Даниэль Карте: Олон улсын шалгуурт бүрэн тэнцэхүйц уул уурхайн инженер, мэргэжилтнүүдийг бэлтгэх нь бидний зорилго

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) Хүрээлэн буй орчны инженерийн профессор, Судалгаа хариуцсан дэд захирал Даниэль Картетай ярилцлаа.

Монгол, Герман хоёр улсын Засгийн газрын санаачилгаар 2013 онд үүсгэн байгуулагдсан, Төрийн өмчит тус их сургууль олон улсын стандартад нийцсэн, шилдэг туршлагад суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдгээрээ онцлог. Бидний яриа энэ сэдвээр эхэлсэн юм.

МГТИС-ийн сургалтын хөтөлбөр шинэлэг, онцлог гэдгийг сонсч байлаа. Энэ онцлогуудыг танаас эхлээд тодруулъя?

Манай сургуулийн хамгийн гол онцлог нь инженерчлэлийн сургалттай бакалаврын хөтөлбөрүүд. Гол зарчим нь Германы боловсролын чанарын тогтолцоог баримталж хичээлүүдээ явуулдаг. Тухайлбал манай сургуулийн бүх бакалаврын хөтөлбөр Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN (Герман) байгууллагаар олон улсын стандартчлалын программын дагуу таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн. Ингэснээр сургалтын хөтөлбөрүүд маань олон улсын стандартад тэнцэж, төгсөгчид маань дэлхийн аль ч улсад үргэлжлүүлэн сурах, аль ч компанид ажиллах боломжтой болж байгаа юм.

Хоёрдугаарт, манай хөтөлбөрүүд дадлагад суурилснаараа онцлог. Тийм ч учраас оюутнууд сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарахад бүрэн бэлтгэгдсэн байдаг. Аж ахуйн нэгж, компаниуд дээр очиж ажиллахад бэлэн гэсэн үг. Мөн төрийн бус байгууллагуудад зөвлөхөөр ажиллах боломжтой. Дадлагад суурилсан сургалтын энэ онцлогоо баталгаажуулахын тулд оюутнуудаа үйлдвэр, компаниуд дээр дадлага хийлгэдэг. Тэд дадлагынхаа явцад компаниуд дээр “study project” буюу сургалтын төсөл хийдэг. Элсээд удаагүй оюутнууд инженеринг прожект дээр ажилладаг бол төгсөх курсынхэн нь “final study”буюу төгсөлтийн төсөл дээр ажилладаг. Энэ жилийн төгсөлтийн төсөл маань өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн. Манай сургуулийн төгсөх курсын бүх оюутан нийлээд хамтарч ажилласнаараа энэ удаагийн төсөл ихээхэн онцлогтой болсон. Олон төрлийн бакалаврын хөтөлбөрийн оюутнууд хамрагдсан. Тэд өөрсдийн хэрэгтэй сэдвүүдээ хуваарилж аваад нэг том төсөл дээр нэгдэж ажиллаж байгаа нь маш том дадлага болж өгсөн.

Гурав дахь онцлог нь манай оюутнууд маш хариуцлагатай, өөртөө хяналт тавьж шүүмжлэлтэй ханддаг. Бид аливааг бодож тунгаадаг тийм инженерүүдийг бэлтгэхийг хичээдэг. Мөн манай оюутнууд их бүтээлч байдгаас гадна хүнтэй харилцах, өөрийгөө илэрхийлэх өндөр ур чадвартай. Хичээлүүд бүгд англи хэл дээр явагддаг тул олон улсын түвшинд санал бодлоо илэрхийлэх чадварыг суралцах хугацаандаа бүрэн эзэмшдэг. Оюутнууд, төгсөгчид англи хэлээр чөлөөтэй ярьдаг, дээрээс нь герман хэлний ахисан түвшний мэдлэгтэй болдог. Тэгэхээр гадаадын их сургуулиудад сурч байгаатай адилхан гэсэн үг.

Хоёр улсын хамтарсан сургуулийн хувьд гадаад харилцааны олон давуу талууд бий байх?

Манайх олон улсын их сургуулиудтай өндөр түвшинд хамтран ажилладаг. Германд түнш их сургуулиудтай учир оюутнууд маань тэнд нэг семестр суралцах боломжтой. Түүнчлэн бусад сургуулиудад зохиогддог зуны хөтөлбөрүүдэд хамрагддаг. Ингэснээр Герман улсын боловсролын системтэй илүү сайн танилцана.

Одоогоор манай сургууль дээр Герман, АНУ-ын оюутнууд солилцоогоор ирсэн байгаа. Оюутнууд маань тэдэнтэй харилцаж, олон улсын харилцааны талаар мэдлэгтэй болж, туршлага хуримтлуулах сайхан боломж нээгдэж байгаа.

