Мэргэжлийн боловсрол трэнд болох цаг айсуй

Тооны харьцаа

Манай улс 96 их, дээд сургуультай. Эдгээр сургуульд 160 мянган оюутан суралцдаг. Жил бүр 35 мянга орчим оюутан сургуулиа төгсдөг. Харин мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага улсын хэмжээнд 83 үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд суралцагчдын тоо 35 мянга гаруй. Жил бүр 8-10 мянган залуус мэргэжлийн боловсрол эзэмшин ажил хөдөлмөрийн талбарт гардаг байна.

Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага буюу МСҮТ, политехникийн коллежиудад суралцагчдын тоо их, дээд сургуульд суралцагчдаас 4-5 дахин, төгсөгчдийнх нь тоо 3-4 дахин цөөн. Гэвч төгсөгчдийн ажил эрхлэлтээрээ дээд боловсролын байгууллагуудын өмнө гишгэхэд тун ойрхон байгаа ажээ. Өөрөөр хэлбэл мэргэжлийн боловсрол трэнд болох цаг ойрхон байна.

Дээд боловсролын салбарт 2016-2017 оны хичээлийн жилд суралцаж төгссөн нийт төгсөгчдийн 32.2 хувь нь төгссөн даруйдаа ажлын байртай болсон гэсэн статистик мэдээ байна. Дундажлан үзэхэд их, дээд сургууль төгсөгчдийн 25 хувь нь л шууд ажлын байртай болдог гэсэн судалгаа бий аж. Тэгвэл мэргэжлийн боловсролын салбарт энэ үзүүлэлт харьцангуй өндөр. Төгсөгчид нь шууд 100 хувь ажлын байртай болсон МСҮТ-үүд цөөнгүй. Ер нь мэргэжлийн боловсролын байгууллагад суралцан төгссөн залуусын 80-аас дээш хувь нь ажлын байртай болдог ажээ. Энэ бол хөдөлмөрийн зах зээл дээр их, дээд сургуулийн диплом өвөртөлсөн цагаан гартнууд биш мэргэжлийн боловсрол эзэмшсэн, дадлага туршлага, ур чадвар суусан ажилчдын эрэлт хэрэгцээ их байгаагийнх.

ХНХЯ-наас гаргасан судалгаагаар их дээд сургуулийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт дунджаар 74,4-80,5 хувьтай байгаа ажээ. Хөдөлмөр, нийгэм хамгааллын судалгааны институтийн явуулсан төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаагаар 2016 онд их, дээд сургууль төгсөгчдийн 68.4 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаагийн 69.6 хувь мэргэжлээрээ ажиллаж байжээ. Энэ судалгаанаас хөдөлмөр эрхэлж буй төгсөгчдийн хамгийн ихээр нэрлэсэн ур чадварын дутагдал нь багаар ажиллах, харилцааны ур чадвар, гадаад хэлний мэдлэг, математик сэтгэлгээ, тооцоолон бодох зэрэг чадварууд аж.

МУИС өөрийн төгсөгчдийн ажил эрхлэлтийн талаар судалгаа хийлгэснээс харахад тус сургуулийн 2015 оны төгсөгчдийн 72.8, 2016 оны төгсөгчдийн 73.4, 2017 оны төгсөгчдийн 61.8 нь хөдөлмөр эрхэлж байжээ. Улсын дунджаар их, дээд сургууль төгсөгчдийн ажил эрхлэлт 60 гаруй хувьтай байдаг аж.

Чанарын харьцуулалт

Олон тоо, статистик мэдээллээр уншигч таныг төөрөлдүүлэхээ больё. Товчхондоо бол мэргэжлийн боловсрол сургалтын байгуулага буюу МСҮТ, политехникийн коллеж төгссөн залуус ажил эрхлэх боломж их, дээд сургууль төгсөгчөөс 10 хувиар илүү гэдгийг Хөдөлмөрийн яамны эх сурвалж хэлж байна.

