Н.Төгсцогт: Миний зорилго бүгдийг нь авах

 -Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдмөөр байна-

Олимпийн наадмын мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны аварга, Гавьяат тамирчин Н.Төгсцогт WBC бүсний аваргын тѳлѳѳх тулаанд оролцох гэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн тамирчин болж, аваргын бүсээ авсны дараа эх орондоо ирж илүү нээлттэй ярилцах болно гэдгээ хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Н.Төгсцогт мэргэжлийн боксын дэвжээнд 11 тулаан хийгээд байгаа. Тэрээр 11 дэх тулаанаараа нэр хүндтэй бүсний эзэн болсон. 12 дахь тулаан дараагийн WBC холбооны бүсний аваргын төлөө Gary Russell-тай тоглохоор зарласан ч Gary Russell энэхүү тоглолтоо хойшлуулж бүсээ дахин хамгаалах тоглолт зарласан.

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга Н.Төгсцогт одоогоор ранкаараа Азид болон дэлхийд нэгдүгээрт байгаа.Тэрээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө. 

-Дараагийн тоглолтын тов хэзээ байсан бэ?

-Надад Focus TV наймдугаар сарын 3-нд гэдэг өдрийг өгсөн. Энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй яримааргүй байна. Би наймдугаар сарын 3-нд тулаантай гэж бодон эх орондоо амрахаар ирсэн. WBC холбоо өдөр товлон өчигдөр манай хүмүүс миний өмнөөс гарын үсэг зурсан. Одоогоор тэд аваргын төлөө тоглооч гээд өдөр товлосон байгаа. Gary Russell энэ тулааны саналыг хүлээж авахгүй бол түүний бүсийг хурааж авахаар байгаа. Тиймээс би өөр хүнтэй бүсний төлөө тулалдана.

-Gary Russell өнгөрсөн тавдугаар сард тулаан хийсэн.Гурван сарын дараа дахин тулаан хийнэ гэхээр бага хугацаа юу?

-Үгүй. Яагаад гэвэл тэр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд маш цөөн тулаан хийсэн. Холбоо ч гэсэн үүнд нь дургүй байгаа. Хэрвээ энэ саналыг хүлээж авахгүй бол түүнийг бүсийг хураах байх.

-Таны бэлтгэл хангагдсан уу?

-Үгүй ээ. Бэлтгэл болоогүй байгаа. Ахиад хийнэ.

- Gary Russell-ыг судалсан уу?

-Түүнийг судалсан. Би өөртөө итгэлтэй байгаа.

-Яагаад тулаанаас зугтаагаад байгаа юм бол?

-Мэдэхгүй. Тэр хувь хүн болон багийн ажиллагаа байх. Би түүний гарыг гэмтэлтэй, өвддөг гэж сонссон. Мэргэжлийн боксын бээлий нимгэн учраас гар гэмтэхэд удаан хугацаанд эдгэдэг. Тиймээс жилд нэг тоглолт хийдэг гэж сонссон. Сүүлийн дөрвөн жилд дөрвөн л тоглолт хийсэн ч хэрвээ одоо тоглохгүй бол бүсийг нь хураана гэдгийг WBC хэлсэн байгаа.

-Хэрвээ энэ тулаан болохгүй бол дараа нь хэнтэй бүсийн төлөө тоглох вэ?

-Би эхлээд Gary Russell-ыг ялах төлөвлөгөөтэй байна. Дараа нь бусад нь болох байх.

-Тэр тулаанаас татгалзан зугтвал WBC холбооны аваргын бүс таных болно гэсэн үг үү?

-Тийм ээ, минийх болно. Би түүний төлөө тоглоно. Хэрвээ тэр татгалзвал би наймдугаар сарын 3-нд аваргын бүсийн төлөө өөр хүнтэй буюу миний доор араас явж байгаа хүмүүстэй тоглож магадгүй.

-Лондонгийн олимпынхон чинь Дэлхийн аварга болон зарим нь бүсээ алдаад буцааж аваад байгаа. Таны хувьд одоогоор 11 тулаан хийн бүсийн төлөө тоглох гэж байгаа нь хугацаа алдаж байгаа бол уу?

-Би 2017 онд шөрмөсөө сунган маш том гэмтэл авсан. Миний хувьд хуучны туршлага ихтэй, оноо өндөртэй тамирчидтай тоглосон. Нимгэн бээлийтэй болохоор гарын гэмтэл хурдан сэдрэн олон тоглолт алдсан. Маш бага тоглосон.

- IBO холбооны аваргын бүсээ хамгаалах тулаан гэж байх уу?

-Байна. Том холбоо учраас бүхий л аваргууд үүний төлөө тоглож байсан.

- WBC холбооны аваргын бүсийг авчихвал IBO холбооны аваргын бүсээ хамт авч явах уу?

