Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах вэ?

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан төслөө УИХ-ын даргад өргөн барилаа. Монголчуудын эв нэгдэл, тусгаар тогтнолын баталгаа болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл учраас билигт сайн өдрийг тохиолдуулан УИХ-ын чуулганы хуралдааны танхимд өргөн барьж байгаа юм байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хүлээж авсан УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндсэн хуулийн төслийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар боловсруулсан. Энэ бол зөвхөн хоёр жил ч бус 20 жил яригдсан асуудал. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ард нийт, улс төрийн намууд төрийн бус байгууллагуудаар хэлэлцүүлж байж батлах ёстой. Та бүхэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоорой" гэлээ.

 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихдаа зарим зүйл заалтыг нь хэд хэдэн хувилбараар боловсруулснаа давхар өргөн барьж байгаа юм байна. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хамт өргөн барилаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн барьсан төслийг бүрэн эрхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ

УИХ-ЫН ХАРИУЦЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Нэг. УИХ-ын чуулганы үйл ажиллагааг боловсронгуй болгох:

1.1.УИХ-ын бие даасан, хараат бус байдлыг хангах

25.4.УИХ-ын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар, хуралдааны дэгийг УИХ-ын тогтоолоор тогтооно.

1.2.УИХ хууль тогтоох байнгын буюу тасралтгүй ажиллах байгууллага байх нөхцөл шалгуурыг хангах

27.2.УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. /2000 оны өөрчлөлттэй холбоотой/

1.3.Асуудлыг олонхоор шийдэх ардчиллын зарчмыг хангах

27.6.УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг УИХ-ын нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батална.

УИХ-ын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулна. /2000 оны өөрчлөлттэй холбоотой/

1.4.УИХ-ын гишүүн өөр ажил, албан тушаал хавсрахыг хориглох

29.1.УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. /2000 оны өөрчлөлттэй холбоотой/

Хоёр. УИХ-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох:

22.2.УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж УИХ шийдвэрлэсэн бол УИХ тарна.

22.3.УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс 45 хоногийн дотор, Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн тохиолдолд 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.

22.4.Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш УИХ 10 хоногийн дотор сонгуулийг товлон зарлах бөгөөд сонгуулийг 60 хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ хадгална. /2000 оны өөрчлөлттэй холбоотой/

Гурав. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцлийг сайжруулах зорилгоор УИХ-ын зарим бүрэн эрхийг хязгаарлах:

3.1.УИХ сайд нарыг томилох эрхээсээ татгалзах

25.1.6."Засгийн газрын гишүүд" гэснийг хасах.

3.2.Төсвийн талаарх УИХ-ын бүрэн эрхийг хязгаарлах

25.1.7.төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно;

Дөрөв. УИХ-ын хяналтыг боловсронгуй болгох:

28.3.Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.

28.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа асуудлаар хянан шалгах түр хороо байгуулахгүй. Нэг асуудлаар нэгээс илүү тооны хянан шалгах түр хороо байгуулахыг хориглоно.

28.6.Хянан шалгах түр хороо байгуулах, ажиллах журмыг хуулиар тогтооно.

Тав. УИХ-ын сонгуультай холбоотой заалт:

21.4.УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. УИХ-ын сонгуульд иргэн бие дааж, эсхүл нам нэр дэвшүүлж оролцоно. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

33.1.2/ УИХ-д олонх суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам бусад намтай зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам бусад намтай зөвшилцөн Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол УИХ-д суудал авсан нам бусад намтай зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах; /2000 оны өөрчлөлттэй холбоотой/

ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Нэг. Засгийн газрыг эмхлэн байгуулах:

39.2.Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ.

39.3.Ерөнхий сайд нь УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулна.

Хоёр.Ерөнхий сайдыг огцруулах журам:

43.1.УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно.

43.2.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Гурав.Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэхийг хүсэх:

44.1.Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ.

44.2.УИХ тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.

Дөрөв.Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлах:

39.1.3асгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно. /2000 оны өөрчлөлттэй холбоотой/

Тав.Төрийн албаны зарчмыг тодорхойлох, улс төрийн шалтгаанаар төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох, шатлан дэвших, чадахуйн (мерит) зарчимд суурилсан хариуцлагатай томилгоог бий болгох:

46.4.Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно. Төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна.

Зургаа.Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуурыг өндөрсгөх, бүрэн эрхийн хугацааг нэмэх:

30.2.Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.

33.4.Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.

ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХАРИУЦЛАГА, ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Нэг.Шүүгчийн мэргэшсэн, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, томилгоог ил тод болгох, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгодог болох:

51.1.Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, 21 шүүгчээс бүрдэнэ.

51.5.Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор батламжилна. Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлнэ. Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

51.3.Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно.

51.5.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болно.

Хоёр.Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох:

49.5.Шүүхийн ерөнхий зөвлөлийг дараах журмаар байгуулна:

1/Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнээс бүрдэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана;

2/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг УИХ-ын холбогдох байнгын хороо нэр дэвшүүлэн томилгооны сонсгол хийж, УИХ хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. Тэдгээр нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 10 доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна;

З/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, нэгийг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс тус бүр дундаасаа сонгоно;

4/Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүдийн олонхын саналаар сонгоно.

Гурав.Шүүгчийн хариуцлагын зөвлөл байгуулах:

49.6.Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэр гаргана.

