулийн төслийг хувийн хэвшлийнхэнд халтай, хөрөнгө оруулагчдыг хөөсөн, төрийн эрх мэдэл хэтийдсэн заалт оруулсан гэж сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчид үзэж байна. Нөгөө талаас төр эрчим хүчний аюулгүй байдлыг хангах үүднээс хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаагаа учирлаад буй. Харин нийгэмд зөвхөн хэсэг бүлэг хүний эрх ашгийн төлөөх хууль гэдэг байр суурийг ч илэрхийлээд байна.

Хуульд дөрвөн гол өөрчлөлт бий. Нэгдүгээрт, үнэ тарифыг бууруулах, Хоёрдугаарт, “төсөл шалгаруулалт”, гуравдугаарт, “хөрөнгө оруулалтын баталгаа”, дөрөвдүгээрт, зардлыг гаргах эх үүсвэр юм. Одоогоор нэг бүр нь 35 мВт-ын хүчин чадал бүхий салхины гурван станц, таван нарны станц төвийн эрчим хүчний системд нийлүүлж байна. Тэд жилд 270 орчим сая кВт.ц эрчим хүчийг сэргээгдэх эх үүсгүүрээр үйлдвэрлэдэг. Ингэснээр тэдэнд жилд иргэд 65 орчим тэрбум төгрөг төлдөг. Үүнийг та бидний цахилгааны төлбөр дээр “Дэмжих тариф” нэртэйгээр нэмдэг юм. Хамгийн анх 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдаж, 2015 онд өөрчлөлт орсноор сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг иргэдийн цахилгааны төлбөр дээр нэмж авах болсон. Өөрөөр хэлбэл, салхины эрчим хүчний эх үүсгүүрээр үйлдвэрлэж, төвийн эрчим хүчний системд нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08- 0.095 ам.доллар, нарныхыг 0.15-0.18 ам.доллароор худалдаж авахаар түс тас заасан юм. Тэгвэл хуулийн нэмэлт өөрчлөлтөд салхин станцыг “0.08 ам.доллар хүртэл”, нарныхыг “0.12 ам.доллар хүртэл” гэж өөрчилж байгаа юм. Үүнийг дэлхийн жишигтэй нийцүүлж буй хэмээн тайлбарлаж байгаа.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан

Өнөөдөр энэ хуульд өөрчлөлт оруулах хоёр үндсэн шаардлага байгаа. Нэгдүгээрт, эрчим хүчний үнэ тарифтай холбоотой асуудал үүссэн. Хууль баталж байх 2007 оны үед ам.долларын ханш 1200 төгрөг байсан. Гэтэл жил ирэх тусам ам.долларын ханш огцом өсч эхэлсэн. Ханшийн зөрүүнээс болж сэргээгдэх эрчим хүчний үнэ, уламжлалт аргаар үйлдвэрлэсэн эрчим хүчний үнэ хоёрын хооронд үнийн зөрүү гарч эхэлсэн. Арабын нэгдсэн Эмират улсад 1 кВт.ц нарны эрчим хүчний үнэ монгол төгрөгөөр тооцоход 57.3 төгрөг, АНУ-д 64.5 төгрөг, Мексикт 78.8 төгрөг, Германд 193.6 төгрөг, БНХАУ-д 186.4 төгрөг байгаа. Гэтэл Монгол Улсад 358-430 төгрөгийн үнэтэй байна. Хоёрдугаарт, эрчим хүчний аюулгүй найдвартай ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байдал үүссэн. Тиймээс яалт ч үгүй Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиа эргэж харах ёстой.

Өнгөрсөн онд манай улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт 190 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Ингэснээр 95 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай нар болон салхины станцууд баригдсан. Энэ онд Замын-Үүд, Хөшигтийн хөндий орчимд тус бүр 15 мВт, Чойр орчимд 10 мВт, Сүмбэр, Сайншанд салхин паркын систем нэмэгдэхээр хүлээгдэж байгаа юм. Цаашдаа 1300 мВт-ын хүчин чадал бүхий нар салхины тусгай станцын тусгай зөвшөөрөл байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, 712 мВт чадал бүхий 28, салхины 450 мВт-ын чадал бүхий дөрөв, усны 217.4 мВт бүхий гурван аж ахуйн нэгжийн зөвшөөрөл байгаа юм. Үүнийг төрөөс эрчим хүчний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Мөн иргэдийн дэмжих тариф нэмэгдэх эрсдэлтэй гэж үзэж буй. Тиймээс хуулийн хоёр дахь гол өөрчлөлт буюу “сонгон шалгаруулалт” гэх заалтыг оруулж байгаа аж. Харин сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчид үүнийг төр хувийн хэвшлийн эрхэд халдаж байна. Тендер нэрээр төсөл авах арга. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг царцаах зорилготой гэж үзэж байгаа юм.