-Хамт авч явна. Эхний бүс маань миний хувьд хамгийн хайртай бүс минь байх болно. Холбоод хоорондоо ямар ч асуудалгүй. Хэрвээ тамирчин хүлээн зөвшөөрөх юм бол бүс эзэмшиж байгаа таксаа төлөөд явахад аль ч холбооны бүсийг эзэмшээд явж болно. Миний зорилго бол бүгдийг нь нэгтгэнэ гэж боддог.Сүүлийн жилүүдэд зорьсондоо хүрэхийн төлөө зүтгэн хэвлэл мэдээллээс хол байсан. Миний хүсэж байгаа зүйл бол бүс авах. Би дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдмөөр байна.

-Одоо энэ зорилгынхоо хэдэн хувьд хүрээд байгаа бол?

-Өөрийнхөө хувьд хүрч яваа гэж бодсон. Мэдэхгүй, би бүс авсны дараа монголчуудын байгаа хандлага надад тийм санагдуулаагүй.

-Таны тоглолтуудыг монголчууд их үзэж дэмждэг. Энэ үгнээс харахад та жаахан гомдолтой явдаг юм уу даа гэж бодогдлоо?

-Тамирчин хүний хувьд том, жижиг тоглолт гэсэн зүйл байх ёсгүй. Нэгдүгээрт эрүүл мэнд гээд их эрсдэл гаргаж байгаа тулааны спорт. Би том, жижиг гэсэн зүйлд дургүй. Хэвлэлийнхэн том, жижиг гэж их ярьж ард иргэдэд энэ бүс ийм гэж телевизийнхэн хүртэл буруу мэдээлэл өгч тайлбарласанд би их гайхаж байсан. Яагаад тамирчид ингэж хичээж байхад цензур тавиад байгаа юм бол гэж бодсон.

-Та IBO холбооны аварга боллоо. Одоо аваргын төлөө тоглоно. Энэ бүхэн танд дарамт болж байгаа юу?

-Ямар ч дарамт байхгүй. Зүгээр л бүгдийг нь авна. Үүнийгээ ч батална. Би хүмүүсийг эргэлзээсэй гэж хүсэхгүй байна. Монголчууд манай аварга зөвхөн IBO холбооны аварга гэж эргэлзэхийг хүсэхгүй байна. Бүгдийг нь авчихья. Хүн бүр намайг хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсэж байна. 

-Нэр алдарт гараад дэлхийн аварга болохоор гадаадын улс орнууд өөрсдийнхөө нэр дээр тоглуулах хүсэлтэй байдаг. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Ямар ч тийм зүйл байхгүй, сонирхдоггүй, хэзээ ч тийм зүйл болохгүй. Мэргэжлийн бокст тийм зүйл байхгүй. Би өмнө нь Монголд байхдаа олимпийн спортын шилдэг тамирчдын нэг байсан. Бидэнд тийм санал ирж байгаагүй.Би хэзээ ч тийм санал хүлээж авахгүй.

-Эх орондоо хэзээ эргэж ирэх вэ?

-Миний гэрээ дараа жил дуусна. Гэрээгээ 3-5 жилээр сунгана. Бүх бүсээ аваад нэг мөсөн эх орондоо ирнэ.

-Монголд болон Америкт бэлтгэл хийх юугаараа ялгаатай байдаг вэ?

-Маш их ялгаатай. Америк дэг сургууль гэж байгаа. Ази болон европчууд босоо хөл дээрээ тоглодог. Америкийн мэргэжлийн боксийн дэг сургууль бол дэлхийд алдартай. Би тэдний дэг сургуульд 60-70 хувьтай суралцаж байгаа.

-Мэргэжлийн бокст хүчээ сорих бодол хэзээнээс төрсөн бэ?

-Би хүүхэд байхаасаа хүсэж байсан. Би 17 настай байхаасаа ярилцлагууддаа хэлдэг байсан.Мэргэжлийн боксын аваргад хүч үзэн Лас-Вегаст аварга болон Монгол Улс гэж зарлуулахыг хүсдэг байсан. 5 настай байх үеийн минь мөрөөдөл. Манай хамаатны Цогтсайхан ах мэргэжлийн боксийн тамирчин байсан. Хүмүүс намайг Инчоны Азийн наадмын дараа тэрхүү тоглолтынхоо ялагдлаас болоод мэргэжлийн бокст орсон гэж боддог. Тэр ялагдал бол юу ч биш. Би тэр тамирчныг ялж чадна гэж боддог. Миний сонирхол хэдийнээ тэнд байсан. Хэцүү байсан зүйл нь би энд бэлтгэл хийгээд явж байхад үеийнхэн Америкт мэргэжлийн бокст амжилт гаргаад байсан. Яалт ч үгүй Лондонгийн олимпийн дараа бие энд ч сэтгэл тийшээ явсан учраас мэргэжлийн бокс руу эргэлт буцалтгүй орохоор шийдсэн.

Хувь хүн, тамирчны шар хороороо дараагийн олимпт орон дэлхийн аварга болчхоод мэргэжлийн бокс руу явья гээд үлдсэн ч сошиал, инстаграмаар үеийнхээ олимпийн тамирчдыг хараад тэд мэргэжлийн бокст орон надаас илүү болоод байгаа юм шиг санагдсан учраас сэтгэл шулуудсан.

