Тээврийн цагдаагийн албаны "Нээлттэй хаалганы өдөрлөг" болж байна

-Сүхбаатарын талбайд жолооны үнэмлэхээ хаясан иргэдийн захиалгыг авч байна-

Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян болон "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Нээлттэй өдөрлөгийн үеэр авто тээвэр болон тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх, даатгал, оношилгоо гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг энэ төрлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллүүд оролцож байгаа юм. Тиймээс иргэд эдгээр үйлчилгээг нэг дороос авах боломжтой.

Мөн бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Бяцхан зорчигч” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж буй талаар иргэдэд мэдээлэл өгч байлаа.

Иргэд дүрэм журмаа судлаагүйгээс зөрчил их гаргадаг

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа  Э.Бөхбат “Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд бид бяцхан үрсийнхээ амь насыг хамгаалах талаар томчууд, насанд хүрэгчдэд чиглэл өгөн сургалт явуулж мэдээллээр хангаж байна. Статистик судалгаанаас харахад өнгөрсөн жил зам тээврийн ослын улмаас 550 хүн амь насаа алдсаны 45 нь хүүхэд байсан. Энэ 45 хүүхдийн 38 нь буруу тээвэрлэсний улмаас буюу хамгаалах бүсгүй, тусгай зориулалтын суудалгүйн улмаас амь насаа алдсан байдаг. Улаанбаатар хотод 90 хувь нь хүүхдүүд ганцаараа гарцгүй газраар гардаг. Тиймээс эцэг эхчүүд, томчуудын үүрэг, хариуцлага маш чухал. Ерөнхий боловсролын сургуулиудад багаас нь системтэйгээр замын хөдөлгөөний дүрэмд сургаж эхэлж байгаа. Хүүхдүүд 12 дугаар ангиа төгсөхдөө жолооны үнэмлэхээ аваад төгсөх боломжийг бүрдүүлж байгаа. Иргэдэд сануулахад цагдаагийн байгууллага цагаан дээр хараар бичсэн хуулийн дагуу ажилладаг. Иргэд жилд нэг ордог үзлэгтээ цаг тухайд нь оролгүй цагдаагийн алба хаагч арга хэмжээ авахаар бухимддаг. Иргэд жишээ нь “Яг 4-ний өглөө жилийн ойн дээрээ тээврийн үзлэгтээ орохоор явж байтал цагдаа торголоо” гэдэг. Тиймээс хууль дүрэм дээр бичсэн үг өгүүлбэр бүхэн ямар хэрэгтэй гэдгийг харуулж байгаа. Иргэд дүрэм журмаа судлаагүйгээс зөрчил их гаргадаг. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм бол өөрөө "цусаар бичигдсэн" дүрэм байдаг учраас өдөр тутмын замын хөдөлгөөнд оролцохдоо сахин биелүүлж мэддэг байх ёстой. Бид замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлснээр өөрсдийгөө осол гэмтэл аюулаас хамгаалж эрүүл бүрэн бүтэн гэр бүлээрээ явах бүрэн боломжтой” гэлээ.

Тус арга хэмжээний үеэр Тээврийн цагдаагийн албанаас:

Автомашин, Техник багаж хэрэгслийн үзүүлэн танилцуулга

Автомашин болон мотоцикл сонирхогчдын холбооны парад, жагсаал

Автомашины утаа хэмжигч

Бэлэн бус торгуулийн лавлагаа, түүний талаар мэдээлэл өгөх

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв:

Хаясан, гээсэн жолооны үнэмлэх олгох

Жолооны үнэмлэхний үзэсгэлэн гаргах

Цагдаагийн "Сүлд" чуулгын урлагийн тоглолт

-Зургаадугаар сард багтаан жолооны үнэмлэхийг хэвлэж дуусгана-

ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн цагдаагийн дэд хурандаа Ч.Батболд “Жолооны үнэмлэхтэй холбоотой  асуудлын хүрээнд үнэмлэхээ хаясан болон гэмтээсэн, хугацаа нь дууссан иргэдийн захиалга авах үйлчилгээг энд зохион байгуулж байна. Жолооны эрхээ хасуулсан, зөрчлийн 10 оноо нь дууссан иргэд сургалтын байгууллагад очиж сургалтдаа суун тухайн байгууллага мэдээллээ манай руу хүргэж өгнө. Түүний дагуу оноо болон эрх сэргээх үйл ажиллагаа явагдаж байгаа. Одоогоор 50 орчим мянган иргэний жолооны үнэмлэхний хэвлэн бэлэн болгосон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн түр үнэмлэх хэвлэл үйл ажиллагаанд шилжсэн байсан учраас 2018 оны 10-12 сарын жолооны үнэмлэхүүдийг хэвлээд тараалтад өгсөн. Одоо нэгдүгээр сарын үнэмлэх хэвлэж байгаа. Зургаадугаар сард багтаан бүх хүсэлт гаргасан жолооны үнэмлэхийг хэвлэж дуусгах төлөвлөгөөтэй байгаа” гэв.

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар:

Алба хаагчдын гардан тулааны үзүүлэх тоглолт

Авто тээврийн үндэсний төв:

Тээврийн хэрэгслийн явуулын оношилгоо

Тээврийн хэрэгслийн бүртгэл

Тээврийн хэрэгслийн лавлагаа

Мэргэшсэн жолооны үнэмлэхийн талаар мэдээ мэдээлэл өгөх

Албан журмын даатгагчдын холбоо:

Тээврийн хэрэгслийн даатгал

Жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээ

Нохойн сургалтын төв:

Албаны нохойн үзүүлэх тоглолтыг үзүүлэх юм.

Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр 16.00 цаг хүртэл Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)