49.7.Шүүгчийн хариуцлагын зөвлөл есөн гишүүнээс бүрдэнэ. Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн гишүүн нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана. Шүүгчийн хариуцлагын зөвлөлийг дараах журмаар байгуулна:

1/Гишүүдийн гурвыг иргэдээс; гурвыг хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан эрдэмтдээс УИХ-ын холбогдох байнгын хороо нэр дэвшүүлэн томилгооны сонсгол хийж, УИХ хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно;

2/Гишүүдийн нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, нэгийг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, нэгийг анхан шатны шүүхийн шүүгчдээс тус бүр дундаасаа сонгоно;

З/Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүдийн олонхын саналаар сонгоно.

49.8.Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Нэг. Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох:

57.1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана. Дархан, Эрдэнэт хот нь хуулиар тусгайлан зохицуулсан эрх зүйн байдал бүхий хот байна.

Хоёр.Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлох:

59.2.Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн нэгж нь сум, дүүргийн ИТХ мөн. Сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд татвар тогтоох, өмчийн эрхтэй байна. Сум, дүүргийн ИТХ төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг иргэд сонгох журмыг хуулиар тогтооно.

59.3.Аймаг, нийслэлийн ИТХ нь сум, дүүргийн ИТХ-аас дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ.

59.4.Баг, хорооны ИНХ нь тухайн нутаг дэвсгэрт хамаарах асуудлаар хуульд заасан болон сум, дүүргийн ИТХ-аас олгосон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргана.

Гурав.Бүх шатны Засаг даргыг томилох, огцруулах журмыг тодорхойлох:

60.2.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн ИТХ-аас нэр дэвшүүлж Ерөнхий сайд; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлж, огцруулна. Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно.

60.3 Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгож, аймаг, нийслэлийн Засаг дарга арван тав хоногийн дотор батламжилна. Сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

60.4.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргыг огцруулах үндэслэл, журмыг хуулиар тогтооно. Сум, дүүргийн ИТХ сум, дүүргийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргасан тохиолдолд бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно.

НАМЫН ЧИГ ҮҮРЭГ, САНХҮҮЖИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧМЫГ ТОДОРХОЙЛОХТОЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ

191.1.Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулна.

191.2.Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн байх бөгөөд хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалтаа нийтэд байнга ил тод байлгах үүрэгтэй. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ХАРААТ БУС, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

65.1.Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ-ын холбогдох байнгын хороо, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор томилгооны сонсгол хийж УИХ нийт гишүүний олонхын саналаар есөн жилийн хугацаатай томилно. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилохыг хориглоно.

65.2.Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арван таваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын 40 хүрсэн иргэнийг томилно.

Хүчин төгөлдөр болох хугацаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 2020 оны 07 дүгээр сарын 01-ний өдрийн 12.00 цагаас эхлэн улс даяар хүчин төгөлдөр болно.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ЗАРИМ САНАЛЫН ХУВИЛБАР

Үндсэн хуулийн 21.4-ийн саналын хувилбарууд

Хувилбар 1:

21.4.УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын сонгуульд иргэн бие дааж, эсхүл нам нэр дэвшүүлж оролцоно. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

Хувилбар 2:

21.4.УИХ-ын сонгуулийг аймаг, дүүрэг тус бүр нэг мандат бүхий тойргуудаар дараах зарчмыг баримтлан явуулна:

1/ сонгогч зөвхөн нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх ба намаас нэр дэвшигчийн төлөө өгсөн саналыг тухайн намд өгсөн саналд тооцно;

2/ тойрог дээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг тус тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно;

3/ нам тус бүрт өгсөн саналыг СЕХ улсын хэмжээнд нэгтгэх ба үлдсэн суудлуудыг дөрвөн хувиас дээш санал авсан намуудад хувь тэнцүүлэх болон хамгийн их үлдэгдлийн зарчмаар, намын жагсаалтын дагуу хуваарилна;

4/ жагсаалтыг хэрхэн гаргах нь тухайн намын эрх боловч жагсаалтын эхнээс дэс дараалсан дөрөвт бүр нэг хүйсийн байж болохгүй.

Хувилбар 3:

21.4.УИХ-ын сонгуулийг олонхыг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах аргыг хослуулан явуулна. УИХ-ын сонгуульд иргэн бие дааж, эсхүл нам нэр дэвшүүлж оролцоно. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

Хувилбар 4:

21.4.УИХ-ын сонгуулийг олонхыг төлөөлөх, хувь тэнцүүлэн хуваарилах болон тэдгээрийг хослуулах аргаас сонгон явуулна. УИХ-ын сонгуульд иргэн бие дааж, эсхүл нам нэр дэвшүүлж оролцоно. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

Хувилбар 5:

21.4.УИХ-ын сонгуулийн журам, тойрог, хувь тэнцүүлсэн төлөөллийг хуулиар тогтооно.

Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн саналын хувилбар 1:

31.1.УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид нэг хүний нэр дэвшүүлэх эрхтэй.

31.2.Ерөнхийлөгчийг аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон УИХ-ын гишүүдийн хамтарсан бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хэлэлцэж, нууц санал хураалтаар сонгоно.

31.3.Олонхын санал авсан нэр дэвшигчийг, хэн нь ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулж, илүү санал авсан нэр дэвшигчийг УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

31.4.Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй. Хэрэв Ерөнхийлөгч өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээсээ чөлөөлөгдөнө.

31.5.Ерөнхийлөгчийн сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ

1 дүгээр зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг баримтална. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг УИХ-аас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана.

2 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор батална.

4 дүгаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид хамаарахгүй.

5 дугаар зүйл. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 12 жил байна.

6 дугаар зүйл. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна.

7 дугаар зүйл. Энэ хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэгэн адил хүчинтэй.

8 дугаар зүйл. Энэ хуулийг 2019 оны ... сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)