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны Нарийн бичгийн дарга Э.Мягмардорж 

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр хөгжүүлэгчийг тендерээр ялагчийг тодруулах буюу Аукчионы зах зээлийг нэвтрүүлэхээр. Өөрөөр хэлбэл, хамгийн хямд тарифтай төсөл хөгжүүлэгч ялна гэсэн тайлбарыг хууль санаачлагчид өгч байгаа. Гэвч үүнийгээ ямар дүрэм журмаар явуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Дүрэм нь тодорхойгүй байгаа зүйлийг хуулийн төсөлд оруулсан нь эргэлзээ төрүүлж байна. Мөн танил тал, эрх мэдэлтэй нэгэнд үйлчилдэг болох нөхцөлүүд бүрдэх аюултай. Тэгээд аукционы зах зээлийг ихэвчлэн 1 ГВт-аас дээш чадалтай тендерт ашигладаг. Манайд тэгэх боломж ойрын 10 жилд лав байхгүй. Дээд тал нь 55 МВт-ын чадалтай салхины станц одоо манайд байна.Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр хөгжүүлэгчийг тендерээр ялагчийг тодруулах буюу Аукчионы зах зээлийг нэвтрүүлэхээр. Өөрөөр хэлбэл, хамгийн хямд тарифтай төсөл хөгжүүлэгч ялна гэсэн тайлбарыг хууль санаачлагчид өгч байгаа. Гэвч үүнийгээ ямар дүрэм журмаар явуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Дүрэм нь тодорхойгүй байгаа зүйлийг хуулийн төсөлд оруулсан нь эргэлзээ төрүүлж байна. Мөн танил тал, эрх мэдэлтэй нэгэнд үйлчилдэг болох нөхцөлүүд бүрдэх аюултай. Тэгээд аукционы зах зээлийг ихэвчлэн 1 ГВт-аас дээш чадалтай тендерт ашигладаг. Манайд тэгэх боломж ойрын 10 жилд лав байхгүй. Дээд тал нь 55 МВт-ын чадалтай салхины станц одоо манайд байна.

Гуравдугаарт, “хөрөнгө оруулалтын баталгаа”. Энэ нь 10 мВт-ын хүчин чадалтай станц барих төсөл хэрэгжүүлэх компани 500 мянган ам.долларын барьцаа хөрөнгөтэй байж эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах ёстой болох тухай л юм. Угтаа бол одоогийн зарчмаар хөрөнгө оруулагчид манай улс төрийн нөхцөл байдалд итгэдэггүйн улмаас цахилгаан худалдан авах гэрээ Засгийн газартай байгуулсан төсөл дээр л хэлэлцээрээ эхэлдэг бичигдээгүй хуультай. Гэвч өөрчлөлт орж 500 мянган ам.долларын барьцаа нэхэгдэх нь хөрөнгө оруулагчдыг хөөсөнтэй ижил юм. Иймээс л энэхүү хууль нь сэргээгдэх эрчим хүчний цаашдын төслийг царцаах, зогсоох сонирхол байгаа гэж хардах үндэслэл болоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, уг салбарын хөрөнгө оруулалт хахсан тул ийнхүү хуулийн зохицуулалт хийхээр болсон гэж ойлгож болохоор. Гэтэл нөгөө талдаа манайх Азийн супер сүлжээнд нэгдэж, сэргээгдэх эрчим хүч экспортлох алсын амбийцтай, “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”, Парисын хэлэлцээрт нэгдэж тодорхой үүрэг хүлээгээд буй.

ХЭН ЮУ ХЭЛЭВ

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

Монголд усан цахилгаан станц хамгийн тохиромжтой. Салхин цахилгаан станцын тохиромж нь 50х50 хувьтай байдаг бол нарны цахилгаан станц манай улсын эрчим хүчний салбарын онцлогт тохиромж муутай байна. Учир нь шөнө болохоор нарны цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэлт зогсдог. Үүнийг ОХУ-ын импортын эрчим хүчээр нөхөж байна. Нүүрсний цахилгаан станц байгуулахад гаднын байгууллагын санхүүжилт багассан учир өөрсдийн боломжоо ашиглаад нүүрсний цахилгаан станц барих бодлогыг баримталж байгаа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар төлөвлөгөөтэй хөгжүүлнэ. Өрсөлдөөнийг бий болгосноор төсөл хэрэгжүүлэгчид зардлаа бууруулж, тухайн технологийн зах зээлийн бодит үнэ ханш бүрдэж, үнэ тариф буурах, нар, салхины эрчим хүчний үнэ, тарифт өөрчлөлт орсноор хэрэглэгчийн эрчим хүчний үнэд шингэсэн дэмжих тарифыг нэмэгдүүлэхгүй байх боломж бүрдэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)