Сургуулийнхаа ажилтнуудын тухай ярихад багш нарынхаа өндөр түвшний мэдлэг, ур чадварыг дурдахгүй байх аргагүй. Ихэнх нь олон улсын нэртэй их сургуулиудад суралцаж, мэргэжил эзэмшсэн. Жишээлбэл, Германы их сургуулиуд, түүнчлэн АНУ, БНСУ, Унгар, Турк, ОХУ Энэтхэг зэрэг олон улсад боловсрол эзэмшсэн багш нар бий. Яг одоо Германаас хоёр профессор урт хугацаагаар ирж хичээл зааж байгаа. Мөн БНСУ-аас профессор багш ирж хичээл зааж байна. Канад, АНУ-аас мэргэжилтнүүд манай сургууль дээр ирж ажилладаг. Тэгэхээр манай оюутнууд Монголдоо суралцаад олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн маш сайн чанартай боловсролыг эзэмших боломжтой.

Их, дээд сургууль бол судалгааны байгууллага. Энэ талаар ашигт малтмал, технологийн их сургууль мэдээж өндөр түвшинд ажилладаг байх гэж бодож байна?

Манай МГТИС боловсрол мэдлэг олгох сургалтаас гадна судалгаа шинжилгээг хоёр дахь том хөтөлбөрөө болгодог. Томоохон компаниудтай хамтарч судалгааны төсөл хэрэгжүүлдэг. “Эрдэнэт” үйлдвэрийн жишээг танд хэлье. Өнгөрсөн долоо хоногт манай “fi­nal study” төслөөр оюутнуудаа“Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллуулсан. Энэ төсөл дээр хэд хэдэн асуудалд анхаарч байгаагийн нэг нь рени гэж маш ховор химийн элементийн судалгаа. Энэ бол молибден, зэс баяжуулалтын үед дайвар бүтээгдэхүүн болж гардаг,маш ховор бөгөөд дэлхийн улс орнуудад тэр бүр олборлодоггүй элемент. Үүнийг онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэхэд ашиглагдаг. Манай оюутнууд ренийг Эрдэнэтийнхэнтэй хамтран олборлох судалгаа хийсэн төсөл нь өнгөрөгч баасан гаригт өндөрлөсөн. Тэрнээс гадна уул уурхайн олборлолтын салбарт гарч байгаа асуудлуудын нэг байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг багасгах чиглэлээр юу хийж болох вэ гэдэг талаар оюутнууд маань дадлага дээр гараад бодитой судалгаа хийж байгаа. Энэ бол оюутнуудын судалгаа. Одоо би эрдэм шинжилгээний судалгааны ажлын жишээ хэлье.

Мөн л “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран хийж байгаа судалгаа л даа. Тус үйлдвэрийн боловсруулалтын дараа чулуулаг хаягдал гардаг. Энэхүү үйлдвэрийн хаягдал молибдений үлдэгдэл агуулдаг. Бид энэ эрдэм шинжилгээний ажлаараауг хог хаягдлыг дахин боловсруулж молибденийг нь бүрэн авч ашиглах боломжийг судалж байгаа.

Танай төгсөгчид хаана хаана ажиллаж байна вэ?

“Оюутолгой” компанид манай төгсөгчдийн ихэнх нь дадлага хийж, бас төгсөөд ажилд ордог. Төгсөгчид маань хичээлийн хөтөлбөрөө дүүргэчихээд ихэнх нь томоохон уул уурхайн компани болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч компаниуд дээр очиж ажилладаг. Ноднин жилийн төгсөгчдийн 92 хувь нь “Оюутолгой” төслийн гэрээт компаниудад болон уул уурхайн том компаниудад ажилтай болсон.

Өнгөрсөн жил би хоёр оюутны бакалаврын ажлыг удирдсан. Би хүрээлэн буй орчны инженер мэргэжилтэй. Манай хоёр төгсөгчийн нэг нь “Премиум групп”, нөгөө нь Австралийн “Монадэлфус Монголиа” корпорацид ажиллаж байгаа. Энэ хоёр компани хоёулаа “Оюутолгой”-н гэрээт компани учир англи хэлний маш өндөр түвшний мэдлэгтэй байж ажилд тэнцдэг. Тэгэхээр манай оюутнуудын хэлний мэдлэгийн түвшин хангалттай өндөр байгаа гэсэн үг.

МГТИС-ийн үйл ажиллагааны нэг чухал чиглэл бол ирээдүйн ажил олгогчидтойгоо байнгын холбоотой байх явдал. Үүний тулд бид компаниудын төлөөллийг сургууль дээрээ урьж Үйлдвэрлэлийн өдөрлөгийг зохион байгуулдаг. Өдөрлөгөөр уул уурхай болон бусад чиглэлийн компаниуд ирж ажлын байрны нөөц боломжийн талаар танилцуулга хийж багш, оюутнуудтай мэдээлэл солилцдог. Түүнээс гадна манай сургууль эдгээр компаниудаас ирээдүйд хэрэгцээтэй байгаа ур чадвар, мэргэжлийн талаар саналаа илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, бид үүгээр дамжуулан сургалтын хөтөлбөрөө сайжруулах тал дээр санал хүсэлт авдаг гэсэн үг.