Үүнд юу нөлөөлж байгаа вэ гэвэл мэргэжлийн боловсрол эзэмшсэн залуус шууд ажлын байран дээр гарахад бэлэн байдаг. Энэ нь МСҮТ, политехникийн коллежиуд суралцагчдынхаа ур чадвар, дадлага туршлагад түлхүү анхаарах болсоны сайн үр дүн. 2012 оноос өмнө мэргэжлийн боловсролын байгууллагууд БСШУ-ы яаманд харьяалагддаг байв. Боловсролын байгууллага гэдэг утгаараа ийм харьяалалтай бөгөөд сургалтын хөтөлбөрт нь танхимаар үзэх онолын хичээл түлхүү байжээ. Харин 2012 онд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараахан МСҮТ, политехникийн коллежиудыг Хөдөлмөрийн яамны харьяанд шилжүүлсэн нь бодлогын том өөрчлөлт байв. Учир нь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцаж байгаа залуус төгсөөд ажлын байранд гарна. Тиймээс сургалтаа хөдөлмөрийн зах зээлтэй илүү уялуулах ёстой. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт шаардлагын дагуу сургалтын хөтөлбөр агуулгаа зохиох, тэр дагуу дадлага бэлтгэлээ хийх нь чухал. Энэ бодлогод суурилан мэргэжлийн боловсролын сургалтын агуулга, хөтөлбөрийг 100 хувь гэж үзэх юм бол практик, дадлагын цагийг 70 хувь хүртэл нэмэгдүүлжээ.

Дадлага хийх цаг түлхүү учир суралцагчид нь ирээдүйн ажлын байран дээрээ дадлагаа хийж, ур чадвар эзэмших боломж нээгдсэн байна. Ажил олгогчид ч МСҮТ-үүдэд хандаж дадлагажигч авах сонирхол эрс нэмэгдэж, сайн суралцагчийг төгсөхөөс нь өмнө цалинжуулан ажиллуулах тохиолдол ч цөөнгүй гарах болжээ.

Өмнө нь мэргэжлийн боловсролын хичээлүүд илүү академик байдлаар, бичиг цаасан дээр дүгнэлт голлон явагддаг байсан бол чадамжинд суурилсан өөрөөр хэлбэл илүү ур чадвар дээр суурилсан хэлбэр, агуулгатай болсон байна.  Тухайн суралцагчийн ур чадварыг цаасан дээр гэхээсээ илүү ажлын байранд дээр үнэлдэг болсны үр эхнээсээ гарч МСҮТ-ийн оюутнууд олон улсын ур чадварын тэмцээнд амжилттай оролцоод эхэлжээ. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин ч нэмэгдсэн байна. Тухайлбал, Ражив Гандийн нэрэмжит үйлдвэр урлалын поитехникийн коллеж хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй мэргэжлүүдээр сургаж, чадварлаг мэргэжилтнүүд бэлтгэж гаргадаг. Тиймээс тус сургуулийн төгсөгчдийн ажил эрхлэлт нэлээд өндөр 80 гаруй хувьтай байдаг аж.

Герман, Солонгос, Швейцарь зэрэг үйлдвэрлэл хөгжсөн улс орнуудын хөдөлмөрийн зах зээл дээрих дээд сургууль төгсөгчдөөс илүү мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг төгсөгчдийн эрэлт өндөр байдаг аж. Тэдгээр улсуудад ажилд орсон 100  төгсөгчийн 60-70 хувь нь мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага төгсөгчид байх жишээтэй.  

Төгсөгчдий ажил эрхлэлтээс гадна цалин орлого, үнэлэмжийн хувьд ч гэсэн мэргэжлийн боловсрол эзэмшсэн залууст давуу тал олон. Мэргэжилдээ эзэн болж чадсан л бол тэр ажилтны үнэлэмж өндөр. Илүү сайн орлого олж, сайхан амьдрах боломж нээлттэй.

Засгийн газраас ч энэ чиглэлд түлхүү анхаарч, бодлогоор дэмжиж байсан ажээ. Тухайлбал дөрвөн жилийн өмнө Монголд кузов засварчин бэлтгэх асуудлыг ярьж, тооцоо судалгаа хийж байжээ МСҮТ-үүд кузов засварчний мэргэжил эзэмшүүлдэг болох юм бол ажлын байрны эрэлт асар их бөгөөд энэ зах зээл дээр маш их хэмжээний мөнгө эргэлддэг гэдгийг тухай үеийн судалгаагаар тооцож гаргаж байсан аж. Харамсалтай нь энэ санаачилга тодорхойгүй шалтгаанаар ажил хэрэг болоогүй. Яг үүн шиг зам, барилга, уул уурхайн салбарт хамгийн их эрэлттэй хүнд даацын авто машины жолооч бэлтгэх ангийг Баянчандманы МСҮТ-ийг түшиглэн байгуулах, тэнд 100-140 тоннын даацтай шланзуудыг сургалтынхаа орчин болгож бэлтгэх асуудал ч мөн яригдаж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)