“Яг түүн шиг” шоу амьдралд маань жаргалтай, том дурсамжуудыг тамгалан үлдээж байгаа

“Боловсрол” телевизээр ням гариг бүрт үзэгчдэд хүрч байгаа “Яг түүн шиг-4” шоуны шинэхэн дугаарын ялагч, дуучин Б.Маралжингоотой ярилцлаа.

“Яг түүн шиг-4” шоуны тав дахь дугаарын ялагч болсонд баяр хүргэе. Өмнөх дугаарт баззер даран хэдийгээр Монголын уран бүтээлч таарсан ч Ардын жүжигчин, дуучин А.Нэргүй гуайн “Алсын газрын зэрэглээ” дууг дуулахад тийм ч амар байгаагүй болов уу?

Би өмнө нь дуурийн дууг чамгүй зовж байж дуулсан. Дуурийн дууг дуулахдаа хоолойгоо өргөн гаргаж дуулж байсан бол ардын дуу, ардын хөгжим гэдэг бол цаанаасаа өгөгдөлтэй, тэрхүү техник нь байдаг хүн л дуулдаг юм шиг санагддаг. Баззераар А.Нэргүй гуайг дуурайх болоход нэг л боломжгүй мэт санагдан үзүүлбэр зогсвол яана аа гэж эмээж байлаа. “Энигма” хамтлаг А.Нэргүй гуайн “Алсын газрын зэрэглээ” дууны ганц бадгийг тухайн үедээ албан ёсоор зөвшөөрөл авалгүйгээр уран бүтээлдээ оруулсан байдаг юм билээ. А.Нэргүй гуайн зөвхөн морин хууртай дуулсан “Алсын газрын зэрэглээ” дууг бүтнээр сонсоход сэтгэлд бууж эхэлсэн. Мөн Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг үзсэн. Монголын урлаг соёл, уран зохиол гээд бүхий л зүйлийн агаараар өв тэгш амьсгалуулсан нэвтрүүлэг байсан учраас сэтгэл санаа гэгэлзэн А.Нэргүй гуайн дууны техникийг бэлдэж эхэлсэн. Би хэзээ ч А.Нэргүй гуайн дууг дуулсан гэж хэлэхгүй. Нэлээд дөхүүлэх гэж хичээсэн. Өөрийнхөө хэмжээнд тухайн дууг дуулж чадах уран бүтээлчид ойлгох хэмжээнд дөхүүлье гэж зорьсон.

Дуучин Б.Маралжингоо энэ шоунд орсноос хойш үзэгчдэд өөрийг тань өөр олон өнцгөөс харах боломжийг бүрдүүлсэн болов уу?

Тэр бол энэ шоунд оролцсон оролцогчдын хувьд хамгийн амин гол, эрхэм зүйл байдаг. Жишээ нь америк дуучин, реппер Childish Gambino ч юм уу, энэ бол нэг талдаа маш гоё, завшаан. Тийм хүний дүрд тэр олон хүнийг багаар ажиллуулан хувирч үзэн өөрөөсөө өөр хүнийг гаргана гэдэг бол гоё агшин. Баялаг амьдралыг илүү сонирхолтой болгож өгсөн.

Бусад оролцогчтой ярилцаж байхад масктай хувиргалт хийсэн үзүүлбэр дээр өөрийгөө толинд хараад таниагүй гэж байсан. Болдог бол тэр масктайгаа өдөржин баймаар санагдаж байсан тухай ярьж байлаа. Өөрийн тань хувьд дүр хувиргалтуудын дараа толинд харахямар байдаг вэ?

Тийм тохиолдлууд байна. Би “Яг түүн шиг” шоуны туршид ихэвчлэн эрэгтэй хүн, хөгшин хүн, эсвэл тэс өөр дуурийн сопран болж байлаа. Харин үзэсгэлэнтэй сайхан бүсгүйн дүрд цөөхөн хувирсан шүү. Өөрийгөө масктай харахаар илүү дүрдээ ороход амар байдаг. Өөрийгөө харан дүрээ дуурайж дуулахаар хүн хуураад байгаа юм шиг мэдрэмж төрдөг бол тухайн дүрдээ хувиран масктайгаа толинд харахад онгод орж огт өөр болдог. Энэ шоуг улам сонирхолтой болгон өөр түвшинд аваачиж байгаа ОХУ-ын нүүр хувиргалтын баг хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье.