-Залуу боксчидтой уулзахад зорилгодоо хүрээд мэргэжлийн бокс руу орох сонирхолтой байгаа гэдгээ хэлдэг. Танд монгол боксчдоос энэ тал дээр санал ирдэг үү?

-Ер нь санал тавина. Боломж гарвал бүгдэд нь туслахыг хичээдэг.

-Монголд тулаанаа хийх боломжтой юу?

-Боломжтой. Манай менежер надаас Монголд тулаанаа хийвэл яах вэ, танай монголчууд их үзэж дэмждэг юм байна гэж асууж байсан. Би бүсээ авчихвал болохгүй зүйл байхгүй эх орондоо тулаанаа хийнэ гэж бодож байгаа. Бүсээ аваад хэд хэдэн тоглолт хийн хамгаалаад цаг үе нь таарсан гоё үед Монголд тулаанаа хийхийг хүсэж байгаа.

-Та долоо хоногт хэдэн удаа бэлтгэл хийдэг вэ. Мэргэжлийн боксын дэглэм өөр байдаг байх?

-Долоо хоногт зургаан өдөр бэлтгэлтэй, ням гаригт л амардаг. Өдөрт хоёр удаа 3-4 цагаар бэлтгэл хийнэ. Мэдээж амаргүй.ДАШТ, Олимпийн наадамд явах бэлтгэлээс хүнд шүү дээ. Манай тамирчид мэргэжилд тоглох хүсэлтэй байдаг. Тэдэндээ тусалж, гүүр нь болж чадлынхаа хэрээр туслахыг хүсдэг.

-Хэцүү үе их байсан уу?

-Надад эхний хоёр жил хүнд байсан. Бэлтгэлдээ орох гэж их ядарна. Сүүлдээ бэлтгэлдээ дассан. Одоо бол өөр болсон. Бүх хүнд үеийг даваад гарчихсан байна. Бие болоод биологийн өөрчлөлт гардаг. Жингийн хувьд ч өөр болсон.

-“Алтан Дорнод” компанийн захиралд машин бэлэглэсэн гэсэн мэдээлэл байдаг. Энэ үнэн үү?

-Энэ бол сэтгэлийн бэлэг байсан болохоор энд яриад яах вэ. "Алтан Дорнод" компани намайг АНУ-д байхад маш сайн тусалдаг байсан. Одоо ч тусалдаг. Маш олон хүнд баярласнаа хэлмээр байна. Боксын холбоо болон талийгаач багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Та сүүлийнхээ тулаандаа хар бүстэй гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?

-Би өөрөөсөө дээш 12 үеийг мэддэг. Удам судраараа их бахархдаг. Миний хар сүлдийг 100 хурдан адууны сүүлнээс авч хийсэн. Хар сүлд дайсандаа ялагддаггүй хийморьтой. Би дотроо хүчтэй шүтдэг. Миний хар сүлд амьтай. Өнөөдрийн хурлыг нэгтгэж хийж байгааг минь зөвөөр ойлгоорой. Надад маш олон санал ирсэн. Тиймээс хамтад нь сууж байгаад ярилцъя гэж бодлоо. Та бүхнийг хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Надад баярлалаа гэж хэлмээр байгаа маш олон хүн байгаа. Ингээд ярилцлагаа дуусгая. Удахгүй бүсээ авч ирээд бүгдтэй нь нээлттэй ярилцах болно. Баярлалаа.

Сонирхуулахад, тулааны спортыг дэмжигч “Venum” брэндтэй албан ёсоор нэг жилийн гэрээ хийсэн анхны Монгол тамирчин бол Н.Төгсцогт. Түүний “King Tug” тоглогчийн нэртэй хувцас, бээлийг тоглолтод нь зориулан хийн өөрсдийн албан ёсны дэлгүүр, сайтуудаараа худалдаалж эхэлж байгааг дуулгая.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Gary ig barahuudaa Sain beldeerei Hurdaar chin guizehgui shuu!!

    0 1 Хариу бичих
  2. Их бүлтрэх ч таатайгүй дээ хүү минь

    0 1 Хариу бичих
  3. Монголчуудын байгаа хандлага энэ тэр гэж гомдоллоод байгаа нь сонин байна. Ямар, олимпод өөрийн орныг төлөөлөөд явах гэж байгаа хүүхэд биш дээ. Төгсцогт бол мэрэгжлийн тулаан хийдэг, бүх юм нь хувийн зохицуулалттай, цэвэр ажилжааны ажилбар. Нээх их эх орныхоо нэрийг мандуулна, монголын далбааг хийсгэнэ, төрийн дууллаа эгшиглүүлнэ, ард түмнээ баярлуулна гэсэн дэмий үгс хэрэггүй. Цэвэр ажилжааных. Ард түмэн мэдээж чамайг харж байгаа, дэмжиж байгаа. Гэхдээ тэр бол ёстой хамаагүй. Ажлаа л хийж яваа хувь хүн.

    2 1 Хариу бичих
    • Юун тэнэг үг бичдийн

      0 0