Танай сургууль энэ жилийн хоёр дахь элсэлтээ ирэх зургадугаар сард авах гэж байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

МГТИС-ийн хувьд ирээдүйн оюутнуудыг хөгжүүлэхийн тулд суурь мэдлэг чухал гэж үздэг. Ялангуяа байгалийн шинжлэх ухаан, тэр дундаа математик, физик, химийн хичээлд сайн байх шаардлагатай. Түүнээс гадна англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх ёстой. Учир нь манай бүх хичээл англи хэлээр явагддаг. Шаардлагатай тохиолдолд, өөрөөр хэлбэл бакалаврын ангид орох түвшинд хараахан хүрээгүй байгаа бол “Basic Engineering Program”буюу Бакалаврын бэлтгэл ангид суралцана.Энэ ангид нэг жил суралцан хэлний чадвараа сайжруулахын зэрэгцээ бусад чиглэлээр мэдлэгээ нэмэгдүүлнэ.

Бакалаврын бэлтгэл сургалтын гол зорилго англи хэлний түвшинг дээшлүүлэх, физик, математик, хими гэх мэт хичээлийг бакалаврын анги хүртэлх буюу олон улсын түвшинд хүргэж бэлтгэхэд чиглэдэг.

Энэ суурь мэдлэг, ур чадвараас гадна технологи, технологийн шийдэл, технологийн нийгмийн болон хүрээлэн буй орчинд нөлөөлөх нөлөөллийн талаар бодож сонирхдог, энэ талаар сонирхолтой байвал давуу тал болно. Ийм сонирхол байгаа бол өөрт нь сайн.

Ирэх зургадугаар сарын 21-нд хоёр дахь удаагийн элсэлтийн шалгалт явагдана. Манай сургууль юуны өмнө элсэгчдийнхээ ЭЕШ-ын дүнг харна. Тэр дундаа математик, физик гэсэн хоёр хичээлийн шалгалтын оноог харна. Энэ оноо 600-650 байх шалгуур тавьсан байгаа. 600-аас дээш оноотой бол бакалаврын бэлтгэл ангид, 650-иас дээш бол шууд бакалаврын ангид элсэх эхний шалгуурыг хангана гэсэн үг. Бид сургууль дээрээ англи хэлний шалгалт л авна.

Өмнө нь бид математик, физик, хими гэх мэт байгалийн шинжлэх ухааны хичээлүүдээр шалгалт авдаг байсан. Бидний анзаарснаар ЭЕШ тухайн сурагчийн мэдлэгийг хангалттай тодорхойлдог юм байна гэж үзээд зөвхөн англи хэлний шалгалт авахаар болсон.

Манай сургууль оюутнууд элсүүлэхдээ олон улсын түвшний буюу олон улсын зах зээл дээр гарах инженерүүдийг бэлтгэж байгаа гэдгээ чухалчилдаг. Тиймээс улсын томоохон их, дээд сургуулиудтай харьцуулахад оюутны тоо цөөн ч, чанар үзүүлэлт маш өндөр. Элсэгчдэдээ өндөр босго тавьдаг маань ч үүнтэй холбоотой.

Сургалтын орчны хувьд танай сургуулийн нэг онцлог гэж болох байх, тийм үү?

Манай сургууль Налайх дүүрэгт байрлалтай кампус их сургууль. Үүгээрээ онцлог. Лаборатори, номын сан, фитнесс танхим бүхий иж бүрэн тоноглогдсон хичээлийн байртай. Мөн дотуур байртай. Дийлэнх оюутнууд маань дотуур байрандаа амьдарч, суралцдаг.

Хотхон сургууль гэдэг үзэл баримтлалын хувьд онцлогтой. Оюутнууд бүгд цуг амьдарна. Энэ нь зөвхөн суралцахаас гадна чөлөөт цагаа хамт өнгөрүүлнэ гэсэн үг. Оюутнуудын олон төрлийн сайн дурын клубууд ажилладаг. Тухайлбал, чөлөөт цагийн клубууд их идэвхтэй. Мөн суралцаж буй чиглэлтэйгээ холбоотой клубуудыг ажиллуулдаг. Жишээ нь роботик клуб, хог хаягдлын менежментийн клуб бий. Энэ клубын оюутнууд МГТИС-иас гарч байгаа хог хаягдлыг хэрхэн боловсруулах вэ гэдэг асуудалд менежмент хийдэг байх жишээтэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)