Үнэхээр шоуны ард ажилладаг том багийг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Шоуны шүүгчдийн хувьд ч гэсэн энэ удаад шинэ бүрэлдэхүүнтэйгээр үзэгчидтэй уулзсан шүү дээ?

“Яг түүн шиг” шоу амьдралд маань жаргалтай, том дурсамжуудыг тамгалан үлдээж байгаа. Шоуг Г.Ганхүү ахгүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. Шүүгч хүн өөрөө шоундаа оролцож үзээд шүүж байгаа болохоор Г.Ганхүү ахын хэлдгээр “Одоо үүнээс илүү өөрөөр яах вэ дээ”. Тиймээс бүх талаас нь харж байгаа шүүгч бол яалт ч үгүй Г.Ганхүү ах. Түүний шүүлт ерөнхийдөө голыг нь олдог. Нөгөө хоёр шүүгчийн тухайд богино хугацаанд найман оролцогчийн онцлогийг харан дүгнэж хэлнэ гэдэг бол амаргүй ч тэд маш сайн шүүж чадаж байгаа. Жагаа ах олон жил урлагт хүчин зүтгэж байгаа болохоор оролцогчийн бүтээж байгаа дүрийн тухай, тэр бүү хэл энэ жил ямар амжилт хэрхэн үзүүлснийг нь хүртэл мэддэг мундаг шүүгч. Жүжигчин О.Энхтуул эгч сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, эмэгтэй хүн гэхэд шаггүй, оролцогчдын үзүүлэх гэж зорьсон зүйлийг яг л онож харж хэлж чаддаг гээд магтахгүй байхын аргагүй шүүгч нар ажиллаж байгаа.

Энэ удаад шилдгүүд нэгэн тайзнаа чуулан өрсөлдөж байгаа. Тайзны ард өрсөлдөөн хэр явагддаг вэ?

Бүгдээрээ миний таньдаг, мэддэг хүмүүс. Хүмүүс л биднийг өрсөлдүүлдэг. Энэ бол энтертайнмент шоу нэвтрүүлэг учраас тэр нь зөв. Харин тайзны ард бол бидний дунд шал өөр уур амьсгал бий. Бидний хувьд хэн ялалт байгуулсан нь тийм ч чухал биш. Тийм байгаа уур амьсгалыг үзэгчид тэгж өөрчилж байгаа нь ч бидэнд гоё. Манай найм бол ард талд цэцэрлэгийн хүүхдүүд шиг шаагилдан нэг нэгнийхээ хийж байгаа зүйлсээс таашаал авна. Жүжигчин Т.Бархүү ахыг яг хажуу талаас нь дүр дээрээ хэрхэн ажиллаж байгааг харах гоё. Загвар өмсөгч С.Сарнайг хэрхэн хувирч өөрчлөгдөж байгааг дандаа дэргэдээс нь үзнэ гэдэг бол үзэгч дундаа хамгийн азтай үзэгч шүү, би.

Уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

Шинэ уран бүтээлийн ажилдаа орсон. Мундаг хөгжмийн зохиолчтой хамтарсан том хөгжим дээр ажиллаж байгаа. Шинэ, залуу уур амьсгалаа дагасан янз бүрийн л зүйл хийж байгаа. Сүүлийн үед би зөвхөн электроник хөгжим хийдэг, эсвэл поп урсгалаар л дуулна гэхээ больсон. Хөгжмийн элементүүд өөр хоорондоо олон жилийн хугацаанд нэгдээд, хүн хүний түвшин байдлаас шалтгаалан гарч ирдэг, газарчилдаг болсон учраас түүнийг дагаад уран бүтээлээ хийе гэж бодож байгаа. Би жил бүр олон хөгжим хийдэг ч нэг хоёрыг л гаргадаг. Бүгдийг нь дэлгэдэггүй. Тухайн үед хийсэн хөгжмөө эргээд сонсоход сонин байдаг ч юм уу, эсвэл гаргаж амжилгүй дарсаар араас нь өөр хөгжим гардаг. Одоо ч хөгжмүүд дээрээ ажиллаж байгаа ч өөрийнхөө санаанд нийцсэн часхийсэн зүйлсээ гаргаад явна даа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. iim novshiin yum xiigeed yanaa

    0 0 Хариу бичих